Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж,  хөл хорио тогтоосон долоо хоног

Долоо хоногийн мягмар гарагт Монгол Улсад коронавирусийн халдвартай иргэн бүртгэгдэж, энэ дагуу УОК шуурхай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн нь долоо хоногийн онцлох үйл явдлууд байв. Тухайлбал, Улсын онцгой комиссын шийдвэрээр зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг энэ сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоож, ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монголд зорчих гадаадын иргэдийн авто замаар зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 11-31-ний өдөр хүртэл хааж, хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Энэ мэт өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе 

Коронавирусийн халдвар авсан Франц иргэний биеийн байдал хэвийн байна

Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн коронавирусаар халдварласан нь тогтоогдсон байна. Түүнийг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Арева компанид ажилладаг бөгөөд тухайн байрандаа тусгаарлаж байсан. Улмаар лхагва гарагт Улаанбаатарт авчирч, ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна.Өнөөдрийн байдлаар халдвар авсан иргэний биеийн байдал тогтвортой байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Мөн халдвар авсан иргэнтэй ойрын харьцагч иргэдээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан нь тогтоогдоод байна. 

Ээжүүдэд цалинтай чөлөө олгоно

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгав
 

Хүндэтгэх шалтгаантай иргэдээ эх оронд нь авчрахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авахаар боллоо. Эхний ээлжинд эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр авчирна.

Тодруулбал, 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх бол Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт тус тус хийхээр хуваарь гарч бэлтгэл ажлыг хангаад байна. Улаанбаатар-Истанбулын нислэгийн зөвшөөрөл авахаар Туркийн талтай ажиллаж байгаа тул тухайн чиглэлийн нислэгийн тов тодормогц жич мэдэгдэх болно.

Одоогоор Сөүл хот руу 1-2 удаагийн нислэг, Токио, Москва, Истанбул хотууд руу тус бүр 1 удаагийн нислэг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна.

Монголбанк бодлогын хүүгээ буурууллаа

Мөнгөний бодлогын хорооны энэ сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.

Жилийн инфляци 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна. Эдийн засгийн өсөлт саарах  хандлага үргэлжилж,  эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй.

Ковид-19 вирусийн тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна. Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь Ковид-19 вирусийн тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна. Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь  төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus