Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-1

Монгол Улс хөгжихийн хэрээр баялгаас хэт хараат болж байна. Энэ үнэн. Үүнийг 21 аймаг, 360 сумын захын малчин хэлнэ. Харин дарга, түшмэлүүд нь нууж, улаан цээжээрээ хамгаалж хаацайлдаг. Хил хязгаар нутгийн асуудал  бол олны анхааралд тэр  бүр   өртдөггүй. Уул уурхайнхан  ч  үүнд нь  эрэмшдэг  байх. Авлигад амташсан  зарим аймаг, сумын дарга нар ч байдаг  биз.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 50 хувь нь ашигт малтмалын лиценз нэрээр гадны мэдэлд орсон. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын баталгаа, аюулгүй байдал алдагдсан. Эх оронч үзэлтнүүд, иргэний хөдөлгөөнийхөн, төрийн бус байгууллагынхан өчнөөн жил ярьж, шаардсан. Идэвхтэй эсэргүүцэж тэмцсэн заримыг  барьж  хорих,  айлгах замаар эрх баригчид санаснаа гүйцэлдүүлж ирсэн. Иймээс байдал даамжирч төрийн тахилгат уул, овоогоо дайруулан  ашигт малтмалын зөвшөөрөл олгодог болчихсон.

Байтлаа Алтан-Овоог газартай тэгшлэх зөвшөөрөл хүртэл олгосон байх вэ дээ.

Уул уурхай, уламжлалт мал аж ахуй  хоёр зэрэгцэн орших нь угаасаа боломжгүй юм. Нүүдэлчин удмын  малчин монголчууд өнөөдөр ч уламжлалт мал  аж ахуйгаа эрхэлж амьдралаа залгуулж байгаа. Уугуул нутагт нь хариуцлагагүй, хяналтгүй уул уурхайнхан дураар аашилж, усны нөөц хомсдлоо, бэлчээрийг доройтууллаа.

Нутгийн иргэдийн өв соёл,уламжлалд аюул занал учрууллаа хэмээн хэчнээн гомдол мэдүүлдэг ч “Дээшээ тэнгэр хол” гэгч л болсоор иржээ.

“Зууны мэдээ” сонин  энэ дугаараас эхлэн “Төрийн тахилгатай ууланд олгосон лицензүүд” гэсэн сэдэв хөндөж байгаа юм. Энэ удаа бид Сүхбаатар аймгийн тахилгат уул, овоонд олгосон ашигт малтмалын зөвшөөрлүүдийг онцоллоо. Тус нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар манай сонин “Жанжны нутаг сүйрлийн ирмэгт”, “Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт” гэсэн газар дээрээс нь хийсэн эрэн  сурвалжлага, асуудал хөндсөн нийтлэл, иргэд, малчдын байр суурийг хүргэж ирсэн. Гэтэл тэр бүү хэл тус аймгийн   тусгай хамгаалалтад орсон газар нутагт уран ашиглуулахаар зөвшөөрөл олгогдсон нь анхаарал татаж байна.

Сүхбаатар аймаг  бол Халхын  тамгатай хутагтуудын нэг, Төрийн сайд агсан, тухайн үеийн Монголын  шилдэг экологич   Егүзэр хутагтын илбэн тохинуулж явсан түүхт нутаг. Энэ нутгийнхан эх орны зүүн өмнөд хилийн харуул ард түмэн гэдгээрээ онцлог. Халхын Хэцүү ван хэмээн алдаршсан То вангийн нутаг усны төлөөх тэмцэл эхэлсэн халуун голомт Вангийн Цагаан хайрхан Хятадтай залгадаг хилийн дээсэн дээр бий. Ард олон нь эртнээс газар нутгийнхаа  бүрэн бүтэн байдлын төлөө  тэмцэж ирсэн онцлогтой. Өнөө цагт  ч гэсэн иргэд малчид нь хамтран шаардлага тавьж, тэмцдэг тулдаа  Сүхбаатар аймаг Өмнөговийн  Тост, Тосон бумба шиг, Дорноговийн Улаанбадрах шиг болтлоо талхлуулчихаагүй. Гэхдээ тун удахгүй ийм болчихож  мэдэх дээсэн дөрөөн дээр хүрч очсон. Анхаарч арга хэмжээ авахгүй бол тун эрсдэлтэй  байдал нүүрлэжээ.

Монгол Улсын тусгай хамгаалалтанд орсон газар  нутагт ураны ес, хайгуулын 42 тусгай зөвшөөрлийг олгосон байдаг /2018.01.01-ний байдлаар/. Харамсалтай нь дээрх зөвшөөрлүүд нь Үндсэн хуулиас эхлээд холбогдох хуулиудаар  хамгаалагдсан  монгол хүний оюун санааны үнэт зүйлс,тахилга шүтээнт уул ус, байгалийн үзэсгэлэнт газруудын жагсаалтад багтсан   аймаг  сумдын  нутагт олгогдсон байх юм. Үүний нэг нь  Сүхбаатар аймгийн  нутаг Дарьгангын байгалийн цогцолборт газар, Алтан-Овооны орчим олгогдсон байна /Эх сурвалж: Монгол улсын тусгай хамгаалттай газар нутаг  ном 2000 он/.

Энэ тухай  2014 оноос өдөр тутмын сонинууд “Дарьгангын байгалийн цогцолбор газарт газрын тос олборлох “Дарьганга-24” төсөл хэрэгжих гэж байна хэмээн мэдээлсэн байдаг.  2008  оноос Кожеговь компанид  XV 00013907 гэх  тусгай зөвшөөрлөөр  Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын   хайгуул эрхлэх зөвшөөрөл олгосон гэх мэдээлэл  2015 онд гарсан.

Гэхдээ энэ асуудлыг  “Их, Бага Баяншарга сан” ТББ-ын тэргүүн Л.Бор  дөнгөж сураг төдий байхаас нь судлан  Сүхбаатар аймагт олгогдсон ураны зөвшөөрлийн тоо, эрх мэдэлтнүүдийн гар хөлийн үсэг зурсан ил, далд бүхий л баримтыг ил болгож, нутгийнхаа ард түмний өмнөөс холбогдох албан тушаалтнуудаас тодруулахаар уйгагүй хөөцөлдсөн байдаг. Тэрээр олон нийтийг  сэрэмжлүүлээд зогсохгүй “Жанжны нутгаа цацраг идэвхит бодисын аюулаас аваръя” гэсэн уриалгыг хүртэл гаргаж байв.

2014 онд Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны мэдээлэлд  Алтан-Овоонд буюу тусгай хамгаалалттай нутаг,  Дарьгангын байгалийн цогцолбор газар  болон орон нутгийн тусгай хамгаалалтай газарт ЦЭГ-аас Ц-002Х, Ц-003Х дугаартай хайгуулын лицензийг “Монгол Ураниум Ресурс” ХХК-д олгосныг цуцлуулах хүсэлт гаргасан байдаг.  “Хүний эрх хөгжил төв”-ийн  нэхэмжлэлтэй  стратегийн өмгөөллийн хэрэг ч  Захиргааны хэргийн шүүхэд очсон нь ийм учиртай юм.

Гэвч сүхбаатарчууд  төдийгүй монголчуудын хувьд ураны тухай ойлголт, мэдээлэл хомс байснаас асуудал газар авч хэдхэн жилийн дотор Дорноговийн Улаанбадрах хар дарсан зүүд шиг болсон. Бусад газруудад ч аюул ойртсоор байна. Үүнийг энэ сарын 6-нд “Их, Бага Баяншарга” ТББ-аас дахин сэрэмжлүүлж, Төрийн ордны хаалган дээр эрх баригчдад хандан    анхааруулга өгсөн. Тэд дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөцийн газруудад уран ашиглаж  “Цацраг идэвхит хордолтын бүс” болгож яагаад ч болохгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Алтан-Овоо бол төрийн тахилгат хайрхан. Дарьгангын талархаг нутагт оршдог  222 галт уулын нэг. МЭӨ дөрөвдөгч галавын үед газрын гүнээс  оргилж байгаад унтарсан, шовгор хэлбэрээ авч үлдсэн өвөрмөц тогтоцтой уул. Энэ хавийн хөрс эмзэг зөөлөн бүтэцтэй /Эх сурвалж: Доктор Д.Даш нарын “Сүхбаатар аймгийн цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаа”-нд ингэж дурдсан/.  Сүүлийн жилүүдэд  Алтан-Овоо, Шилийн Богд уулыг зорьж олноороо очих хүмүүсийн хөлд талхлагдаж бүс нутаг тэр чигээрээ цөлжилтийн байдалтай болж, Ганга нуурыг  тэжээж байдаг 21 булгийн ихэнх нь  хатаж  алга болж,  нуурын усны түвшин доошилсноор  ширгэх  аюул нүүрлэсэн.

Ураны хайгуул, олборлолт явуулбал  Алтан-Овоог /цацраг идэвхт ашигт малтмал олборлох зөвшөөрөл овооны ар шилийг дайрч байгаа гэсэн мэдээлэл бий/  газартай нь тэгшлэх  ийм л ирээдүй хүлээж байна.

Энд бид  төрийн тахилгатай гэдэг утгаар нь Алтан-Овоог онцлон дурдаж байна. Гэтэл Сүхбаатар аймгийн хэмжээнд орон нутгийн иргэдийн  тахиж шүтдэг  өвөрмөц онцлог  бүхий уул, овоо сум бүрт бий. Тухайлбал, хатгинчуудын хэдэн үеэрээ шүтэж,  нэрээр нь  дуудахыг  цээрлэн  Бүдүүн овоо  хэмээн хэлж заншсан.

Тахилгат  Зотол хан хайрханд  2009 онд ураны  лиценз нэрээр Францын “Арева-Кожеговь” компанийн мэдэлд орсон. Лицензийн хугацаа дууссан ч  үргэлжлүүлэн сунгасан, цуцалсан эсэх нь тодорхойгүй өнөө хүрлээ.  Зотол ханы  оройн хэсэг буюу ердөө 3.874 га газрыг үлдээн   бэлийг нь тойруулан  57.385 га талбай буюу бараг бүхэлд нь 14.722 тоот лиценз  олгочихсон байдаг. Зотол хан уул  түүх сурвалжид  “Онгон тэнгэр сүр жавхлант Цогбадрах уул, Чингисийн язгууртны сүлдэн уул хэмээн тэмдэглэгдсэн, далайн түвшинээс дээш 1.425 метрт оршдог.

Өнгөрсөн хугацаанд  энд тэнд нь өрөм тавих, машин зам гаргах зэргээр байгаль орчныг доройтуулсан жишээ цөөнгүй.

Мөн тус сумын III багийн нутаг тахилгат Баянцагаан хайрханы ар хормой буюу Хамар булаг гэдэг газар   “АДАЭ” хэмээх Хятадын хөрөнгө оруулалттай   компани  МҮ-000307796 тоот  тусгай зөвшөөрөл авч    жоншны ордын 631.0466 га талбайг 30 жил   эзэмшихээр авсан. Ингэхдээ зарим төрийн байгууллага, албан газрын унааг дайчлан өөрсдийн талд шийдвэр гаргах хүмүүсийг бүрдүүлж гурван удаа хурал хийлгэсний хоёрт нь газар шороогоо  ухуулахгүй гэсэн иргэд олонх байсан ч зөвшөөрөл олгосон. Түүнчлэн Эрдэнэцагаан сумын  нутаг дахь Байгалийн нөөц газрын жагсаалтад  орсон Вангийн цагаан буюу Лхачин вандад ууланд ч ураны зөвшөөрөл олгогдсон судалгаа байгаа юм. Сүүлийн гурван жил Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үргэлжилж буй Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутгийг дамнасан Өлзийт талбайн  10665.2219 га-д  30 жилийн хугацаатай  авсан Гурвансайхан компанийн  МҮ-20634 тоот ашиглалтын зөвшөөрөл  ч гэсэн  тус нутгийхны тахиж шүтдэг  Бага Алтан-Овоог  дамнуулан  олгогдсон байгаа юм. Ураны зөвшөөрлүүд  нууцаар олгогдсон, нутгийн иргэд ч, хэвлэл мэдээллийнхэн ч мэдээлэл авах боломж хомс байдаг. Иймд Сүхбаатар аймгийн нутгийг алс хэтдээ сүйрүүлэх, Алтан-Овоог газартай тэгшлэх шийдвэрийг гаргасан том толгойтой, бөх зүрхтэй этгээд хэн болох нь тодорхойгүй явж ирлээ.

Засгийн газрын тэргүүн  энэ оны эхэнд  Завхан аймгийн нутаг төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхны бэлд олгосон хайгуулын лицензийг цуцлуулах  шийдвэрийг гаргасан. Төр нь ч, түмэн олон нь ч хэдэн  мянган жилээр тахиж ирсэн  уул овоогоо бүгдийг нь ашигт малтмалын зөвшөөрөл гэх торноос нь мултлаасай. Энэ шийдвэр  ашигт малтмалын, тэр дотроо ураны зөвшөөрлөөр торлогдсон жанжны нутагт хэрэгжээсэй.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus