Б.Цэвэгмид: Иргэддээ 100 сая төгрөгний нөхөн олговор олгох ёстой
Цагаан тоосны нөхөн олговор олгуулах иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Б.Цэвэгмид өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Тэрээр мэдэгдэлдээ: Энэхүү 3000 иргэний шаардлагыг МАН болон бүх улс төрийн хүчин, Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд өгнө. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн цагаан тоосны асуудал үүссэн. Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа явуулсаар байгаа цагт  цагаан тоосны асуудал алга болохгүй. Энэхүү асуудлыг бүх шатны сонгуулиар авч хэлэлцдэг. Гэвч энэ асуудал одоо болтол шийдвэрлэгдээгүй л байна. Иймээс Орхон аймгийн 3000 иргэн нэгдэж нөхөн олговор олгохыг шаардаж байна.

Цагаан тоос 800 мянган га талбайг эзэлдэг. Цагаан тоосны хор нь эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Коронавирусын халдварын тухайд  уушигны өвчтэй, сүреэтэй, зүрхний үйл ажиллагаа муудсан хүмүүс эрсдэлтэй бүлэгт хамаардаг. Тэгвэл цагаан тоосны нөлөөгөөр өнөөдөр хүмүүс яг ийм байдалд хүрээд байгаа юм. Цагаан тоосны бүсэд 30 жил амьдарсан нэг гэр бүлийн хоёр хүн хорт хавдар тусаад байна. Орхон аймгийнхан улс төрийн эдийн засгийн ачааг Эрдэнэт үйлдвэрээрээ авч явсан. Гэхдээ иргэд маань улсын төсвийг бүрдүүлэх нэрээр эрүүл мэндээрээ хохироод байж болохгүй. Өнөөдөр маш олон хүн астма, зүрх судасны өвчтэй байна. Цагаан тоосны хаягдал ихэссэнээр иргэдийн эрүүл мэндэд заналхийлсээр байна. Тиймээс иргэддээ 100 гаруй сая  төгрөгний нөхөн олговор олгох ёстой. Үүнийг Эрдэнэт үйлдвэрийн үр ашиггүй зардлаас гаргах боломжтой.  Мөн цагаан тоосны үйлдвэр байгуулах юм уу аль эсвэл цагаан тоосны түүхий эдийг Солонгосруу гаргах зэргээр ашиглаж болно.  Иймд төр нөхөн олговор олгох шийдвэр гаргаж, цагаан тоосны асуудлыг намууд мөрийн хөтөлбөртөө оруулан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Энэхүү хүсэлтийн хариуг гуравдугаар сарын 30-ны өдөр бичгээр өгөхийг шаардаж байна гэв.


А.Мягмарсүрэн
 
Бусдад түгээх
  • gplus