Б.Энх-Амгалан сайд аа, тэнгэрийн замын үлгэрээсээ өмнө Дарханы замын ажлаа эхлүүл

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан  өчигдөр “Тэнгэрийн тойрог” төслийг танилцууллаа. Газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй замыг 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр барихаар төлөвлөжээ.

Үүнтэй зэрэгцэн цахим орчинд Б.Энх-Амгалан сайдаас тэнгэрийн зам бус газрын Дарханы зам дээрээ анхаарах сануулгыг өгч байлаа.

Хэрэв Б.Энх-Амгалан сайд та маргаагүй бол Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажил энэ сард эхлэх ёстой. Өнгөрсөн  зун намаржин зам хаасны эцэст там болгож хувиргасан. Гэтэл одоо замын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Үүнийг яамныхан  коронавирусын дэгдэлт, тархалттай холбон тайлбарлаж буй.  Хил хаасан учраас товлосон хугацаандаа гадаад ажиллах хүчийг оруулж ирэх боломжгүй. Иймээс Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаар манай улс холбогдох шийдвэрүүдийг гаргаж, салбар салбартаа мэргэжлийн өндөр ур чадварыг харуулж буй. Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайд гадаадаас ажилчид ирэхийг хүлээсээр өнөөдрийг хүрээд байна. Уг нь вирусийн тархалт удаан хугацаанд үргэлжилнэ гэдгийг ДЭМБ гээд холбогдох мэргэжлийнхэн анхааруулсаар ирсэн. Тиймээс салбарын сайд өнгөрсөн саруудад дотоодын компаниудын нөөц бололцоог ашиглан замын ажлыг явуулах асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байв. Сар гаруйн өмнө салбар яам энэ асуудлыг судалж байгаа гэх мэдээлэл өгсөн ч өнөөдөр таг чиг. Харин тэнгэрийн зам барина гээд тэнгэрийн юм яриад сууж байх. 

Иймээс эрхэм сайд аа, эхлээд газрын буюу Дархан-Улаанбаатар чиглэлийн замаа барьж олон мянган иргэдийн эрүүл аюулгүй, амар тайван зорчих эрхийг хангана уу? 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus