Манай улсад коронавирусийн 5 дахь тохиолдол бүртгэгдлээ
 

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар: Энэ сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрч Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна. 

Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Лабораторийн шинжилгээгээр коронавирусээр халдварласан нь тогтоогдсон. Одоогоор хавьтлыг тогтоон судлах ажил эхэлсэн. Биеийн байдал тогтвортой. Гадаад улсаас авч ирж байгаа иргэдийг шинж тэмдэггүй ч ХӨСҮТ-д хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь оновчтой арга хэмжээ болж байна.

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Онош тогтоогдож, батлагдсан таван тохиолдлын биеийн байдал тогтвортой байна. Иймээс иргэдийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөгөө зөвлөмжийг маш сайн дагаж, амны хаалтаа зүүх, гараа угаах, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хэрэв танд халуурах, ханиалгах, цээжээр өвдөх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл утсаар зөвлөгөө авах хэрэгтэй.


О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus