Сурагчид теле хичээлээ хэрхэн хийж байна вэ?
Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор манай улс ЕБС-ын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзан үйл ажиллагааг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор БСШУЯ-аас хичээлийн хөтөлбөрт тохирсон агуулгаар цахим болон теле хичээлүүд өргөн нэвтрүүлгийн 13 сувгаар хүргэж байгаа юм. БСШУЯ-аас мэдээлс­нээр улсын хэмжээнд нийт 640 мянга гаруй сурагч теле хичээлийг хүлээн авч, сурч байгаа аж. 

Тэгвэл сурагчид цахим хичээлдээ хэрхэн хамрагдаж буй талаар сурвалжиллаа.




ЗУРАГТААР ХУРДАН ЗААХААР ЖААХАН ТОЛГОЙ  ЭРГЭЭД БАЙГАА
 
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 2а ангийн сурагч Г.Бүрэнбаяр: Теле хичээлээ С1 сувгаар өдөр 12цаг 30 минутаас, давталтыг нь 16 цаг 30 минутаас үздэг. Зурагтаар хурдан заадаг болохоор ойлгохгүй толгой эргээд байдаг. Дараа нь зогсоож, нөхөж үздэг. Нэг цаг болдог байх аа. Зурагтын хичээлийг дараа нь ухраагаад зогсоогоод үздэг болохоор амар байдаг. Харин анги дээр байдгаас хэцүү нь  гэвэл багшаас шууд юм асууж болдоггүй.
 

ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН САЙН ТАЛ НЬ ӨДӨРТ БАГА ХИЧЭЭЛ ОРДОГ



Нийслэлийн 67 дугаар сургуулийн 4а ангийн сурагч М.Төгсбэлэг: UBS телевизээр 11 цагаас хичээл маань гардаг. Өдөр өдрөөр өөр хичээл ордог. Зарим өдөр 40 минутад гурван хичээл гардаг.  Теле хичээлийн сайн тал нь гэвэл өдөрт бага хичээл ордог. Харин муу тал нь гэвэл маш хурдан. Багштайгаа шууд харьцаж асуухыг хүссэн зүйлээ асуух боломжгүй нь хэцүү байдаг. Хичээлээ ухрааж үзэхгүйгээр бичиж тэмдэглэж амждаггүй. Ухрааж байгаад л хичээлээ хийдэг.
 
 
​ТУХАЙН ӨДРИЙН БҮХ ХИЧЭЭЛ, ДААЛГАВРУУДАА БАГШДАА ЦАГ АЛДАЛГҮЙ ИЛГЭЭЖ БАЙГАА 


 
Шинэ Монгол сургуулийн 6-4 ангийн сурагч Б.Эмүүжин: Миний хувьд долоо хоногийнхоо хичээлийн хуваариа өдөр өдрөөр нь тэмдэглэн авдаг. Сургуулийн онлайн хичээл, ТВ хичээл тус тусад нь тэмдэглэдэг.

 Хамгийн эхлээд тухайн өдрийн онлайн хичээлүүдээ, дараа нь ТВ хичээлүүдээ үзэж тэмдэглэл хөтлөөд, өгөгдсөн даалгавруудыг хийж гүйцэтгэж байгаа. Ингэхдээ хамгийн гол нь өдөр өдрийнхөө хичээлийн тэмдэглэл, даалгавруудыг тухайн өдрөө заавал хийж дуусгах зорилт тавьж байна. Аль болох маргааш гэж хойш тавихгүй. Миний хувьд жижиг дүүтэй (эрэгтэй, сахилгагүй ) хичээл хийлгэхгүй жаахан саад болдог тул өөрийн өрөөндөө байнга түгжиж тусгаарлагдан хичээлээ амжуулж байна. Гэхдээ дүүдээ хайртай хэвээрээ .
 
Миний туршлага:


- Тухайн өдрийн бүх хичээл, даалгавруудаа багшид цаг алдалгүй илгээнэ.
-Илгээсэн хичээл бүрээ хуваарь дээрээ өнгөөр тэмдэглэн хасалт хийдэг.
Сүүлийн үед РС дээр файл хөтөлж сурах сонирхолтой байгаа тул ангийн найз Шижирийн туршлагаас суралцаад өөрөө бие даан Excel дээр хөтөлж эхлээд байна.


ГЭР ХОРООЛЛЫН ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛЭЭ НӨХӨЖ ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ
 
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50дугаар сургуулийн 11-р ангийн сурагч С.Марал: “Eagle” телевизээр 11 дүгээр ангийн хичээлээ хүлээн авдаг. Хичээл гарах цагууд нь өөр өөр байдаг. Хичээлүүдийн телевизээр гардаг минут нь мөн л өөр өөр байдаг туслах хичээлүүд нь буюу иргэний боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир 5-10 минут гардаг харин үндсэн хичээлүүд нь 25-30 минут гардаг.

Би бол хичээлээ телевизээрээ үзээд байж чаддаг. Харин дүү нарыгаа харахад теле хичээл нь хэтэрхий хурдан гарч өнгөрдөг бичиж авч чадахгүй өнгөрдөг, гэр хороололд байгаа зарим хүүхдүүд нөхөж үзэж чаддаггүй гэх мэт олон асуудал тулгардаг. Яг сургууль дээрээ очоод хийдэгтэй харьцуулахад теле хичээл харьцангуй өгөөж муутай байгаа. Мэдээж хөл хорионы үед хичээлээ ингээд үзэж байгаа нь бас зарим талаараа авууштай.
 
 
 А.Мягмарсүрэн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus