Та гудамжны хогийн савыг зөв ашиглаж чаддаг уу?

“Zero waste” буюу тэг хаягдалтай амьдрах хэв маяг дэлхий нийтэд трэнд болж байна. Ачаалал нь улам ихсэж байгаа цэнхэр гаригаа унаган төрхөөр нь илүү олон жил хадгалж, хамгаалахын тулд хүн төрөлхтөн өнөөдөр аль болох хаягдалгүй амьдрахаас аргагүй. “Зууны мэдээ” сонин “Тэг хаягдал” булангийн эхний нийтлэлээр Улаанбаатар хотын гудамж талбайд байрлуулсан хогийн савнуудыг зориулалтаар нь ашиглаж чадаж байна уу гэсэн сэдвийг хөндлөө.

Нийслэлийн гудамж талбайд 3000 орчим хогийн сав байршуулсан байдаг. “Хоггүй Улаанбаатар” гэсэн шошготой “Дахивар”, “Энгийн” гэсэн хоёр тасалгаатай хогийн савнууд хэд алхаад тааралдана. Харин энэ хоёр тасалгаанд хогоо ялгаад хийчихдэг төлөвшил бидэнд сууж амжив уу.

Төвийн гудамжаар хэсэг алхлаа. Хогийн савнуудыг бүгдийг өнгийж харав. Харамсалтай нь дахивар, энгийнээрээ ялгарч харагдах нь бараг байсангүй.

Чихрийн цаас, дэлгүүрийн худалдан авалтын баримт, татсан тамхины иш, ундааны сав, хоолны үлдэгдэл, нэг удаагийн амны хаалт гээд холилдсон байдалтай байна.   “Та хогийн саванд хогоо зөв хаяж чаддаг уу” гэсэн асуултыг иргэдээс асуусан юм.

БЗД-ийн иргэн С.Наранжаргал “Энгийн, дахивар гэсэн тасалгаатай байдгийг мэднэ. Гэхдээ анзаарахгүй шууд хийчихдэг юм байна. Уг нь  энгийн хог, дахивар хог гэж яг юуг хэлээд байгааг нь мэднэ л дээ. Хогоо ангилж хаях ёстой гэсэн сэтгэлгээ сайн суугаагүй болохоор тэр байх. Хараад байхад зарим хүн хогоо ялгах нь бүү хэл нүд хариулж байгаад гадна нь шидчихдэг. Би өөрөө мэддэг хэрнээ ялгахгүй байхад аргагүй юм даа ” гэв. Иргэн н.Уранзаяа “Гудамжны хогийн саванд бол машиндаа цуглуулсан хогоо нэгмөр нийлүүлээд хаячихдаг.  Харин гэрийнхээ хогийг ангилж хаядаг болсон. Сошиалаар хогоо ангилж хэвшье гэсэн давлагаа явж байгаа нь нөлөөлж байгаа шүү”  гэсэн юм. Харин БГД-ийн иргэн Л.Жавзанханд “Лааз, ундааны сав, цаас, цаасан хайрцаг гэх мэт хогууд дахивар, харин бусад хэрэглээний хогууд нь энгийн хог гэдгийг мэддэг. Гэхдээ хараад байхад гудамжинд явж байгаа хүмүүс ялгаж хийж харагддаггүй, бараг л урд талын бичгийг нь ч харахгүйгээр чулуудчихдаг шүү дээ” гэсэн юм.

“Хогоо ангилж хаяхын ач тусыг ойлгуулах нь чухал”

БЗД-ийн ТҮК-ийн ажилчин С.Баатарчулуун “Уг нь хогоо ялгаж хаях маш амархан. Дахивар гэсэн тасалгаанд нь бүх төрлийн цаасны хог, цаасан хайрцаг, хоол хүнсний бохирдолгүй хайрцаг, архи, пиво дарсан ногооны шил, лааз, төмөр таг, ундааны хуванцар сав, гоо сайхны ахуй хэрэгцээний ундааны савыг хаяна. Харин бусад хог хаягдал гэсэн тасалгаанд нь дахин боловсруулагдахгүй хог хаягдал орно. Манай иргэд нийтийн эзэмшилд хойрго ханддаг. Шаардлага тавиад ч тоодоггүй. Хогоо ядаж эхлээд ялгаад сурчихвал  эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна. Хог хаях соёл болон ангилж хаях тухай цэцэрлэгт байхаас нь эхлэн заах нь чухал. Багадаа эзэмшиж сурсан зүйл  насан туршдаа хүнд мартагддаггүй тул хүүхэд байхаас нь энэ үйлдлийг сургаж даджуулах нь чухал. Хог гэж юу вэ, хогоо ангилж хаяснаар ямар ач холбогдолтой вэ, хогоор юу хийж болох вэ зэргийг хүүхдүүдэд ойлгуулан, цаашид хогийг зөв, ангилж хаях талаар мэдлэг олгох ёстой” гэдгийг хэлж байлаа.

Харин БЗД-ийн ТҮК-ийн ажилчин Р.Дашдолгор “Хогоо ангилж хаях хүн тун цөөхөн. Хогийн саванд хийж л байвал түүний аль тасалгаа руу хийсэн нь сонин биш байдаг. Заримдаа бүр хогийн савны дотор талын хайрцаг ч алга болчихдог. Миний хариуцдаг хорооны зарим хогийн сав нь хоёр тасалгаатай, зарим нь модон хогийн сав байдаг. Уг нь хоёрхон төрөлд ангилдаг ганц хоёрхон л секунд хараад л хаячихвал болох л зүйл шүү дээ. Хогоо ангилаад сурчихмаар байна. Гэтэл хүмүүс ангилж мэддэггүй.  Түүнийг нь хоёр дахь түүхий эд түүдэг хүмүүс тараагаад болохгүй юм. Тэр нь машин зам руугаа хог хөглөрч, дээгүүр нь машин явсаар энэ хавиар нэг тарааж замбараагүй болгодог. Цэвэрлэгээ тасалдах л юм бол энд тэндхийн булан тохойд хогийн цэг үүсч, цэвэрлэхэд улам түвэгтэй болдог” гэсэн юм.

Нийслэлчүүдээс жилд нэг сая тонн, өдөрт 2500-2800 тонн гарч Цагаан даваа, Нарангийн энгэрт байрлах төвлөрсөн хогийн цэг рүү очдог.

Нийслэлчүүдийн хаяж байгаа нийт хогны 80 хувь нь огт ангилагдахгүйгээр хогийн цэгт хүргэгдэж байна гэж Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээлж байсан. Ангилагдаагүй хогийг булах, шатаах гэсэн хоёр л аргаар багасгахыг хичээдэг. Ингэснээр хорт хий ялгарч, доошоо хөрсний бохирдол үүсссэнээр гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг олон өвчний эх суурь болдгийг мэргэжилтнүүд сануулдаг юм.

Хаягдлыг ангилах, дахин боловсруулах тухай мэдээлэл, мэдлэг харьцангуй сайжирсан өнөө цагт  байгаль дэлхийгээ хайрлах тухай ойлголт орчин үеийн иргэн таны халаасан дахь хогоо гаргаад хаяхдаа багахан сэтгэл гаргахаас л эхэлнэ гэдгийг ойлгоосой.

Ганц хоёрхон жишээ дурьдахад  27 ширхэг хуванцар саваар нэг гадуур цамц, нэг тонн хаягдал цааснаас 900кг цаас,  190 мянган ширхэг хөнгөн цагаан лаазаар нэг машин босгох боломжтой байдаг байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Намуунтамир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-02-10 04:04:11
    татсан тамхиныхаа ишийг цонхоороо шиддэг ноход их байна,цэвэрлэж байгаа хүнийг харсан чинь бараг 1-2 кг иш харагдсан шүү,үүнийг бас торгууль оногдуул
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-02-09 23:53:16
    hogoo ylgalaa geed bolovsruulah uildver baidag bish yuga yriad bgan solior
    162.158.202.37
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2020-02-10 01:11:10
      Боловсруулах үйлдвэр байгаа, та эхлээд зүгээр л ялгаад хийчих. энд солиороод байх зүйл алга.
      172.69.252.133
      Мэдэгдсэн Хариулах