Б.Мөнгөнтуул: Надад хожигдолтойгоо эвлэрсэн тохиолдол байдаггүй
Шатрын их мастер Б.Мөнгөнтуултай ярилцлаа.

-Та Монголын шатрын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг нэгэнт бий болгожээ. Сүүлийн үед юу хийж байна вэ?

-Завхан аймагт болсон “Өсвөрийн монгол шатар-9999” хүүхдийн тэмцээний нээлт, хаалтад нь оролцоод саяхан ирлээ. Тус аймгийн дөрөв, таван сумаар явж өсвөрийн хүүхдүүдтэй зэрэг тоглолт хийсэн.

Одоо “Зууны шатар" дээр болж байгаа банк хоорондын шатрын тэмцээнд Сангийн яамны дасгалжуулагчаар ажиллаад, баг тоглогчдоо дэмжээд дээлийнх нь захыг мушгиад явж байна даа.

-Та багадаа ямар хүүхэд байв. Тэр үеийнхээ хөгжилтэй дурсамжаас яриач?

-Хүүхэд байхдаа би хөдөлгөөнтэй байсан шүү. Шатраа тоглож байхдаа ч зүгээр сууж чадахгүй үймүүлдэг хүүхэд байсан. Нэг үйл явдал санаанаас ердөө гардаггүй юм. 1994 онд Унгарт болсон шатрын өсвөр үеийн дэлхийн аваргын тэмцээнд анх удаа орсон юм.

Миний хажуугийн ширээнд нэг өнгөт арьстай хүүхэд суусан. Тэр хүүхдийг хараад л суугаад байсан. Гарч ирсний дараа аав маань намайг “Өрөгөө сайн анзаарахгүй юун хар арьстай хүүхэд хараад байгаа юм” гээд загнаж билээ. \инээв\

-Таны шатрын өнөөдрийн их амжилттай өөрийн тань аав дэд мастер Б.Батхуяг гуай салшгүй холбоотой гэдэг?

-Аав маань намайг таван настай байхад анх шатар заагаад одоо хүртэл дасгалжуулагчаар ажиллаад явж байна. Ер нь аавын маань нөлөө их л дээ. Шатрын спорт маань нерв шаардсан хүнд спорт л доо.

Хожигдох үед сэтгэл гонсойж, тавгүйтдэг. Тэр бүхэнд аав минь намайгзоригжуулж, “Миний охин өөртөө итгэлтэй байж, өөрийгөө бүхий л чадлаараа дайчилж сайн тоглоорой" гэх мэтээр захидаг байсан.

-Та чинь дөнгөж арван настайдаа мастер болж байсан байх. Хүүхэд байсан болохоор хөөрч баярлаж байсан байх даа?

-Ер нь бараг хамгийн залуудаа авсан тохиол байх шүү. 2000 оны насанд хүрэгчдийн улсын аваргаас мөнгөн медаль аваад, дараа жил нь түрүүлсэн юм. Хүүхэд байхдаа тэр цолонд хүрсэн болохоор үнэхээр их баярлаж байсан.

Ер нь би багаасаа шатарт их дуртай байсан. Цаанаасаа л нэг миний тоглох л заяатай байсан тоглоом юм шиг санагддаг. Надад үнэхээр авьяас байсан. Гэхдээ шатарт дан ганц авьяасаар хол явахгүй л дээ.

-Түүнээс хойш таван жилийн дараа буюу 15 насандаа их мастер болсон үеийн сэтгэгдэл үгээр илэрхийлэшгүй байсан биз?

-Их мастер цол бол дэлхийн шатрын хамгийн том цол л доо. Тэр үед 2003 онд Монголд Б.Хатанбаатар, Д.Шаравдорж гэсэн хоёр их мастер байлаа. Тэдний араас залгамжилж, залуугаараа мастер болсондоо баяртай байдаг.

-Та одоогоос сарын өмнө болсон дэлхийн шатрын олимпиадаар медапийн үзүүрээс атгаад алдлаа. Дөрөвдүгээрт орсон амжилтдаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Сэтгэл хангалуун байна. Яахав медаль аваагүй ч гэсэн тэр бол маш их том амжилт л даа. Өмнө нь би бас хувийн тоглолтоор нэгдүгээр ширээнд дөрөвдүгээрт орж байсан. Тэгээд бас тэр тэмцээн дээр манай эмэгтэй шатарчид багаараа категорийн шагнал алтан медаль авлаа.

-Тэр тэмцээн дээр гурван том их мастертай сонирхолтой тоглолт үзүүлсэн гэдэг. Ямар тактик баримтлав?

-Эхний өрөгтөө Францын шилдэг их мастер н.Себагтай тэнцээд, сүүлийн хоёр өрөгтөө Унгарын их мастер, Европийн аварга эмэгтэйг хожсон. Бас Польшийн их мастер олон жил тоглосон туршлагатай мундаг тамирчныг буулгаж авсан.

Хамгийн сонирхолтой нэг онцлог нь би энэ гуравтай бүгдтэй нь хараар тоглосон. Хараар сайн шатарчидтай тоглоно гэдэг хэцүү л дээ. Цагааны талыг бодвол хар нь гараанаасаа эхлээд байрлал нь жаахан муу гэж тооцогддог шүү дээ. Эхлээд байрлалаа тэнцүү болгоно, дараа нь хожихын төлөө хараар тоглох шаардлагатай болдог.

Ер нь анхнаасаа байрлалаа муухай болгохгүй, улайрахгүй, бодуудаа сайжруулж, тайван сайхан тоглосон. Тэдгээр шатарчид магадгүй намайг хожих гэж их улайрсан байх л даа. Түүнээсээ болж жаахан алдаа гаргасан.

-Таны багш П.Жигжидсүрэн “Манай шатарчид биеийн болон сэтгэлзүйн бэлтгэл дутагдаад хожигддог тал байдаг” гэж ярьж байсан. Энэ тал дээр өөрийгөө яаж бэлтгэдэг вэ?

-Зарим тохиолдолд тийм зүйл илт мэдрэгддэг. Манайд энэ тал дээр тусгайлсан бэлтгэл гэж байдаггүй, шатарчид хувиараа л хийдэг. Би гэхэд гүйж харайх, дасгал хийх усан бассейнд орж, ширээний теннис тоглох зэргээр биеийн стрессээ тайлж, өөрийгөө чийрэгжүүлдэг.

Биеийн бэлтгэл муу байхад тэмцээний сүүлийн хэсэгт их ядардаг. Сая олимпиадын дараа тэмцээнд явж ирээд ядарснаасаа болоод хоёр өдөр унтсан. Хятадын шатарчид олон тоглолт хийж байсан ч, ямарч ядарсан шинжгүй зүгээр л тоглож байдаг. Энэ нь бас сэтгэлзүйн бэлтгэл сайн байгаагийнх.

Миний хувьд олон жил тоглоод туршлага хуримтлуулсан болохоор сэтгэлзүйчтэй нэг их ажилладаггүй. Шатарчид бидэнд хааяа нервтэх, сандрах үе байдаг. Тэр үед сэтгэлзүйч их хэрэг болдог.

-Та хэзээ нэг цагт дэлхийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байдаг уу?

-Мэдээж энэ хэцүү л дээ. Дэлхийн шилдэг шатарчдаас ялгарч цойлно гэдэг хэцүү. Гэхдээ хүн хүсэл мөрөөдөл зорилго тэмүүлэлгүй бол хүн том зүйлийг хийж чадахгүй, амьдрал утгагүй болно шүү дээ. Энэ спортоор хичээллэж буй бусад тамирчдын л адил би шатрын оргилд гарах гэж зорьж явна.

-Таныг өмнө нь дэлхийн аварга А.Костенюк, Хоу Ифань гэх мэт тамирчдыг хожиж байсан өргийг мэднэ. Гэтэл та өөрөө дэлхийн аварга болоогүй байдаг. Тэр хүмүүст танд байхгүй давуу тал байна уу?

-Надад бол сул байдаг. Би тоглолтоос тоглолтонд дутагдлаа арилгаж, түүнийгээ засах гэж олон цагийн бэлтгэл хийдэг. Тэр хоёртой тоглоод хожиж, хожигдож л байлаа. Тэд намайг болвол ар тал илүү сайтай гэх юм уу даа. Хоёр, гурван дасгалжуулагчтай байх жишээтэй.

А.Костенюк гэхэд л дэлхийн аваргын төлөөх тоглолтынхоо өмнө тав зургаан удаа бэлтгэлд гарсан байдаг. Би өөрөө Орост амьдарч байсан болохоор Костенюкийг сайн мэднэ л дээ. Харин би ганц аавтайгаа цуг бэлтгэл хийгээд л байдаг. Энэ нь төдийлөн хангалттай биш шүү дээ.

-Ер нь дэлхийн болон Монголын шатарчдаас таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ. Нэрийг нь дурдвал?

-Дэлхийн өрсөлдөгчид олон шүү дээ. Тэр бүхнээс зааж нэрлэх амаргүй. Ерөнхийдөө бол Ази тивд Хятад, Энэтхэг харин дэлхийд Орос, Украйны шатарчид хүчтэй өрсөлдөгч байдаг. Монголоос бол Ц.Батчулуун Б.Гүндавааг нэрлэх байна. Эмэгтэйгээс бол Т.Батчимэг миний хүчтэй өрсөлдөгч.

-Тэгвэл Монголын шинэ залуу шатарчдаас та хэнийг их томоохон амжилт гаргана гэж итгэдэг вэ?

-Өсвөр үеийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, их мастерын болзол хангасан А.Энхтуул. Сая мөн өсвөр үеийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авдаг Б.Мөнгөнзул гээд охин байна. Эд нарыг цаашдаа томоохон амжилт гаргана гэж итгэдэг.

-Монголын шилдэг шатарчид Т.Үйтүмэн, Л.Мягмарсүрэн, Ж.Лхагва таны багш П.Жигжидсүрэн гээд л хөвөрч өгнө. Та тэдний хэнээр нь илүү бахархдаг вэ. Ер нь тэдгээр шатарчдын өргүүдийг нь судалдаг уу?

-Тэд бол бүгдээрээ л мундаг Монголын шатрын бахархалууд байсан. Би аль нэгийг нь онцлоход хэцүү байна. Одоо бол тэдний өрөг гэхээр юм бараг байдаггүй шүү дээ. Уг нь тэр үеийн шатарчдын өргийг судалвал хэрэг болох зүйлс байгаа л байх.

Харин би эмэгтэй шатарчдаас тухайн үеийн шилдгүүдийн нэг Ц.Батцэцэг эгчийг ид тоглож байхад нь хажуугаас нь үзэж, тэр хүнийг их хүндэлдэг байсан. Даанч би нэгч тоглож үзээгүй. Намайг гарч ирэхээс өмнө өөд болсон доо.

-Монголын бас нэг бахархал их мастер Б.Хатанбаатарын тоглолтын ид эрчтэй хүчтэй байсан үе нь буураад олон жил өнгөрсөн байна. Энэ магадгүй настай нь холбоотой байх?

-Шатарт нас хамаатай л даа. Нас ахисан хүмүүс ачаалал даах чадвар тааруу байдаг. Залуу хүн ядарсан ч байсан буцаад сэргэх нь хялбар байдаг. Б.Хатнаа ахыг харьж байгаа, тоглолт нь муудсан гэх зэргээр яриад л байдаг. Гэтэл Б.Хатнаа ах сая таван сард болсон улсын аваргаар маш сайн тоглож хоёрдугаар байр эзэллээ шүү дээ.

П.Жийгээ багш “Б.Хатнаа маань бусад шатарчныг бодвол хөрвөх чадвар сайтай” гэж хэлсэн байдаг. Ихэнх шатарчид нэг л төлөвлөгөөнийхөө дагуу нүүдэг. Жишээ нь, ноён руу довтолсон бол түүнийхээ эцсийг үзэх гээд зүтгэчихдэг.

Харин Б.Хатанбаатар ах тэгдэггүй. Төлөвлөгөө нь бүтэх шинж бага болчихвол, шууд өөр арга зам илэрхийлж, хамгаалсан тоглолт үзүүлэх ч юм уу эсвэл өөр жигүүрээр довтолдог. Ер нь их авьяастай шатарчин шүү дээ. Хувь хүнийхээ хувьд ч эгэл даруу хүн.

-Гадаадын шатарчдаас таны хамгийн их үлгэр дууриал авдаг тоглогч чинь хэн бэ?

-Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга Ж.Полгараар би их бахархдаг.

-Монголын шатрын хөгжил дэлхий нийтийн чиг хандлагын хаана нь явж байна. Манай шатрын хөгжилд юу садаа болж байна?

-Дэлхийд манайх 150 гаруй орноос 50-н хэдээр жагсдаг. Энэ чинь хүн амых нь тоонд харьцуулбал өндөр үзүүлэлт шүү дээ. Ерөнхийдөө бол гайгүй байна. Гэхдээ одоо улсын шигшээд тоглож байгаа хүн харьцангуй цөөхөн байна шүү дээ.

Манай эмэгтэй шатарчид гэхэд л гэр бүл зохиогоод, үр хүүхэддээ анхаарлаа хандуулаад завгүй болчихдог. Одоо бол хэдхэн л хүн улсаа төлөөлж тэмцээнд орж байна. Эрчүүд ч мөн адил, тоглодог хүн гадныхныг бодвол цөөхөн талдаа л байна.

Ер нь төр засгаас шатарчдынхаа ар гэр ахуй амьдрал, санхүүгийн асуудалд анхаарах хэрэгтэй гэж боддог. Манай шатарт бас гадныхныгбодвол ёс суртахууны боловсрол их дутагдалтай юм шиг санагддаг. Би ном их уншдаг л даа. Энэ нь хүнийг төлөвшүүлж ухаан нэмэхээс гадна, анхаарлаа төвлөрүүлж сурахад чухал үүрэгтэй гэж боддог.

-Шатарчин хүмүүсийг хараад байхад сэтгэлийн хөдөлгөөн их багатай байдаг юм шиг. Та жишээ нь сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн илэрхийлдэг вэ?

-Бид чинь олон цагаар анхаарлаа төвлөрүүлээд, чимээгүй суудаг хүмүүс болохоор ихэвчлэн даруу дөлгөөн, тайван зантай байх нь олонтаа. Би бол огт сэтгэлийн хөдөлгөөнгүй ч хүн биш л дээ. Гэхдээ эмоцио нэг их ил гаргаад байдаггүй. Харин би ямар нэг өрөвдөлтэй кино үзэхээрээ уйлчихдаг юм. Сүүлд би “Эцсийн зогсоол” гэдэг кино үзлээ.

-Та ер нь хэр бардам хүн бэ. Шатарчин хүнд тийм зан байх шаардлагатай юу?

-Өөртөө итгэлтэй зан байлгүй яах вэ. Г эхдээ ямар ч хүнд онгироо зан байх хэрэггүй гэж боддог. Мэдээж хэрэг хийсэн зүйлээрээ бахархаж омогших зүйл байлгүй яах вэ. Түүнээс биш учиргүй хамраа сөхөөд байх нь хаашаа юм бэ. \инээв\

-Таныг хожигдох дургүй гэдгийг мэднэ. Тэгвэл та хожигдолтойгоо эвлэрсэн тохиолдол байдаг уу?

-Мэдээж ямарч шатарчин хожигдох дургүй л дээ. Би хожигдолтойгоо эвлэрсэн тохиолдол байдаггүй. Заримдаа хожигдоход харамсал төрж бүр нойр хүрч өгөхгүй тэр өрөг маань хэдэн өдөр санаанаас гарч өгөхгүй байх ч тохиолдол байна. Гэхдээ учиргүй сэтгэл санаагаар хямраад байхыг ч бас боддоггүй.

-Тэгвэл ямар үед өөрөөрөө их бахархах мэдрэмж төрж байсан бэ?

-Томоохон тэмцээнд амжилт гаргаад, эх орныхоо нэрийг гаргаад, рейтингээ ахиулах бүрт өөрөөрөө бахархах мэдрэмж төрдөг. Саяын олимпиадад би 2430 гаруй рейтингтэй байсан. Гэтэл дараа нь 2638 рейтингтэй хүний хэмжээнд тоглосон гэсэн үзүүлэлт гарсан. Ерөнхийдөө өөрийгөө сайн л тоглосон гэж боддог.

-Интернэт, цахим орчимд таны тухай хүмүүс янз бүрийн сэтгэгдлүүд бисэн байдаг шүү дээ. Тэр бүхнийг та хэр анхаарч сонирхдог вэ?

-Хааяа уншдаг. “Амжилт хүсье", “сайн тоглоорой”, “мундаг шүү” гэх зэрэг гоё гоё үг их бичсэн байдаг. Тэр бүхэнд нь би их баярладаг. Харин би намайг доромжлоод ч байгаа юм шиг таагүй коммэнтуудад ач холбогдол өгч сэтгэлээ зовоохыг боддоггүй.

-Интернэт гэснээс таныг компьютер дээр бэлтгэл хийдгийг чинь мэдэх юм байна. Гэтэл шатар сонирхогчид компьютерээс илүү амьд хүнтэй бэлтгэл хийх нь илүү сайн гэж ярьдаг шүү дээ?

-Амьд хүнтэй бэлтгэл хийхийг би хүсдэг л дээ. Тэр нь арай жаахан дээр ч байх. Өмнө нь манай шатарчид цуглаад тиймэрхүү бэлтгэл хийдэг л байлаа. Одоо тэр бүр бидэнд тэгэж цуглах зав гарахгүй л байна.

Сая манай Б.Гүндаваа надад Унгарын шатарчинтай тоглох өргийн гарааг бэлдэж өгсөн. Түүгээр нь тоглоод зөв байрлал авч, яваандаа хожсондоо би баярлаж явдаг.

-П.Жигжидсүрэн багш чинь таныг “Өөрийгөө таниулах ажлыг хийхгүй байгаа хүн яаж хүмүүст танигдах юм бэ” гэж ярьж байсныг мэдэх юм байна?

-Тэгж байна уу. \инээв\ Ер нь манай шатрын спорт бусад спортыг бодвол харьцангуй цөөн хүн сонирхдог л доо. Шатрын тэмцээнийг телевизээр тэр бүр дамжуулахгүй. Бокс, жүдо зэрэг спортын тэмцээнийг болсон даруйд нь л шууд дамжуулдаг шүү дээ. Харин интернэт орчинд шатар сонирхогчид их орж ирдэг юм.

-Жийгээ багш чинь танд санаанаас гарамгүй хатуу үг хэлж байв уу. Та багшийнхаа тухай юу гэж боддог вэ?

-Багш гайгүй зөөлөн талдаа хүн л дээ. Жийгээ багш чинь их хөгжилтэй, энэ тэнд тэмцээнээр явахад бидний стрессийг тайлах зорилгоор гоё гоё хошин юм ярьж, өөрөө ч бас тэндээ баясч хөхрөөд л, “Хожсон хүмүүст жүүс авч өгнө шүү” гэж ярьдаг. \инээв\

Бид хожчихвол “Хөөе Жийгээ багшаа жүүсээ” гээд л нэхдэг. Манай шатрынхан чинь ер нь их хөгжилтэй, даруухан их гоё хүмүүс шүү дээ. Бид нар хоорондоо их ойр дотно байдаг л даа.

-Их амжилтын цаана сайн хань ижил байдаг. Хань чинь танд их тусалж дэмждэг биз?

-Би найз залуутай. Манай найз залуу намайг үргэлж дэмждэг. Заримдаа хожигдоод, сэтгэл санаа тавгүй болоод ирэхэд, надад урмын үг хэлж тайвшруулдаг. Аав, ээж хоёр маань бас сэтгэл санааны дэмжлэг их өгдөг.

-Шатарчин хүн ямар байх ёстой гэж та боддог вэ. Манай залуу шатарчдад хандаж үг хэлээч?

-Шатарчин хүн заавал дөлгөөн даруу байх ёстой гэх мэт яг тийм байх ёстой гэж хэлж болдоггүй юм. Хүн бүр янз бүрийн өөр өөрийн зантай байдаг. Жишээ нь дөлгөөн тайван зантай хүмүүс сайн нүүдэг байхад, онгироо ч юм уу хөөрүү ч юм шиг мөртлөө сайн нүүдэг ч хүн байна.

Тэгэхээр би залуу шатарчдадаа “Өөртөө том зорилго тавиад, тэрнийхээ төлөө тууштай ажилладаг байгаарай” гэж хэлмээр байна. Эцэг, эхчүүдэд нь хандаж хэлэхэд, таны хүүхэд заавал шатарчин болох албагүй. Гэхдээ шатар тоглосноор оюун санаа нь төлөвшиж, юмыг олон талаас нь дүгнэдэг болно гэж хэлмээр байна.
Нийслэл таймс
А.Батнасан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-30 04:14:40
    сайн охин, мундаг шатарчин. Аав Батхуяг нь маш ухаантай, даруу, мундаг математикч, маш сайн хүн байдаг юм. Та хоёрт амжилт хүсье.
    112.72.13.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-09-29 11:37:18
    Sain okhin mungag shatarchin. Amjiltaa ulam akhuilj delhkiin avarga bolno shuu. Chi chadakh estoi.
    150.129.141.189
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-29 09:41:54
    gvi shvv.Daanch minii tersen ax ter sudguulid bagshilda ni bi bas bagsh bolj boloxgvi gene ee.. ee
    83.11.228.249
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-29 09:37:30
    Mengentuuliin aab mash matematikch xvn dee.Bi ter xvnd bajrlaj jbdag.Namaig xuuchnaar poliin deed surguuliin matematikiin tenxemd bagshaar abax geed Abdai zaxiraltai vzej tarj baisan xvn dee.Bi ch zaluu baij ter tom surguuliin rektortoi tegne gej bi bodoo
    83.11.228.249
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-29 09:19:31
    mash sain shatarchin . amjilt xvsie.ene xvnii jriltslaga ene xvn jmar xvn be gedgiig xaruulj bna.vnexeer uxaantai,baxarxmaar emegtei bna
    83.11.228.249
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-29 08:38:30
    huurhun mundag shu
    202.170.69.58
    Мэдэгдсэн Хариулах