БНСУ-ын Сөүл хотын даатгалын компанийн 73 ажилтан коронавирусийн халдвартай гарчээ

БНСУ-ын Сөүл хотын Гүру дүүргийн Шиндурим хороонд байрлах Кориа билдингийн 11 давхарт байрлах Эйс хэмээх нэгэн даатгалын компанийн Утасны дуудлагын төвийн ажилтан болох А (56 настай, эмэгтэй) нь 8-ны өдрийн шинжилгээгээр коронавирустэй нь оношлогдсон байна. Түүний хувьд Шинчонжи сүмийн итгэгч ч биш Хятад болон бусад гадаад улсад зорчоогүй, мөн Тэгү хотод ч очоогүй юм байна.

Гэтэл 2 хоногийн дотор буюу өнөөдрийн байдлаар түүнтэй холбоотой 73 хүн шинжилгээгээр коронавирустэй болох нь батлагдсан байна. Эдгээр хүмүүсийн 40 нь Сөүл хот, 14 нь Инчон хот, 19 нь Гёнгги мужийн оршин суугчид байна. Тэдгээр нь Сөүл хотын 10 дүүрэг, Гёнгги мужийн 7 хот, Инчон хотын 6 дүүрэгт тарж оршин суудаг болохыг мөн тогтоов.

Тус байшин нь 29 давхар бөгөөд зарим давхарт нь даатгал, автомашины, утасны дуудлагын төвүүд байрладаг байна. Коронавирус тээгчид олноор гарсан даатгалын утасны дуудлагын төвийн байрлах 11-р давхрын 207 хүнийг шинжилгээнд оруулсан ба үлдсэн 3 ширхэг давхарт ажилладаг 550 хүн ч удахгүй шинжилгээнд орно. Тэгэхээр 73-аас ч олон хүн нэмж гарах боломжтой гэсэн үг юм.

Коронавирустай нь батлагдсан утасны дуудлагын төвийн дээрх ажилтнуудын ихэнх нь ажилдаа ирж очихдоо нийтийн тээврийн хэрэгсэл болох метро, автобус зэргээр зорчдог байсан нь түгшүүр төрүүлж байна. Тэд ажилдаа ирж очихдоо амны хаалт зүүдэг боловч ажлын цагаар зүүдэггүй байцгаасан байна. Нэг зааланд хүн болгоныг тусгаарласан жижиг хаалт байх боловч энэ нь яг үнэндээ хаалт биш зэрэгцээд сууж байгаатай адил хэрэг юм.

Сөүл хотын захиргаанаас тус байрны өмнө коронавирусын явуулын шинжилгээний хэсгийг байрлуулсан ба холбогдох хүмүүсийн шинжилгээг авч байгаа юм байна.

Мөн энэ бөөн хүний халдвар нь Шинчонжи сүм болон Чонду Тэнам эмнэлэгтэй холбоотой эсэхийг шалгаж байна.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

Бусдад түгээх
  • gplus