Н.Түвшинбаяр: Монголын жүдочид дэлхийн хамгийн  хүчтэй өрсөлдөгч

Хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг нь үүрэлцэж явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Тэгвэл тив, дэлхийн дэвжээнд зодоглохдоо  монголчуудынхаа итгэл найдварыг үүрч мөн Монголын  жүдо бөхийн спортод ямар асуудал тулгамдаж байгаа болон түүнийг  хэрхэн шийдэх гарц гаргалгааг ч  давхар эрэлхийлж явдаг нэгэн  эрхэм бий. Энэ хүн бол  Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн  аварга  Н.Түвшинбаяр билээ. Түүнтэй ярилцсанаа толилуулъя.

 

-“Бээжин-2008” олим­пийн наадмаас өгсүүлээд Монголын жүдо бөхийн ололт, амжилт тантай салшгүй холбоотой явж ирлээ. Энэ спортод найдвар алдаггүй хэмээгдэж, дэлхийд данслагдсан тамирчны хувьд 2020 оны Токиогийн олимпийн өмнө  салбарынхаа ололт, амжилтыг хэрхэн харж  байна вэ?

-Уул усанд ам гарч болдоггүй гэж монголчууд хэлдэг. Яг түүн шиг  аль ч  спортын босго өндөр, дэлхийн дэвжээ хатуу.  Хэн  илүү хөлсөө урсгаж, хичээж хөдөлмөрлөснийг шалгадаг амаргүй  талбар. Миний хувьд жүдо бөхийн спортоор олон жил тасралтгүй хичээллэж ирсэн  тамирчин хүний  байр сууриас   таны асуултад хариулъя. Тамирчин хүн “Би тэртэй тэргүй мундаг”  гээд хичээхгүй байвал хэн ч биш болж хувирна. Тиймээс өдөр бүр хичээж зүтгэх ёстой.  “Би чадна” гэж бардаж, орхиж болохгүй. Хэн байхаас  үл хамаарч тамирчин хүн өглөө сэрэхээс эхлэн бүх зүйлийг анхаарч, жижиг гэлтгүй дасгал сургуулилтаа цогцоор нь хийх ёстой. Ингэж байж эх орон, ард түмэн, гэр бүл, өөрийн төлөө тэмүүлж, зүтгэж чадна. Ер нь байгаль дэлхий дээр амьдарч байгаа хүн бүхэн өөр өөрийн өмнөх зорьж бүтээж яваа зүйлд  ингэж хандах учиртай байх.

Монголын жүдо бөхийн холбоо  2020 онд үйл ажиллагаандаа шинэлэг зүйлүүдийг оруулж, дүрэмдээ   өөрчлөлт хийсэн.  Удирдах арга барил, үзэгч дэмжигчдийн сонирхлыг татах чиглэлд олон шинэ зүйл нэвтрүүлсэн.Үүний дүнд  хамрах хүрээгээ тэлж чадсан.

Дэлхийн олон  орон   жүдогийн холбоонд нэгдэн орсон байдаг. Бараг 205 орон энэ холбооны гишүүн. Тэгэхээр дэлхийн хэмжээнд жүдо бөхийн спорт  жигд хөгжсөн. Орчин үед техник технологи, шинжлэх ухаан өндөр хөгжиж байгаа учраас тамирчин хүн 18 настайгаасаа л амжилт гаргах боломжтой болсон. Монголын жүдогийн тамирчдын хувьд дэлхийд маш хүчтэй өрсөлдөгч гэж яригддаг. Гэхдээ энэ талаар  дотооддоо анхаарах асуудал олон бий. Түрүүнд хэлсэнчлэн “Би мундаг” гээд эсвэл “Би чаддаг” гээд хичээхгүй бол амжилт нь хэчнээн байраар  ухрах магадлалтай. Тиймээс  дор бүртээ анхаарч,  цаг мөч бүхэнд  зөв бодлого, менежментийг хийх хэрэгтэй. Энэ ажлыг Монголын жүдо бөхийн холбоо зохицуулж  ирсэн. Оны өмнөхөн манай холбооны удирдлагууд шинэчлэгдсэн. Дасгалжуулагчид  болон нарийн бичгийн даргад шинэ хүмүүс томилогдож,  2020 оны эхнээс бодлогоо гаргаад явж байна. Ер нь бол жүдогийн спортод  нэг тамирчин бэлдэж гаргаж ирэхэд  хугацаа ордог. Учир нь байгалиас заяасан авьяас, өндөр өгөгдөлтэй хүнийг олж бэлдэх  хэцүү. Харин багийг бэлтгэж, бэлтгэл сургуулилтыг нь   сайжруулахад 4-8 жил  шаардлагатай. Өнөөдрийн байдлаар Монголын жүдо бөхийн спорт  тийм ч доор ортлоо уначихаагүй байна. Гэхдээ 2020 оны олимпийн наадмын өмнө ачаагаа тэгшилж,  татлагаа  чангалж авсныг зөв байх гэж бодож байгаа. Одоогоор  холимог багийн  төрөлд багаараа  олимпийн эрх авчих болов уу гэсэн бодолтой бүгд  бэлтгэл сургуулилтаа базааж  байна. Миний хувьд багийнхантайгаа  олон жил хичээллэж ирсэн учраас бэлтгэл сургуулилтаа таслахгүй өдөр бүр хийж байгаа.

-Уул усанд ам гарч болдоггүй гэж монголчууд хэлдэг. Яг түүн шиг аль ч спортын босго өндөр, дэлхийн дэвжээ хатуу.


-Улс орнууд спортын салбартаа хангалттай  мөнгө зарцуулдаг. Манай засаг, төрийн зүгээс спортын салбарыг  хэр дэмждэг вэ. Тамирчдаа амжилт гаргах нөхцөл боломжоор  нь хангаж чаддаг уу?

-Манай холбооны хувьд гол ачааллыг холбооны ерөнхийлөгч  нуруундаа үүрч явдаг. Улсаас үзүүлдэг тусламж, дэмжлэг тун хангалтгүй. Ганц жүдо ч биш спортын бүх төрөлд манай төр, засгийн зүгээс дэлхийн түвшинтэй өрсөлдөхүйц хэмжээний санхүүжилт олгож байсан удаа үгүй. Улс орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн боломжоос шалтгаалж иймэрхүү байдалтай явж  ирсэн  болов уу. Тэгэхээр дэлхийн хөгжингүй орнуудтай харьцуулах боломжгүй. Тив, дэлхийн том, жижиг аливаа  тэмцээнд очиход  гадны тамирчид манайхны цалин, хангамжийг ихээхэн сонирхож асуудаг. Шигшээ багийн тамирчид сард авдаг цалингаа хэд нугалж  хэлсэн ч  тэдний түвшинд хүрэхгүй, иймд  санаа зовом, ичмээр зүйлүүд  гардаг л юм. Хэдийгээр одоо ийм байгаа ч  цаашид  төр, засаг маань зөв бодлого явуулж  эхэлбэл энэ байдал сайжрах  байх. Гэхдээ боломж нөхцлөөс хамаарах, бас ойлгож хүлцэх  зүйлүүд ч байдаг биз ээ.

-Мэргэжлийн  холбоо болон   дасгалжуулагч, тамирчдыг асуудал дэвшүүлэхэд  салбарын яам нь,  цаашлаад Монголын төр  хэр  анхаарч сонсдог юм бол?

-Манай урлаг, спортынхны нөхцөл байдал адилхан. Тамирчдын хувьд шигшээ багийн цалингаас өөр орлогогүй. Дуучид бас ч гэж тоглолт хийгээд  мөнгө олдог шиг байгаа юм. Тамирчдын боломж гэвэл аль нэг компанийн захирал тухайн спотын төрөлд дуртай тохиолдолд дэмжлэг үзүүлж магадгүй, тэр нь  өдрийн од шиг. Өөр нэг асуудал нь  тамирчин хүний дараагийн карьерийн асуудал тодорхой бус. Амжилт гаргаж байгаа цөөн хэдэн тамирчин тухайлбал, олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль авбал тусгай хангамжийн цалин олгодог. Энэ бол тамирчин хүнд яалт ч үгүй хэрэгтэй. Жишээ нь би өнөөдөр таван хүүхдийн эцэг, өрхийн тэргүүн хүн. Сарын 300-400 мянган төгрөгийн цалингаар амьдарч, байнгын бэлтгэл сургуулилт хийж  тэмцээн уралдаанд ороод явахад  хэцүү, ер нь бол ямар ч боломжгүй  шүү дээ. Тэгэхээр амжилтыг үнэлсэн урамшууллын цалин яах аргагүй өнөөдрийг хүртэл спортоор хичээллэхэд нэмэр болсон. Нөгөө талаар, байгалиасаа авьяастай, өндөр өгөгдөлтэй тамирчныг  тухайн спортод удаан барих хэцүү. Мэдээж тэр хүн гэр бүлтэй болно. Хувийн амьдралаа авч явах шаардлага тулгарна. Үүнээс  болж бэлтгэл сургуулилт нь тасалдаж, спортоос хөндийрөх  асуудал үүсдэг. Энэ бүхэн эргээд  нөгөө л санхүүгийн асуудалтай холбоотой. Тэгэхээр тамирчны карьер дууслаа гэхэд  дараагийн ажлын байрны асуудлыг шийдэх хэрэгтэй. Ийм баталгаатай байх нь  тамирчин хүний амжилт гаргах  бас нэг хөшүүрэг болно.

Өнөөдөр шигшээ багийн тамирчны сарын цалинг доллартай жишвэл 200 хүрэхгүй ам.доллар байгаа. Гадны тамирчдын цалин доод тал нь  3000 ам.доллараас эхлэн нэмэгдээд явдаг.  Бид болоод тэдний хооронд цалингийн ийм зөрүүтэй, бэлтгэл сургуулилт хийхээс эхлээд бусад нөхцөл бололцооны тухайд их ялгаатай. Гэтэл тэдэнтэй эн тэнцүү, зарим талаар илүү шахам өрсөлдөж байгаа тамирчид манайд  бий. Хэрэв манай тамирчдын цалин хангамж тэдэнтэй дүйцэх хэмжээнд очвол дэлхийн түвшинд ямар ч асуудалгүйгээр  өрсөлдөх бололцоотой. Мэдээж үүний цаана  тухайн тамирчны өөрийнх нь хариуцлага, үүрэг нэмэгдэнэ.

-Монголын жүдо бөхийн спорт тийм ч доор ортлоо уначихаагүй.


-Та олон удаа эх орныхоо  нэрийн өмнөөс  дэлхийн дэвжээнд зодоглож, энд тэндхийн алдартай бөхчүүдтэй хүч үзэн ялж бас ялагдаж хат суусан тамирчин. Хэдэн тэрбум хүн амтай том улсын, манайх шиг цөөн хүн амтай жижиг улсынх  гээд янз бүрийн  бөхчүүд байгаа.  Монгол хүний, манай бөхчүүдийн онцлог, давуу тал нь юу  вэ?

-Монголчууд багаасаа амьд биеттэй харилцаж өсдөг. Тэр нь мал аж ахуй юм. Морь малтай байнга ноцолдож байдаг малчин хүний аж амьдрал дундаас  ялангуяа, бөхийн төрөлд  амжилт гаргах хүүхдүүд их төрдөг. Энэ нь хүүхэд ахуй наснаас тэр ойлголт, бэлтгэлжилт, бэлэн байдлыг сурчихсан, байнга хүчний дасгал хийдэгтэй холбоотой. Дээр нь байгалийн нөхцөл байдал,  Монгол орны  эрс тэс уур амьсгал их нөлөөлдөг  шиг санагддаг. Учир нь  ус, ургамал сайтай газарт эрүүл чийрэг, өсгөлүүн биетэй хүүхдүүд төрж гардаг нь ажиглагддаг. Монголын залуус байгалиасаа чадварлаг, аливаа зүйлийн эв дүйг амархан олдог,  оюун санааны хувьд ч гэсэн сийрэг байдаг. Үүнийгээ зөвөөр ашиглаж, орчин үеийн хөгжил,  нийгэмтэй хөл нийлүүлэн алхах юм бол Монголын залууст  чадахгүй, мэдэхгүй, хэцүү гэж хойш суух зүйл байхгүй.

-Олон сэтгүүлч танаас асууж байсан байх. Олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргаад медалийн тавцан дээр зогсч байхад юу бодогдож байсан бэ гэж. Тэр үед та  залуу,  хүсэл мөрөөдлийн хувьд  дэврүүн  явсан байх. Одоо ийм мөчид?

-Залуу байхад би чадлаа, амжилт гаргалаа гээд  догдолж баярлаж олон  юм  боддог. Тив, дэлхийн дэвжээнд улс орныхоо нэрийг олон удаа гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлж зогсоход би гэхээс  илүүтэй бид гэж боддог болчихдог. Тэр тусмаа Монгол гэж дуудах бүрт “Монгол хүн ямар байдгийг үзүүлэх ёстой. Мэдлэг чадварын хувьд ч харуулах ёстой. Ард түмнээ баярлуулах ёстой. Аль ч оронд явсан эх хэлээр нь мэндэлчихдэг, ойр зуурын  яриа өрнүүлчихдэг болох ёстой, боловсрол эзэмших ёстой. Өмссөн зүүсэн гэхчлэн  гаднаасаа  харагдахаас эхлээд биеэ зөв авч явах,соёлтой хандах, харилцааны асуудлыг анхаарах  хэрэгтэй гэхчлэн хичээдэг. Монголоо бодох нь хамгийн наад зах нь гэхэд ийм зүйлүүдээс эхэлж үүсдэг  юм байна лээ. Тэр нь яваандаа илүү  өргөн, улам гүнзгий болдог. Дэлхийн аль ч улсад тэмцээн, уралдаанд оролцохоор очиход эх оронч үзэл сэтгэл зүрхэнд гүн бат  суудаг. Би юуны төлөө энд ирсэн билээ гэж боддог.  Тиймээс  улсынхаа нэрийг гаргах ёстой гэж  зүтгэдэг.

-Олимпийн хос медалийг энгэртээ гялалзуулж, тив, дэлхийд танигдсан тамирчин болоод ирэхийн цагт  эргээд энэ олон жилийн туршлага, алдар цол, түүнийг дагаж  бий болсон үнэ цэнийг  жүдогийн спортод хөрөнгө оруулалт   болгож хэрэгжүүлэх талаар  та  юу бодож эргэцүүлдэг  вэ?

-Өнөөдөр бэлтгэлээ  тасралтгүй хийгээд явж байгаа нь миний оруулж чадах хамгийн бодитой  хувь нэмэр юм. Өөрийн чадах зүйлээр мөн өөрийн чадах хэмжээгээр л зүтгэж байна. Залуус  дүү нартаа, шинээр гарч ирж байгаа тамирчиддаа сахилга бат, хүмүүжлийн талаас нь хэлж,  зөвлөж,  засах зүйлүүдийг нь анхааруулж  байдаг. Тамирчин хүнд сэтгэл зүйн бэлтгэл маш чухал. Багийнхан маань тэмцээн уралдаанд оролцохдоо олимпийн аваргатайгаа хамт шүү  гээд орох нь сэтгэл зүйн хувьд нэмэртэй байдаг болов уу гэж бодоод хэрэндээ хичээдэг. Тиймээс энэ хэдтэйгээ хамт   бэлтгэлээ байнга  хийж  байна. Цагаан сар гараад миний  37-ны жил орж байгаа. Энэ бол Монголдоо төдийгүй дэлхийд ахмад настны тоонд орж байгаа үзүүлэлт. Гадны улс орнуудад тэмцээнд очиход дасгалжуулагч, шүүгчид нь  “Найдан/гадаадын улс орнууд  хүний нэрийг овгоор дууддаг/  тэмцээнд оролцож  байгаа юм уу. Тэмцээнд оролцож байгаад баяр хүргэе” гэдэг юм.  Сэтгүүлчид нь  “Та хэзээ зодог тайлах вэ” гэж байнга асуудаг. Сүүлийн үед бүр ч их асуух болсон шүү.

-Та зодог тайлсныхаа дараа багтаа дасгал­жуулагчаар үлдэх үү, эсвэл…?

-Би спортоор хичээллэж өдий зэрэгтэй явж  ирлээ. Спорт миний амьдралд их зүйлийг өгсөн. Дэлхий ертөнцийг харах үзэл бодлыг минь хүртэл өөрчилсөн. Мөн өнөөдрийг хүртэлх сэтгэл оюуны, бие хүний  асар том төлөвшил,  боловсролыг олгосон болохоор би спортод  хайртай. Манай улс  спортын салбараа жигд хөгжүүлж чадвал тив, дэлхийд амжилт үзүүлэх боломж бололцоо  тамирчдад  маань  дүүрэн бий. Үүнийг  өөрийн биеэр мэдэрч, бусад улс орны нөхцөл байдалтай харьцуулан харж байдаг учраас үлдсэн амьдралынхаа замд мэдээж спортдоо зүтгэнэ. Өөрийн боломж бололцоо,  чадах чинээгээр хичээж ажиллана.

-Жижиг зүйлээс эхлэн хичээж байж том амжилт ирдэг.


-Тэгвэл бэрхшээлийг та юу гэж харж, тооцож байна?

-Урагшаа зүтгэж байгаа, амжилт гаргах гээд оролдлого хийж байгаа бүх л салбарт бэрхшээл байдаг. Мэдээж спортын салбарт бэрхшээл бий. Тэглээ гээд ухарч болохгүй. Түүнийг даван туулах ёстой. Ямар нэгэн гарц, гаргалгаа байж л таарна. Тиймээс бэрхшээлийг даван туулж амжилтын төлөө урагшаа хараад зүтгэх нь чухал. Хамгийн гол нь үүнийг ойлгох хүмүүс нь Монголын  ард түмэн юм. Монголчууд нийтээрээ тамирчдаа дэмжиж, ойлгож байх хэрэгтэй. Өнөөдөр хоёр ялчихаад  нэг ялагдахад нь хэтэрхий их хариуцлага үүрүүлж, янз бүрээр хэлж болохгүй. Сэтгэл зүйн бэлтгэл сул залуу тамирчдад ийм зүйлүүд  муугаар нөлөөлдөг. Өнөөгийн залуусын боловсрол өндөр болсон, дэлхийн улс орнуудад сурч боловсрохоос  гадна  цахим орчинд  хязгааргүй аялж байна. Ухаалаг  гар утас нэвтэрсэн  учраас дэлхийн өнцөг булан бүрт байгаа зүйлүүдийг хайж олоод  судалж мэдэж чаддаг  болсон. Спортод гол нь санхүүгийн тогтолцоог бий болгож  бэхжүүлэх ёстой. Дээр нь зөв удирдан  зохион байгуулах юм бол аль ч салбар хөгжинө.

-2020 он бол олимпийн жил. Та бид Монгол Улс  их спорт, олимпийн түүхэнд шинэ хуудас нээх түүхэн цаг хугацааны эхлэл дээр  ярилцаж байна. Монголын нийт ард түмэн, тэр дотроос тамирчиддаа хандаж хэлэх үг танд байж таарна?

-Монголын ард түмэн, монгол хүн давуу тал олонтой. Монгол Улс олимпийн түүхэнд тод мөртэй, гаргасан амжилттай. Энэ удаагийн олимпийн наадам Япон улсад болно. Газар зүйн байрлалын хувьд манай улстай  ойрхон, цагийн зөрүү багатай орон. Үүнээс үзэхэд  монгол хүн бие организм, ажиллах чадварын хувьд давуу байх бүрэн боломжтой. Тиймээс үлдсэн таван  сарын хугацаанд хичээх юм бол олон зүйлийг олж авч чадна. Өөртөө итгэлтэй байх учиртай. Аливаа зүйлд санаа сэтгэлээ чилээхгүй байх хэрэгтэй. Ямар ч төрөлд оролцсон амжилт гаргаж медальд хүрье гэж зорьж  байгаа тамирчин жижиг сажиг асуудалд энергиэ зарж цалгардуулж болохгүй. Хэтэрхий их хичээж, сэтгэл санааны дарамт стресст орохгүй байхад хичээгээрэй гэж залуу тамирчиддаа  хэлэхийг хүсч байна. Энэ бүхнийг би зүгээр нэг хэлсэнгүй. Өөрийн алдаанд тулгуурлаж  хэлж байгаа юм. 2008 оны Бээжингийн олимпод би учраа ч мэдэхгүй дөнгөж 24 настайдаа  оролцсон. Тэр үед ядарч зүдрэхийг огт мэддэггүй байлаа. 2012 оны олимпод  дотроо их юм бодчихсон, тэндээс алтан медаль авах ёстой, өмнөх амжилтаа давтахгүй бол би хэн ч биш гэсэн ойлголттой очсон. Гэтэл энэ даваа маш хатуу болохыг  мэдэрсэн.  2016 оны олимпод оролцохдоо ямар алдаа гаргав, юу мэдэж  авав гэвэл би  бусдаас нэг  дахин илүү хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгосон.  Хэтэрхий  их бэлтгэл  хийж, өөрийгөө стресст оруулж болохгүйг мэдсэн. Хүний бие организм амрах цагтаа амарч, ажиллах цагтаа ажилладаг учраас зохицуулах ёстой. Зөвхөн тамирчин  гэлтгүй бусад салбарт ажиллаж байгаа хүмүүст ч энэ  маш чухал. Амралт, ажил хоёрын  нэг нь хэтэрвэл амжилт бүтээл бага гарна. Тэгэхээр хүн өдөр болгон би үүнийг хийчихвэл мундаг болно, тэрийг хийвэл тийм болно гэхээс илүү өөрийн орчин тойрон дахь жижигхэн зүйлээс амжилт ирдгийг ухаарах  хэрэгтэй.Нэг л жижигхэн зүйлийг зөв хийгээд байвал амжилт ирэх магадлал нь их. Өөрөөр хэлбэл, зөв хэвшил гэдэг зүйл орчин үеийн залууст маш хэрэгтэй. Үүнийг хэвшүүлчихвэл ихийг сурч мэдэх, чадах боломжтой. Жижиг зүйлээс эхлэн  хичээж байж том амжилт ирдэг.  Түүнээс биш өнөөдөр залхуурч хэвтэж байгаад маргааш нь гэнэт  хөдөлгөөнтэй сэргэлэн болчихдоггүй. Өдөр бүрийн давтамж, зуршил болгосон цагт амжилт ирнэ.  Ард түмэндээ хандаж хэлэхэд  нийтээрээ нэг сэтгэлээр тамирчдаа дэмжээрэй. Бид хамтдаа байгаа цагт бүхнийг чадна. Танай сонины хамт олон, нийт уншигчид,  ард түмэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн сар шинэдээ  сайхан шинэлээрэй.
 


-Тамирчны карьер дууслаа гэхэд дараагийн ажлын байрны асуудлыг шийдэх хэрэгтэй. Ийм баталгаатай байх нь тамирчин хүний амжилт гаргах бас нэг хөшүүрэг болно.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-02-04 10:59:06
    Одоо ч хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй байхаа
  • aldartai abraga daa;;;; 2020-01-31 10:57:02
    Tybsinbayar bidnii baharhal Mongolchyydiin nar,tyygeer harah chonh men!!!
  • Мөнхжаргал 2020-01-29 13:19:01
    Хамгийн хүчтэй өрсөлдөгч орон гэхэд хэцүү болсон доо.
  • 1111111 2020-01-29 10:38:28
    Олимпийн хороог удирдах гээд байна, улс торж орж тэнэгтэх гээд байна уу?! Аваргаа оорийнхоо бодлоор л байгаарай, та ухаантай шуу!!!
  • иргэн 2020-01-29 10:17:44
    Найдвар алдаагүй Найдангийн Түвшинбаяр ард түмнээ хангалттай баярлуулсаан...
  • Зочин 2020-01-29 04:26:03
    Жүдо-гоороо байхад сайхан харагдаж байна. Улс төрчдийг битгий дагаарай
  • Түвшинбаяр бол ясны тамирчин, дэлхийн хү 2020-01-29 02:51:39
    Өдий олон жил бэлтгэл сургуулилтаа хийгээд амжилт гаргаад явна гэдэг асар их тэвчээр хөдөлмөр. Бадар-Ууган уг нь дэлхийн аваргыг авах л ёстой байсан юм, хайран