БНСУ болон Японоос иргэдээ авахаар болжээ
Засгийн газрын хуралдаанаар БНСУ болон Японд эх орон руугаа ирэх хүсэлт гаргаад буй монголчуудаасаа эхний ээлжинд хүндэтгэх шалтгаантай иргэдээ авах шийдвэр гаргажээ.

Тухайн улс орнуудад суугаа манай улсын ЭСЯ-д уг асуудлаар ажиллаж байгаа бөгөөд нислэгийн тоонд мөн өөрчлөлт орох магадлалтай байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай хуваарийн дагуу татаж авна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авна.

Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авчрах төлөвтэй байна. Иргэд тухайн улсдаа Шинэ коронавирусийн шинжилгээ өгөх тохиолдолд зардлыг нь Засгийн газар хариуцна. Харин нутагтаа ирэх, тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө гаргах юм. Иргэдийг тухайн улс дахь Элчин сайдын яамандаа хандахыг зөвлөж байна.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus