Хөл хорионы хугацааг сунгаж, зээлийн үндсэн өр, зээлийн хүүг төлөх хугацааг 90 хоногоор хойшлууллаа

Монгол Улсад коронавирусийн халдварын 5 тохиолдол шинээр илэрлээ

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагийн байдлаар тус өвчнөөр 9869 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 240491-д хүрсэн бол 87943 хүн эдгэрчээ. Дэлхийн 173 улсад халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Манайд илэрсэн 4 тохиодол бүгд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн  бөгөөд  ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлан шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.  МУЗГ, УОК шуурхай хуралдаж эмнэлгийн тусламж үйчилгээний чадавхийг дээшлүүлэн бүрэн бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Улсын хэмжээнд 174.0 мянган мал хорогдсон байна

Том малын зүй бус хорогдол 2020 оны эхний 2 сард улсын хэмжээнд 174.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 8.1 мянгаар нэмэгдсэн байна. Харин 2020 оны 2 дугаар сард 125.3 мянган толгой мал хорогдсон нь эхний 2 сард хорогдсон малын 72.0 хувийг эзэлж байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 80.1 мянга, ямаа 71.1 мянга, үхэр 13.9 мянга, адуу 8.8 мянгаар, тэмээ 81 толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 40.9 хувийг ямаа, 46.0 хувийг хонь эзэлж байна.

Зээлийн үндсэн өр, зээлийн хүүг төлөх хугацааг 90 хоногоор хойшлууллаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдааныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж,  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-эрдэнэ болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцож коронавирусийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Хэрэглээний зээл авсан ААН, иргэн, бизнесийнхэн банкуудад зээлийн асуудлаар хандсан. Нийт 1000 гаруй аж ахуйн нэгжийн 1-1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсныг манайд танилцуулсан. Covid-19-ын халдвар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр зарлагдсан. Энэ хугацаанаас хойш зээл төлөхөд хүндрэл гарч, зээл төлөгдөх боломжгүй болсон гэж үзэж байгаа учраас энэ үеэс судалгааг хийж байна.

Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл авсан байдаг. Иймээс 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн зээл, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү нь бодогдохгүй байхаар хөнгөлөх боломжтой гэж үзсэн. Мөн хэрэглээний зээл дээр ангилал буурах эрсдэл байдаг үүнийг зохицуулсан учир энэ хугацаанд ямар нэг ангилалд бичигдэж хар жагсаалтад орохгүй гэв.

 

Бүх шатны боловсролын байгууллагуудын хөл хориог 2020 оны 04 дүгээр сарын 30 хүртэл сунгав

Бүх шатны бололвсролын байгууллагуудын хөл хорионы дэглэмийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Мөн Улс хоорондын нислэг, хилийн боомтуудын зорчих урсгал, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг ижил хугацаагаар сунгахаар болов. Улс хоорондын ачаа тэээврийг халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор цагдаагийн байнгын хамгаалалттай  хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ:

Хичээл 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагаас эхэлж, түүнээс хойш даваагаас бямба гарагт хичээллэнэ.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийг 2020 оны зургадугаар сарын 6-ны бямба гарагийг дуустал, дунд, ахлах ангийн зургадугаар сарын 13-ны бямба гарагийг дуустал хичээллүүлнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг УИХ-ын сонгуулийн дараа буюу долдугаар сарын 2-5-нд авч, их, дээд сургуулийн элсэлтийг мөн сарын 7-8-нд зохион байгуулна.

Энэ хичээлийн жилийн сурагчдын амралт хугацаандаа буюу зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын амралтын 48 хоногт өөрчлөлт орохгүй, зургадугаар сарын 15-ны даваа гарагаас наймдугаар сарын 24-ний даваа гараг хүртэл үргэлжилнэ.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ:

Их, дээд сургуулиудын хичээлийг зургадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлж, 2020-2021 оны хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны өдөр эхлүүлнэ.

СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЛБАРТ:

2020 оны эхний хагас жилд болох байсан соёл, урлаг, биеийн тамир спортын нэгдсэн арга хэмжээ, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг бүрэн зогсоосон. Зөвхөн олимпийн наадамд бэлтгэх Улсын шигшээ багийн дөрвөн төрлийн тамирчдын бэлтгэл, сургуулилалтыг онцгой горимтой орчин нөхцөлд хийлгэнэ. Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн сургалт, арга хэмжээ зохион байгуулахгүй, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үргэлжлүүлнэ.

Х.Баттулга: Аюулт өвчин бол албан тушаал, ямба, эрх мэдлийг ялгахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд Та бүхэнд хандан дараах уриалгыг гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад:

"Монголчууд аа, ард иргэд ээ!

Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ.

Титэмт вирусний халдвар монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх бус илүү хариуцлагатай, сахилга баттай, ухамсартай байж эмч мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх, халдвар тархах нөхцөлийг хязгаарлах замаар л аюулыг сөрж, давж гарна.

Хүнс болон шатахууны хангалт сайн байгаа, хомсдол үүсэх нөхцөл үүсээгүй тул цуурхал, хов ярианд автахгүйгээр албан ёсны мэдээлэл, албаны эх сурвалжийн түгээж буй мэдээ баримтад л итгэхийг онцгойлон уриалах байна.
Монголчууд бид эртнээс цар тахлын үед халдвар тархах бүх нөхцөлийг хумих аргаар буюу хөл хорих, ариун цэврийн дэглэмийг чанд сахих зэргээр тэмцэж, давж ирсэн уламжлалтай. Та бүхнийг өвгөдөөс уламжилсан дэг журмын дагуу тайван амгалан байж, нийтээрээ хичээн дэг журмаа сахихыг дахин уриалъя.

Хөл хорио, тусгаарлалтад байгаа иргэд эмч, сувилагч, онцгой байдлын ажилтнуудын шаардлагыг чанд биелүүлж, хорио цээрийн дэглэмийг хариуцлагатайгаар сахихыг уриалж, бас шаардаж байна.

Аюулт өвчин бол албан тушаал, ямба, эрх мэдлийг ялгахгүй. Нийт ард түмний эрүүл амьдралын тусын тулд хүн бүр сахилга баттай, хариуцлагатай байж, халдварыг тархаахгүй байх цаг иржээ. Энэ бол монгол хүн бүр бусдынхаа өмнө хүлээх хатуу үүрэг юм. Мөн ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье.

Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна. Та бүхэн чадна.

Нийтээрээ хичээгээрэй!!!" гэжээ.
 

Бусдад түгээх
  • gplus