ХҮН, МСДН-ууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хөдөлмөрийн үндэсний нам болон Монголын социал демократ нам нь улс төрийн үзэл баримтлал, бодлогын хувьд зүүн төвийн буюу социал демократ намууд юм.

Монгол Улсад нийгмийн баялгийн хуваарилалт гажиж, баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэн, цөөхөн бүлэг этгээдүүдэд эрх мэдэл, эд хөрөнгийн хэт төвлөрөл үүсч, Монгол орон маань монгол ХҮН эрх тэгш, амар амгалан амьдрах боломжгүй, амьд үлдэхийн төлөөх тэмцлийн талбар болжээ.

Улмаар Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, парламентын засаглал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төр, эв нэгдэл зэрэг төр, нийгмийн суурь үнэт зүйлс алдагдаж, харь гүрний гар хөл бологчид, “авлигын сүлжээний эзэд”-ийн хууль ёсны дарангуйлагч болох шуналын золиос болж байна.

Иймд тусгаар Монгол Улсад шударга ёсыг тогтоох, тэгш боломжийг бүгдэд олгох, хүмүүнлэг, иргэний, ардчилсан төрийн зарчмуудыг бодитоор хэрэгжүүлэх, хэсэг бүлгийн бус нийтийн сайн сайхны төлөө хүн төвтэй улс төрийн бодлогын зохистой шийдлүүдийг гарган хэрэгжүүлэх нь ардчилсан дэвшилтэт үзэлтэй улс төрийн хүчнүүдийн түүхэн үүрэг болоод байна.

Манай хоёр нам хүнээ дээдэлсэн зүүн төвийн улс төрийн бодлоготой намуудын хувьд эвийг эрхэмлэн, хүчээ нэгтгэх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, хамтран ажиллах зорилгоор харилцан тохиролцож хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна.

Түүнчлэн нам тус бүрийн эрх бүхий байгууллагаас холбогдох улс төрийн шийдвэрээ гаргасан тохиолдолд 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон оролцох боломжтойг үүгээр мэдэгдэж байна.

Бусдад түгээх
  • gplus