УОК: Манай улсад коронавирусийн халдвартай дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна
Өнөөдөр Улсын онцгой комиссын 12 дугаар хурал болж, Монгол Улсад коронавирусын халдварын дөрвөн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа ажил болон шинээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Франц улсын иргэний биеийн байдал сайн байгаа. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдол өчигдөр тогтоогдсон бөгөөд Солонгос улсаас ирсэн хоёр иргэний биеийн байдал тогтвортой, Берлинээс ирсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа. Энэ хүмүүстэй ойрын хавьталын хүмүүсийг ХӨСҮТ-д  тусгаарлан шинжилгээ авч байгаа. Үүнээс эхний 60 хүний хариу сөрөг гарсан. Нэг өрөөнд аль болох цөөхөн иргэн байлгаж тусгаарлан ажиллаж байна.

Тусгай үүргийн онгоцоор  эхний ээлжинд ахмад настан, эмчилгээнд явсан иргэд болон нялх, бага насны хүүхэдтэй хүмүүсийг  авч ирнэ. Онгоцонд халуунтай вирусын шинж тэмдэг илэрсэн хүнийг суулгахгүй байгаа.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл, олон улсын нислэгийн хувьд гуравдугаар сарын 28-ны өдөр хүртэл зогсоосон байгаа. Дээрх хугацааг сунгах эсэхийг дараагийн хуралдаанаараа авч хэлэлцэхээр холбогдох сайд нарт чиглэл өгсөн байгаа.

Газрын тос, нүүрс тээвэрлэлтийн ажлыг гуравдугаар сарын 15-аас эхлүүлэх ёстой байсан ч бэлтгэл ажил дуусаагүй байна. Хятад улсын талтай ярилцаж шийдэх ёстой асуудал бий. Бэлтгэл ажлыг яаралтай дуусгахаар ажиллаж байна.

Нийт иргэддээ хандан хэлэхэд ЭМЯ, УОК-иос гарсан үнэн зөв бодит  мэдээлэлд л итгэхийг хүсье. 

А.Мягмарсүрэн
Бусдад түгээх
  • gplus