Засгийн газрын нууц тогтоолоор шонхороо гаргасаар байх уу



Монгол Улсын Засгийн газар  2012 онд идлэг шонхорыг  үндэсний бахархалт шувуугаар зарласан. Мөн үндэсний бахархалт шувуутай болсон дэлхийн 88 дахь орон болж бүртгэгдсэн билээ. Иймд  шонхор шувууг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгох,  шонхор шувууг зүй бус хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид  хандан уриалсан нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр. Гэсэн ч “Засгийн газрын нууц тогтоол”-оор халхавчлан идлэг шонхорыг  гадагш  гаргасаар ирэв. Үүнээс үүдэн үндэсний бахархалт шувууны тоо толгой цөөрөх аюул нүүрлээд удаж байна. Шонхор шувууг өгч авалцдаг “нууц” гэх нэртэй нийтэд мэдэгддэггүй хууль зөрчсөн тогтоол, журмуудыг  хэрхэн гаргаж, яаж хэрэгжүүлдэг байсныг хүргэе.

Манай улс анх 1993 оноос идлэг шонхор шувууг арабуудаар бариулж гадаадад гаргаж эхэлсэн байдаг.  Ингэхдээ  гадаадад гаргах шонхорын тоог Амьтны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3-т  заасны дагуу Засгийн газрын тогтоолоор  жил бүр ил тод баталдаг байв. Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлд ан амьтан, загас, шувууг ахуйн, үйлдвэрлэлийн, тусгай гэсэн гурван  зориулалтаар агнаж, барьж болно гэж заасан байдаг.

Ахуйн зориулалт гэдэг нь  анчид, ан сонирхогч иргэд, малчид тухайн орон нутаг /сум/ -аас нь зохих зөвшөөрлийг авч өөрсдийн ахуйн хэрэгцээнд  нэн ховор, ховроос бусад цагаан зээр, бор гөрөөс, гахай, тарвага, үнэг, хярс, ус намаг, ой хээрийн зарим шувуу, түгээмэл тархацтай загас зэрэг ан амьтныг агнах, барихыг хэлдэг.

Монголчууд улсын түүхий эдийн бэлтгэл болон экспортод зориулан тарвага, үнэг, хярс, чоно зэрэг үслэг ан амьтад болон цагаан зээр, бор гөрөөс, гахай зэрэг ан амьтдыг олон тоогоор буюу үйлдвэрлэлийн зориулалтаар агнуулж, мах, арьс зэрэг түүхий эдийн зүйлийг нь гадаад, дотоодын хэрэгцээнд нийлүүлж байсан үе бий. Сүүлийн үед бараг бүх төрлийн ан амьтдын тархац, нөөц, тоо толгой багассан учраас одоо зөвхөн ганц хоёр нуурын загасыг үйлдвэрлэлийн зориулалтаар бариулж урд хөршид гаргадаг болжээ.

Тусгай зориулалт гэдэг нь зарим ан амьтдыг гадаадын анчин жуулчид, иргэдэд болон дотооддоо соёл, шинжлэх ухаан, эмчилгээний зориулалтаар цөөн тоогоор агнуулж, бариулахыг хэлнэ гэж Амьтны тухай хуульд тус тус  зааж өгчээ.

АРАБ РУУ ГАРГАДАГ ШОНХОРЫН ТОО 26 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Амьтны тухай хуулийн 26.3-т “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны нэр, тоо хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”  гэж заасны дагуу сүүлийн 30-аад  жил  тусгай зориулалтаар буюу гадаадын анчдад агнуулах болон амьдаар нь барьж гадаадад гаргах, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнах, барих амьтны нэр, тоог Засгийн газар жил бүр нэг тогтоол гаргаж ил тод баталсаар иржээ.  Энэ нь  харьцангуй шударга үе байж. Цаашилбал, Байгаль орчны багц хуулиудын үндсэн буюу эцэг хууль гэж болох Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчим” гэсэн тавдугаар зүйлийн “Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална” гэсэн хоёр дахь заалтын 2.4-т “байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх”  гэж заасан байдаг.

Гэтэл 2014 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Д.Оюунхорол  салбарын сайд болсноор тухайн жилд тусгай зориулалтаар агнуулах, бариулах ан амьтны нэр, тоог баталдаг Засгийн газрын тогтоолоос шонхор шувуу гэдэг нэрийг зориуд хасч, зөвхөн шонхороор тусгайд нь тогтоолын төсөл боловсруулан оруулж Засгийн газрын нууц тогтоол гээчийг гаргуулж эхэлжээ. Энэхүү хууль бус үйл ажиллагааг нь БОАЖ-ын сайдаар нэг жил хүрэхгүй хугацаанд ажилласан Н.Батцэрэг, одоо салбарын сайдын албыг хашиж  буй  Н.Цэрэнбат нар мэдэж байгаа ч  мэдээгүй дүр эсгэн  мөн л “Нууц тогтоол”  гээчийг гаргуулсаар иржээ.

Идлэг шонхор бол  дэлхийд нэн ховордож CITES /Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц/ -ийн I, Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн хавсралтад орсон нэн ховор шувуу.Иймд улс орнууд шонхор шувуугаа хилээр гаргах, худалдаалахыг хориглосон. Сүүлийн жилүүдэд  Монгол Улс  ганцаараа идлэг шонхороо экспортод гаргаж байна.  БОАЖЯ-наас 2015-2019 онд амьдаар нь барьж гадаадад гаргах шонхорын тоог 2012, 2013, 2014 оныхоос хэд  дахин нэмэгдүүлснээр барахгүй 2015 оноос өнөөг хүртэл  жил бүр Засгийн газрын “Нууц тогтоол” гээчийг гаргуулж нууцлах болсон нь ихээхэн хардлага төрүүлж байгаа юм.

ГАДААД, ДОТООДЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ИДЛЭГ ШОНХОР ЦӨӨРЧ БАЙГААГ АНХААРУУЛСААР БАЙНА

Монгол Улс шонхороо экспортод гаргаж эхэлсэн үе /1993 он/ -ээс хойш түүхэндээ  нэг жилд  395 толгой идлэг шонхорыг гадаадад гаргаж байсан удаа   үгүй. Тэгвэл Дэлхийн зэрлэг байгалийн сангаас Лондонд төвтэй Амьтны хүрээлэнтэй хамтран гаргасан Олон улсын эрдэмтэн судлаачдын илтгэл – тайланд “Зэрлэг ан амьтад /хөхтэн, жигүүртэн, шувуу, загас, нялцгай биетэн, хэвлээр явагч/ -ын тоо толгой 1970 – аад оны  үеийхээс 60  орчим хувиар багассан”  гэж дурдсан байдаг. Мөн 2017 оны есдүгээр сарын 14-нд Киргиз улсад болсон Олон улсын шувуулахуйн холбоо болон Идлэг шонхорын хуралд оролцсон олон улсын эрдэмтэн судлаачид “Сүүлийн хоёр  жилд идлэг шонхорын тоо толгой 40 орчим хувиар буурсан”  гэж мэдэгджээ. Манай улсад Байгаль орчны сайд асан Л.Гансүхийн 2010 оны тавдугаар сарын 18-ны А/146 тоот тушаалаар Идлэг шонхорын нөөц байршлын судалгааг  эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн есөн  баг гаргасан байна. Тэд  42100 км замыг туулан тооллогын ажлыг   гүйцэтгээд “Манай улсад  6835.8 толгой идлэг шонхор байгаа бөгөөд ангаахайн хорогдол нь 70 хувьд хүрч, үржил нь 15 хувиар буурч байна”  гэсэн иж бүрэн судалгааны тайлан-дүгнэлтийг БОАЖЯ-д  тухайн үед  гаргаж өгч байжээ. Идлэг шонхорын эм нь эрээсээ биеэр харьцангуй том, эрч хүч сайтай байдаг учраас арабууд эмийг нь дагнан барьдаг. Иймээс эр, эмийн харьцаа нь алдагдаж үржил нь буурчээ. Тэгвэл  2016 оны есдүгээр сарын 8-нд Төрийн ордонд болсон “Шонхор шувууны зүй бус хорогдол, түүний шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн судлаачид өндөр хүчдэлд цохиулснаас жилд 6000 орчим шонхор хорогдож байна гэж ярьж байв.  Үүний дараа буюу  2017 оны есдүгээр сарын 14-нд Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд болсон “Цахилгаан дамжуулах агаарын шувуунд махчин шувууд хүчдэлд цохиулах эрсдэл түүнийг бууруулах боломж” сэдэвт Үндэсний анхдугаар зөвлөгөөнөөс МУИС, ШУА-ийн ЕБСБ-ийн хүрээлэн, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачдын гаргасан дүгнэлтэд “Мэрэгч амьтдын тоо толгой, тархалтын байдлаас хамааран нэг жилд 713-7950, дунджаар 4116 толгой идлэг шонхор хүчдэлд цохиулж хорогддог”  гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

АРАБЫН ХОЙГИЙН ОРНУУДТАЙ ХАРИЛЦААГАА СЭРГЭЭХИЙН ТУЛД ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ ГЭЖ ҮҮ

Гэтэл С.Оюуныг БОАЖ-ын сайд байх үед буюу 2013 онд 15, 2014 онд 40 толгой шонхорыг гадаадад гаргаж байсан бол Д.Оюунхорол тус салбарын сайд болсон үеээс эхлэн арабуудаар бариулж гадаадад гаргах шонхорын тоог эрс нэмэгдүүлж 2015 онд 149, сайд Н.Батцэрэгийн үед 2016 онд 235, Н.Цэрэнбат сайдын үед буюу 2018-2019 онд нэг жилд гадаадад гаргасан шонхорын тоо тус бүр 395-д хүрч 2013 оныхоос даруй 26 дахин нэмэгджээ.

Анхаарал татаж буй өөр нэг  баримт нь  Н.Цэрэнбат сайдын  хэвлэлд өгсөн /2019.7.10-нд/  ярилцлагад “2010 онд хийсэн шонхорын тооллогоор 7800 орчим байсан бол 2018 оны тооллогоор 10600 орчим болж нэмэгдсэн”.  “Өнөөдөр” сонины 2019.11.20-ны дугаарт өгсөн ярилцлагад “Манай оронд 13000 орчим шонхор байгааг 2019 оны тооллогоор тогтоосон бөгөөд түүнээс 400 орчмыг нь агнахад популяцид сөргөөр нөлөөлөхгүй гэж үзээд шонхор агнах квотыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан” гэжээ. Сайдын дурдсан тоо баримт  нь бодит байдалд үл нийцэх, зөвхөн арабуудад өгч гаргах шонхорын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн болох нь түүний байр сууриас илэрхий   байна. Учир нь сүүлийн жилүүдэд идлэг шонхор шувууны нөөц, тоо толгой нэмэгдэж 13 мянган толгойд хүрсэн гэж үзэх ямар ч үндэслэл, боломж байхгүйг дээр дурдсан судлаачдын болон судалгааны байгууллагуудын гаргасан тоо баримтаас харагдаж байгаа юм.

Мөн Н.Цэрэнбат сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шонхор шувууг Арабын хойгийн орнуудтай харилцаагаа сэргээхийн тулд шонхор барих зөвшөөрлийг олгож байгаа”  гэжээ. Энэ нь  УИХ-ын гишүүн, төрийн сайд, улстөрч хүний хувьд алдаатай, буруу дүгнэлт гэж үзэхээр  байна. Учир нь Монгол Улсын Арабын хойгийн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаа саарсан, сэвтсэн зүйл огт байхгүй. Харин ч сүүлийн жилүүдэд талуудын хамтын ажиллагаа идэвхжиж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Үүнийг төрийн сайд байтугай жирийн   иргэн  хэлэх байх.  Ер нь бол 2015 оноос өмнө аливаа зориулалтаар агнах, барих ан амьтны нэр, тоог нууцалж байсан түүх Монгол Улсад байхгүй. Байгаль орчин, ан амьтны талаарх олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын ямар ч хууль тогтоомжид энэ талаар тусгагдсан зүйл байдаггүй.

Амьтны тухай хуулийн 26.3-д “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”  гэж заасны дагуу 2015 оныг хүртэл тусгай зориулалтаар буюу гадаадын иргэд, анчид жуулчдад агнуулах ан амьтны тоотой хамт гадаадад гаргах шонхорын тоог Засгийн газрын тогтоолоор ил тод баталсаар ирсэн байна.Харин “Нууц тогтоол” гээчийг анх санаачлан гүйцэтгэгч нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол юм. Тэрээр  2015 онд БОНХАЖ-ын сайдын албыг хашиж байхдаа арабуудаар бариулах шонхорын тоо, зориулалтыг нууцлах, төлбөр, хураамжийг нь дутуу төлүүлэх, түүгээр үл барам шонхор шувуудыг ямар ч үнэ төлбөргүйгээр тэдэнд бэлэглэх зэрэг хууль бус “шинэ санаачлага” -ыг анх гаргажээ.

Засгийн газрын нууц тогтоолын талаар 2016 оны хавар “Үндэсний бахархалаа наймаалцсан нууц тогтоолын эрэлд” гэсэн нийтлэл хэвлэлд  гарч  байсан удаатай. Түүнд гадаадад гаргах шонхор шувууны тоог нууцлах болсныг шүүмжилж, энэхүү алдаагаа засахыг салбарын  сайдаас шаардсан байдаг.

Монгол улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д  “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, мөн 6.2 –т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”  гэж заасан байдаг. Эндээс  ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байдаг төрийн өмчийг хэн нэгэн төрийн түшээ, албан тушаалтан дур мэдэж гадны иргэдэд үнэ төлбөргүй бэлэглээд, ая тал засаад байж болох уу гэдэг асуулт гарч байгаа юм.

Кувейт, Саудын Араб, Эмират, Катар, Бахрейн зэрэг гарын таван  хуруунд багтах хэдхэн оронд гаргах  шонхорын тоог 1993 оноос эхлээд л Засгийн газраас ил тод тогтоож төлбөр, хураамжийг нь төсөвтөө бүрэн төлүүлчихээд гаргасаар ирсэн баримт бий. Ийм байдалтай 27 жил ямар  нэгэн зориулалт заахгүйгээр экспортод гаргасан атал  БОАЖЯ-ныхан  2015 оноос эхлэн  Соёлын зориулалтаар эсвэл бэлэг нэрээр гаргаж байна гэдэг болсон.

Тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын санаачлагаар “Идлэг шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлэгдэл болгон” Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолоор  Монгол Улсын Үндэсний бахархалт шувуу болгон зарлан тунхагласан. Энэ тогтоолыг үндэслэн тухайн үеийн БОНХАЖ-ын сайд асан С.Оюун идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван  жилийн хугацаагаар хориглох тухай Засгийн газрын 15 дугаар тогтоолыг 2013 оны нэгдүгээр сарын 12 –нд гаргуулсан. Гэвч сайд асан Д.Оюунхорол энэ тогтоолыг үл хэрэгсэн нөгөө л “Нууц тогтоол” гэгчээ  гаргуулан Үндэсний бахархалт шувуугаа хэдэн зуугаар нь соёлын зориулалт, эсвэл бэлэг гэдэг нэрээр гадаадад гаргах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсныг юу гэж ойлгох вэ.

Шонхороос орж буй орлого хаашаа орж, юунд зарцуулагддаг нь тодорхойгүй. Иймд гадагш нь гаргаж буй шонхорын тоог хуульд зааснаар ил тод баталж төлбөр хураамжийг нь төсөвт бүрэн оруулж байхыг шаардах эрх Монгол Улсын иргэн хэнд ч бий.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-02-07 00:10:32
    Muusain ue ueiin avilgach shunsliin tulam bn huvhai har tolgoitnuud.ene dundaas hamgiin tom avilgach tulam n oyunhorolton avgai.oyunhotoltong zailuulya.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Munhuu 2020-02-06 07:14:39
    Shonhor.bol.nuudliin shubuu.ushir.tusgai hynalt.shalgaltan dor.geree.hiij.zolson orlogiig huuhdiin yumuu hund ubchtei hund.zoriulah heregtei haashdaa hel dabaad...
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-02-05 17:18:32
    Цэрэнбат сайд шонхор шувууг өөрөө тоолоод илүүг нь зараад бгаан бн . Сэм нууц тогтоолоор зардаг бсн бол тоолж байгаал
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • dahin ene zasagiig songohgyi syy! 2020-02-05 12:57:47
    Odoonoos Sonhor sybyygaan arabyydad egch bolohgyi ee!end bichlee geed haihrah bis dee!!ene zasagiig solih ni chyhal boljee!!
    162.158.23.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-05 08:12:19
    Оюунхорол БОХ-д сайд биш СААД болсон шүү
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-05 06:27:33
    Одоо ч бараг шонхор шувуу дуусч байгаан бна даа.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-05 04:10:25
    Oyunhorol uugeer amidraad olon jil bolj bgaa yu?
    162.158.92.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2020-02-05 03:07:59
    Энэ 5 сараас эхлэн хэрэгжих Үндсэн хуулийн дагуу өөрчлөгдөх Байгаль орчны багц хуулийг хүлээсэн нь дээр юм даа.
    172.69.134.204
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-02-05 02:18:07
    shaa shaa uliin tsagaan ohtonoo dilehgui bj. heden myangaar ni gargaj bgaagchin MGLiin ard tumen buged medej bga. Muusain goliison hulgaichuud taanriig golog bo...
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах