Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлууд
Долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе

 
ШШҮХ-ийн газрын дэд дарга асан Д.Адилбаярт ял оноов

Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан Б.Цолмон, ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга асан, дэд хурандаа Д.Адилбаяр  нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр боллоо. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ тус тус заасан хэргийн шүүх хуралдаан өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. 
Улмаар шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгийн торгуулийн ял оноосон байна. 
Мөн Д.Адилбаяраас 35.000.000 сая төгрөг, Б.Цолмонгоос 5.000.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 Сурагчдаас улсын шалгалт авахгүй

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх  ажлын хүрээнд ЕБС-иудад өнгөрсөн нэгдүгээр сарын 23-аас эхлэн хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн долоо хоногт ЕБС-ийн сурагчдаас улсын шалгалт авахгүйгээр анги дэвших дүнгээр тооцно тухай мэдэгдэл хийлээ. Харин ЭЕШ-ыг энэ жил заавал үзэх хичээлээр зохион байгуулах юм. Мөн Монгол хэлний шалгалтыг босго 400 онооны шалгалтаа өгнө гэдгийг мэдэгдлээ.  
 
 13 мянган хүний сургалтын төлбөрийн зээлийг төрөөс чөлөөлнө

“Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Сургалтын төрийн сан байгуулагдсан 1993 оноос хойш 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна.

Журмын төсөлд:

-сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;

-зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;

-дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;

-эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;

-иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;

-сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.

 
М.Энхсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан гэх яллах дүгнэлттэй М.Энхсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханы холбогдсон хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн байна.   

Түүнд  Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үндэслэлээр НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр яллах дүгнэлт үйлджээ.  


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.