Б.Гантулга: Манай намын дэмжигчдийн тоо 100 мянга гаруй болоод байна

УИХ дахь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Гантулгатай ярилцлаа.


-Эхлээд хоёулаа танилцъя. Та өмнө нь ямар ажил алба хашиж явсан, хаанахын хүн байна вэ?

-Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Улаанбаатар хотын хуучин Найрамдлын районы 33 дугаар сургуулийг 1987 онд төгсөөд Улсын багшийн дээд сургуульд зураг, шугам зургийн мэргэжлээр оюутан болж байлаа. Нэгдүгээр курсдээ цэрэгт явж ардын армийн 032 дугаар анги буюу хүндэт харуулын ангид хоёр жил алба хаасан. Халагдаж ирээд 1990 онд нэгдүгээр курсдээ эргэж орсон. Тухайн үед зах зээлд шилжих гээд эд бужигнаж байхад “Ардчилал” сонины анхны зураачаар ажиллаж байлаа. Мөн “Монголын дуу хоолой” сонинд зураачаар ажиллаж байсан. Тухайн үед 20-той залуучууд нийгмийн өөрчлөлтийг хүсэж идэвхтэй оролцож байсан л даа. 1990 онд БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах анхны 15 оюутны нэгээр шалгалт өгч тэнцээд Бээжин хотын Барилга дизайны академид график дизайны мэргэжлээр сурахаар болсон. 1996 онд төгсөж ирээд Улсын багшийн их сургууль дараа нь Дизайн урлагийн коллеж, Соёл урлагийн их сургууль, ШУТИС-д үндсэн болон цагаар дизайны мэргэжлийн багшаар ажиллаж, танхимын эрхлэгч, салбарын эрхлэгч ч хийж байлаа.  Тэгээд 2000 онд дизайн технологийн “Од” дээд сургуулийг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл амжилттай явж байгаа. Яахав, 2010 онд их, дээд сургуулиудыг нэгтгэж байх үед “Их засаг” их сургуультай хамтарч тэдний харьяа Дүрслэх урлаг, дизайн, технологийн их сургууль болсон. Нэг ёсондоо татвар, даатгал бүх юм нь тусдаа хамтарч ажиллаж байгаа хэлбэр юм. 2012 онд Боловсрол, шинжлэх ухааны яаманд Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын хэлтсийн даргын ажлыг хийсэн. 2014 онд засаг солигдоход газрын дарга болсон. 2016 онд УИХ-ын сонгуулийн дараа бүтцийн өөрчлөлтөөр халагдсан. Товчхондоо ийм.

-Та тэгвэл Ардчилсан нам талын хүн байсан юм байна шүү дээ?

-Ардчиллыг анх дэмжиж байсан ч тухайн үед яг өнгөрсөн 30 жилийн байдлаар төсөөлж байгаагүй л дээ. Би 1990 оны дөрөвдүгээр сард Ардчиллын анхны чуулганд төлөөлөгчөөр орж байлаа. Тэгээд 1990 оны долдугаар сард гадагшаа сургуульд явсан.

1989 оноос “Монголын дуу хоолой” сонины эрхлэгч, МОНЦАМЭ агентлагийн Гамма студийн зурагчин гээд найзуудтайгаа нийлээд идэвхтэй явдаг байсан. Тухайн үед “Залуу хүнд улс төр арай эртдэх байх” гэж бодоод нэгдүгээрт өөрийгөө боловсруулъя гээд эрдэм номын мөр хөөсөн хэрэг. Бээжинд сургууль төгсөж ирснийхээ дараа 1997-1999 онд Монгол Улсын Техникийн их сургуульд техникийн ухааны магистрыг график дизайнаар хамгаалсан. 2000 онд шалгалт өгөөд мөн Бээжин хотын Чинхуа их сургуульд урлаг судлалын аспирантурт  тэнцсэн. Ингээд дахиад БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр аспирантурт явсан. 2002 онд шалгалтаа өгч тэнцээд докторантурт орж 2005 онд гуравдугаар сарын 18-нд докторын зэргээ хамгаалж байлаа. Ингэж үндсэндээ урд хөршид 11 жил сурч боловсорч 35 нас хүртлээ явсан даа. Тухайн үед интернэт овоо хөгжиж эхэллээ. 2004 оноос интернэт сүлжээгээр тухайн үеийн оюунлаг залуучууд их нэгдэж байсан. Энэ утгаараа 2004 онд Эрс шинэчлэл иргэний хөдөлгөөн гээд гарч ирж байлаа. Батзандан, Магнай, Батбаяр, Амарсайхан, Аюулгүй гээд олон залуучууд уулзалдаад хамгийн анхныхаа хөдөлгөөнийг эхэлж байсан юм. Тэр үед уул уурхайн замбараагүй байдал, төрийн албаны албан тушаалын хэрэг, авлигын асуудал дээр залуучууд өөрчлөлт хийе гээд нэгдсэн. Мөн нэг намын хэт их эрх мэдэл, нэг хүнийг тахин шүтэх хэлбэр рүү орох зүйл гарах нь гэдэг асуудлыг хөндөж байлаа.

-Н.Энхбаярын үе байсан байх аа?

-Тийм. Эрс шинэчлэл, иргэний хөдөлгөөнд одоо МАХН-д байгаа С.Ганбаатар гээд их л олон хүн байсан. Бид холбогдоод үйл ажиллагаагаа нэлээд хүчтэй эхэлсэн. Ингэж явсаар 2007 оны арваннэгдүгээр сард Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуульд заагдсан эрхийн дагуу Иргэний хөдөлгөөний нам гэдэг нам байгуулахад би Улс төрийн зөвлөлийн анхны 11 гишүүний нэг нь болж байлаа. Ингээд 2008 оны сонгуульд боломжоороо өөрсдийнхөө орон нутаг, дүүрэгт нэр дэвшигчдээ илгээсэн. Сонгууль будлиантай болсныг бүгдээрээ мэдэж байгаа байх. Тэр 2008 оны долдугаар сарын 1-н бол бидэнд маш их зүйлийг ойлгуулсан. Нийгэм ямар хэмжээнд очсон байна, эрх барьж байгаа улсууд ямар аймар бохир байна гэдэг нь харагдсан шүү дээ. Тухайн үед бид дундаасаа сонгоод Ж.Батзанданг удирдлагаараа тавиад явж байлаа. Ер нь энэ хүн цаашдаа үнэнчээр иргэд олон түмний төлөө явна гэдэг итгэл үнэмшлээр л сонгож байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бидний хийж байгаа ажил улс орондоо өөрчлөлт хийе гэдэг зорилготой явж ирлээ.

-Одоо ШИНЭ нам байгуулагдчихаад байна. Гэхдээ энэ намыг байгуулагдахад олон нийт “За АН-ын Ж.Батзандан, Л.Болд хоёр хөөгдөөд шинэ нам байгуулчихлаа даа” гэсэн өнцгөөр хүлээж авсан. Та өөрөө энэ намыг үүсгэн байгуулагчдынх нь нэгний хувьд юу хэлэх вэ?

-Үүсгэн байгуулагчид бол ард түмэн буюу иргэд юм. Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Жилийн өмнө өвлийн тэр хүйтэнд төв талбайд жагсаад УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас буулгахаар тэмцсэн. Тэр явдлаар маш олон зүйл ил тод болсон. Тухайн үйл явдлын үед нөгөө АН-ын дарга удирдлагууд М.Энхболдыг хамгаалж байлаа. Түүнээс өмнө Тагнуулын дарга байсан Б.Хурцын асуудал, хэлмэгдсэн хоёр хоригдогчийн асуудал гарч ирсэн. Бүх юм тодорхой бүхэнд ил явдлууд шүү дээ. Тиймээс бид иргэдийнхээ талд байх уу, эрх баригчдын талд байх уу гэдэг сонголтод тулсан юм. Ер нь бол тэгэхэд олон нийт УИХ-ын 76 гишүүнийг бүгдээрээ л муу улсууд гэж харж байлаа. Гэтэл тэр дундаас зоригтой, тууштай таван гишүүн нам харгалзахгүйгээр гараад ирсэн. Цаана нь нам харгалзахгүй МАНАН болчихсон байсан үе. Бидний нүдэн дээр л хоорондоо хэрэлдэж байдаг ч  хөшигний ард түрийвчээрээ нийлдэг, хүүхдүүд нь хоорондоо суудаг тийм л болчихсон шүү дээ. Ингээд ард түмнийхээ талд орсон гээд Ж.Батзандан, Л.Болд хоёр АН-даа хавчигдаж, хөөгдсөн. Би гэхэд 2010 онд АН-д орсон байдаг. Баянзүрхийн дүүргийн намын хорооны гишүүн дараа нь саяхан болтол Үндэсний бодлогын хорооны ч гишүүн байлаа. Тэгэхэд бид намыг шинэчилж болно гэсэн итгэл үнэмшилтэй явсан. Харамсалтай нь, шинэчлэгдэхгүй нь мэдэгдсэн. АН бол эзэнтэй нам гэдэг нь харагдсан. Тэр С.Эрдэнэ даргаас авхуулаад Ц.Элбэгдоржийн асуудал бүгд хамгаалагдаад ирэнгүүт бидний хэсэг нөхөд намаа орхиж байлаа. ШИНЭ нам байгуулагдахаас аль өмнө АН-аас гарах мэдэгдлээ ТВ9 дээр хэвлэлийн бага хурал зарлаад хийсэн шүү дээ. Үүнд нэлээд олон анхдагч нар, МоАХ-ынхан маань оролцоод “Үнэхээр ард түмнийхээ төлөө хэдүүлээ явъя аа, нам гэдэг бүтцэд ороод даргын төлөө явдаг ийм бүтцээс болъя. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна” гэж үзсэн.

-Тэгвэл яагаад нам байгуулахаар болчихсон юм бэ?

-Дээр дурдсан таван гишүүн парламентад том хөдөлгөөн үүсгэж, уур амьсгалыг өөрчилснөөс бүх асуудал эхэлсэн. Хоёр гишүүнийг АН хөөсөн. Дараа нь бид 21 аймаг, есөн дүүргээр явсан. Л.Болд, Ж.Батзандан гишүүдийн хувьд мэдээж бие дааж нэр дэвших боломж бий. Ямар ч байж болно. Нөгөө талдаа иргэдтэй уулзалт хийгээд явж байхад олон түмэн нам байгуул гэдэг санал их хэлсэн. Хүмүүс улс төрийг бохир гэж ойлгодог, энэ хэрээрээ намд дургүй байдаг. Ийм ойлголтыг хэвшүүлчихсэн шүү дээ. Гэтэл хоёр гишүүн уулзалтаа хийгээд явахад хүмүүс нам байгуулаач гэсэн санал тавиад эхэлсэн. Тэгээд нам байгуулах ёстой юм байна гэдэг яриа гарсан юм. Шударга иргэдийн нэгдсэн эвлэл гэдэг нэр бол иргэдээс санал болгосон нэр л дээ. Баянзүрх дүүргийн Бээжин ах энэ нэрийг анх хэлж байсан. Дараа нь Дорнод аймаг, Сүхбаатар, Өвөрхангай аймагт явж байхад хэлж л байлаа. Бид хүмүүсийн санал тавьсан нэрүүдийг цуглуулж байсан л даа. Дараа нь өнөө нэрүүдийг жагсаагаад харахад 300 гаруй нэр томьёо байсан. Гэхдээ одоогийн нэр дээр 40, 50 хүний саналын давхцал орж ирсэн байдаг. Тэгээд энэ зөв юм байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл товчилбол ШИНЭ гэсэн үг юм байна гээд тогтсон. Тэгээд өнгөрсөн оны зургаадугаар сарын 6-нд нам үүсгэн байгуулах анхныхаа Их хурлыг хийсэн. 21 аймаг, есөн дүүргээс 200-аад төлөөлөгч оролцсон. Манай зорилго бол үндэснийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавина. С.Зориг агсны үг байдаг шүү дээ. “Нэгдүгээрт үндэсний эрх ашиг, хоёрдугаарт, төрийн эрх ашиг, тэгээд нам хамгийн сүүлд хувийн эрх ашиг” гэж. Тэр утгаараа Английн тэр Консерватив намын загвараар байх ёстой юм байна гэж үзсэн.

-Тэгэхээр консерватив чиг баримжаатай гэж ойлгож болох уу?

-Үндэснийхээ эрх ашгийг нэгдүгээрт барих, улс үндэстнээ аврахын тулд гэж ойлгож болно. Өнөөдөр нөгөө хоёр том нам маань үндэсний эрх ашгаас илүү хувийн эрх ашигтаа нийцүүлж ажиллаж байна. Олон жил УИХ-ын гишүүн байсан, дарга сайд болсон улсууд эх орон гэж ярьдаггүй шүү дээ. Ядаж иргэдээ ярьдаггүй. Би хувийн секторт байлаа, төрийн албанд ажиллаж үзлээ. Ер нь бол боловсрол, урлаг соёлын салбарт их явлаа. Үндэсний үнэ цэнээ хадгалах хамгийн чухал соёл, урлагаа л гэхэд шууд хаячихсан.

-ШИНЭ намын хувьд хэр олон гишүүд, дэмжигчидтэй болж байна вэ?

-ШИНЭ нам өнгөрсөн оны есдүгээр сарын 12-нд Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Есдүгээр сарын 12-ноос өнөөдрийг хүртэл маш идэвхтэй ажиллаж байгаа. Оны өмнө улс төрийн намын рейтингээр нэлээд сайн амжилттай гарлаа. Манай намын хоёр дарга хоёр дахь удаагаа 21 аймгаар яваад ирлээ шүү дээ. Би саяхан намын томилолтоор Архангай аймгийн сумдаар яваад ирлээ. Ер нь хотынхноосоо илүү орон нутгийн иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг илүү их үздэг юм байна. Мэдээлэл сайтай, ялгаж салгахаа илүү мэдэрдэг болчихжээ. Энэ утгаараа ШИНЭ нам орон нутагт хүлээлттэй байгаа нь мэдэгдсэн. Орон даяар сумууд дээр нэлээд далайцтай анхан шатны байгууллага иргэний зөвлөлүүд байгуулагдаж байна. Ер нь бүгд шинэ юмыг хүсч байгаа юм билээ. Манай нам бол нэгдүгээрт дэмжигчид дээр суурилсан нам. Энэ ямар утгатай гэхээр хатуу гишүүнчлэл байхгүй. Манай намд орж байгаа хүн ямар ч намын гишүүн байж болно. Хэн ч байж болно. Энэ бол дэмжигчид. Намын ажил, улс төрийн тодорхой хэмжээний сонгуульт үйл ажиллагаанд идэвхтэй оролцоё гэсэн хүмүүс гишүүнчлэлтэй орж байгаа л даа. Манайх цаасаар бүртгэхээс гадна дэмжигчдийн онлайн хэлбэрийн бүртгэл явуулсан. Он гарсны дараа 92 мянга байсан одоо бараг 100 мянга гарч байна даа. Тодорхой хэмжээнд мэдээллийг аваад танай намын дэмжигч болъё гэсэн хүмүүс өдөр болгон л хандаж байгаа юм билээ.

-Сонгуульд хэр далайцтай орох бол?

-Нэг талдаа бид дэмжигчид их байна гээд хөөрөөд хөөсрөөд явахгүй. Нэр дэвшигчийг бид өөрсдөө шийдэж болохгүй юм байна гэж бодсон. АН бол ҮБХ-ны хурлаар, МАН бол Бага хурлаараа явдаг. Харин бид бол тухайн тойрогт нэр дэвших бодолтой хүнийг тэндээ сайн ажиллаж байсан, нэр дэвших тойргийнхоо олон түмэнд танигдсан байх шалгуур тавьж ард түмэн хүлээн зөвшөөрөх хэмжээний улсуудыг нэр дэвшүүлнэ. Бас боловсролын асуудлыг ч нухацтай харгалзана. Боловсрол бол их чухал зүйл шүү дээ. Мөнгөтэй болгон нь боловсрол хамаагүй сонгуульд ордгоос болоод л манай орон ийм байдалтай байгаа. Хүнийг хийж чадахгүй ажил руу нь явуулж байгаагаас өөрцгүй гэсэн үг.

-Та нэр дэвших үү?

-Миний хувьд нэр дэвшихгүй. Би энэ намыг хүчтэй байлгах зорилгоор л явж байгаа хүн.

-ШИНЭ намын логог та хийсэн бил үү?

-Хамт олон маань энэ сайхан нэр дээр ямар лого байх вэ гээд ярилцсан. Ингээд би дизайнер, графикийн мэргэжилтэй хүний хувьд өөрөө хариуцаад ажиллая гэсэн. Тухайн үедээ зураач, уран бүтээлч, оюутнуудад зориулж бяцхан зар тавиад хамтарч ажилласан. Энэ утгаараа ШИНЭ намынхаа лого тэмдэг, өнгө, хэлбэр дүрс, утга санаа агуулга бүх юмыг нь нэлээд бодож, тооцоолж бүтээсэн л дээ. Логог хийх гэтэл эхлээд нөгөө л улаан, цэнхэр өнгөнөөсөө салж чаддаггүй. Хүн болгонд хэвшчихсэн байдаг юм байна. Би тэгээд өнгөний судалгаа явуулсан чинь монголчуудын дуртай өнгөнд бол улаан давамгайлдаг юм билээ. Дараа нь бол хөх өнгө яваад байгаа юм. Гэхдээ оранж буюу улбар шар өнгө 40-өөс доош насны залуучуудын 90 хувь орчимд нь таалагдсан байсан. Тиймээс улбар шар өнгийг сонгосон юм. Хэлбэр дүрсийг бол бэлгэдэл зүй талаас нь хөөгөөд зураад л байсан. 500 шахам загвар хийсэн ч нэг л болдоггүй. Тэгэнгүүт нь Шударга иргэдийн нэгдсэн эвслийн ШИНЭ гэдэг үгийг цагаанаар том бичээд улбар шар бөөрөнхий дунд оруулсан.  Ариун цагаан болон галын дөл шиг ургаж буй нарыг бэлгэдэж улбар өнгө сонгосон. Би нарыг их шүтдэг. Нар байхгүй бол хорвоо ертөнц байхгүй шүү дээ. Тэр утгаараа нарыг их бэлгэшээсэн.

Эх сурвалж: Өглөөний сонин
Ж.Баярсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-02-06 17:42:08
    Heden saihan zov zaluus garaad ireesee. manan g hulgai hiilehgui sain zaluus bnuu. Tanai namd
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ШИЭНЭ 2020-02-06 10:01:03
    ШИНЭ НАМ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ. ПОП БАТЗАНДАН БОЛД ХОЁРЫГ ХЭЛДЭГ ЮМ УУ.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-06 07:58:52
    Элсээр байна. Хаана хандах вэ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-06 00:04:54
    ЭНЭ ОЛОН НАМЫН ГИШҮҮНИЙГ ТООГ НЭМВЭЛ ХИЧНЭЭН ХҮН БОЛОХ БОЛ ЛАВ 10. САЯ ХОЛ ДАВНААА ккк
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-05 13:50:35
    Бодлогоо зев тодорхойлоод, боловсролтой хумуус гаргаад узэх л хэрэгтэйдээ.
    162.158.202.37
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-05 10:09:06
    ШИНЭ нам Гантулгад амжилт хүсьe
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-05 09:53:29
    Одоо ард тумэн ийм ноходуудад итгэхгуй болсон шуу дээ зайлаа
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-05 09:31:38
    За битгий худлаа яриарай ийм нам байдаг юм уу гол нь суудал авах хэрэгтэй шуу дээ манай ард тумэн урваж шаравсан хумууст хэзээний дургуй шуу дээ харж л байя даа...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-05 06:52:24
    Шаагаад бай 2 галзуу попчдын намыг хэн сонгодгийн. Монголд хаана юу болно тэр бүхэнд очиж худлаа попроно солиот хүмүүс
    162.158.78.193
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-02-05 05:19:08
    estoi Gorid gehuu dee !
    162.158.202.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Шизочуудын нам 2020-02-05 04:58:17
    ШИНЭ-Шизотой Иргэд Нийлсэн Элийрэл гэсэн үг үү. Ямаа туйлаад янгаа эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй. Хэн ч тоохгүй.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-05 04:49:30
    Та нарыг сонгодог амьтан байхгүй байх аа, Дарга болж улсаас мөнгө идэх гэсэн баахан нөхөд
    162.158.167.13
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-02-05 04:49:11
    Та нарыг сонгодог амьтан байхгүй байх аа, Дарга болж улсаас мөнгө идэх гэсэн баахан нөхөд
    162.158.166.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Улс төр 2020-02-05 04:36:34
    энэ БСШУЯ д байлуу
    172.68.146.239
    Мэдэгдсэн Хариулах