Ээлжит бус чуулган зарлаж, төсөвт тодотгол хийх үү

Монголыг нүүрсгүйгээр төсөөлөх аргагүй. Нийт экспортын ч, төсвийн орлогын ч аль алиных нь дөрөвний нэг нүүрстэй холбоотой. Иймээс өмнөд хөршид гарсан коронавирусийн халдвараас үүдэлтэй төсвийн орлого тасалдахад хүрээд байна. Монгол Улс энэ онд 11.8 их наядыг олж, 13.9 их наядыг зарлагдах тооцоо гаргаж, төсвөө баталсан. Үндсэндээ төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийг эзэлж байна.  Харин коронавирусийн тархалтаас үүдэн нүүүрс тээврээ зогсоосноос төсвийн орлого тасалдахад хүрээд байна.

Иймээс өчигдөр УИХ дахь ШИНЭ намын Зөвлөл уг асуудлыг авч хэлэлцэв. Энэ талаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Короновирусын тархалтаас үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засагт тулгамдаж буй хүндрэлийг даван туулах асуудлыг хэлэлцлээ. Карантины улмаас аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа саарч, улмаар улсын төсвийн орлого тасалдаж байгаа тухай мэдээлэл ирж байна. Өнөөдрийн хуралд эдийн засагчид, судлаачид оролцлоо. Тэдний хэлж буйгаар, яг одоогийн байдлаар улсын төсвийн орлого 400 орчим тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Орлогын тасалдлыг юугаар нөхөх вэ, эдийн засгаа эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ? Короновирусээс үүдэлтэй дэлхийн болон олон улсын, үндэсний эдийн засагт үүсээд буй хүндрэлийг даван туулах чиглэлээр ЗГ цогц хөтөлбөр боловсруулж, УИХ ээлжит бус хурлаа хийж, уг хөтөлбөртэй танилцах, улмаар хэрэгжүүлэх цаг болсон гэж бид үзэж байна” гэлээ

Мөн Зөвлөлийн хуралдааны үеэр манай төсөвт сард дунджаар нэг их наяд төгрөг орж ирж байж, төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд тасалдалгүй явах ёстой. Гэтэл сарын орлого 200 орчим тэрбум төгрөгөөр дутаж байгаа тооцоог эдийн засагчид гаргажээ. Энэ нөхцөл байдал цаашид үргэлжлэх юм бол төсвийн орлого нэг их наядаар тасрахаар байгаа аж. Тиймээс төсвийн тодотголыг гарцаагүй хийх шаардлагатай байгааг тэд хэлж байна. 

Харин өнгөрсөн сарын 19-ны байдлаар “Улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр байвал 1 их наяд төгрөгийн орлого дутна” гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Түүнчлэн Сангийн сайдын хувьд одоогоор төсвийг тодотгох шаардлага байхгүй. Харин сайд нар, төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн төсвийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий” гэдгийг хэлж байгаа юм. Ийнхүү сайд нар, төсвийн ерөнхийлөн захирагч зардлаа танах уу, ээлжит бусаар хуралдаж төсөвтөө тодотгол хийх үү гэх асуудал хүлээлт үүсгэх нь ээ. 

 

О.ОНОН

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.