Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, хил хаав
Дэлхий нийтэд коронвирусын дэгдэлт анхаарлын төвд ороод байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас дэлхий нийтээр онц байдал зарлав.  Манай улсын хувьд коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна. Тухайлбал, Засгийн газрын баасан гарагийн хуралдаанаар БНХАУ-тай холбогддог хилийн боомтуудыг хэсэгчлэн хаах шийдвэр гаргалаа.
Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе ээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэв

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ сарын 16-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн дагуу  асуудлыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой байв. Гэвч парламент хугацаа сунгаад ч юмуу хууль зөрчөөд ч юмуу асуудлыг 14 хоногийн дараа шийдвэрлэв.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Бүлгийн хуралдааны үеэр намын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өөрөө өргөдлөө өгөөд явахыг санал болгосон тухай эх сурвалжууд мэдээлж байв. Улмаар Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярыг түдгэлзүүлэхийг дэмжиж, байнгын хороод дэмжсэнгүй.

Харин пүрэв гарагийн үдээс өмнө чуулганы хуралдаанаар уг асуудлыг хаалттай хэлэлцээд нууц санал хураалт явуулж, УИХ-ын Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн ч уг саналыг баталгаажуулах тогтоолын төслийг илээр батлахад гишүүд дэмжсэнгүй. Улмаар чуулганы хуралдаан түр завсарлах үеэр Н.Номтойбаяр гишүүн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэхээ мэдэгдлээ. Харин удалгүй чуулган цаг сунган хуралдаж, чуулганы үдээс хойших хуралдаанаар унагасан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг баталгаажуулах тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар дахин босгож дэмжлээ.
 
УИХ-ын сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-нд болно

 УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.

лсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно; ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна; ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоохоор тусгажээ.
 
Сонгуулийн тойрог болон мандат хуваарилалтыг эцэслэв
 
“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.
 
Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгажээ. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойргийг тус тус байгуулахаар тусгажээ. Харин бусад аймаг болон нийслэлийн бусад дүүргүүд тус бүрдээ сонгуулийн нэг нэг тойрог байхаар зохицуулсан байна.
 
Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байхаар тусгажээ. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүргийн сонгуулийн 21 дүгээр тойрог 2 мандаттай, Сүхбаатар (сонгуулийн 24 дүгээр тойрог), Чингэлтэй (сонгуулийн 25), Баянгол (сонгуулийн 26 дугаар тойрог), Хан-Уул дүүрэг (сонгуулийн 29 дүгээр тойрог)-үүд тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх дүүрэг 5 мандат (сонгуулийн 22 дугаар тойрог 2, сонгуулийн 23 дугаар тойрог 3 мандаттай)-тай, Сонгинохайрхан дүүрэг 5 мандат (сонгуулийн 27 дугаар тойрог 2, сонгуулийн 28 дугаар тойрог 3 мандаттай)-тай байхаар тусгажээ.
 
Хил хаах шийдвэр гаргав

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын хилийг хэсэгчлэн хаах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.

Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа. Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-хүртэл нэвтрүүлнэ. Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлэх юм.

Харин бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.
 
 О.Онон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.