С.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна

“Зууны мэдээ” сонин идлэг шонхорыг хамгаалах, түүний эргэн тойронд  хууль бус үйлдлүүдийг зогсоох асуудлыг  хөндөн  цуврал нийтлэл, ярилцлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаа МУИС-ийн профессор багш, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал С.Гомбобаатарыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

 

-Лондоны амьтан судлалын нийгэмлэгээс саяхан Монгол дахь зэрлэг амьтдын талаар судалгаа хийж, бүтээл гаргасан тухайгаа танилцуулсан. Түүнд зэрлэг амьтдын худалдааны ихэнх хувийг идлэг шонхор эзэлдэг гэсэн нь анхаарал татлаа?

-“Зэлүүд тал, зэрлэг амьтны худалдааны хямрал” нэртэй судалгааны ажлыг  одоогоос 10 жилийн өмнө Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгээс зохион байгуулж байсан.

Өөрөөр хэлбэл,10 жилийн өмнөх Монгол Улс дахь амьтдын хууль бус худалдааны тухай судалгаа юм. Тэгвэл Лондоны амьтан судлалын нийгэмлэг болон  нэлээд олон байгууллага хамтран  10 жилийн дараа Монгол Улс дахь зэрлэг амьтдын худалдаа хаашаа явж байна вэ гэдгийг гаргав. Энэ ажлын үр дүнг нэгтгэсэн тайланг гаргаж, нээлт хийсэн нь тэр юм. Цөөн хэдэн дүгнэлтийг хийсэн. Нэгдүгээрт, зэрлэг амьтны худалдаа Монгол Улсад нууц байдалд шилжсэн. Хоёрдугаарт, орчин үеийн техник, технологийн дэвшлийг их ашигладаг болсон. Гуравдугаарт, амархан илрэхээргүй бүлэглэлийн шинжтэй болжээ. Мөн хуулиа сайн судалдаг  учраас хэрхэн нууж далдлахаа сайн мэддэг болсон байна. Бас нэг асуудал анзаарагдсан нь зэрлэг амьтдын дотроос загасны худалдаа эрс өсчээ. Энэхүү үр дүнд тулгуурлаад бид юу хийх ёстой вэ гэдэг асуудал хамгийн чухал. Энэ чиглэлээр бид нэлээд хэдэн ажил хийсэн, хийж байна. Та бүхэн санаж байгаа бол  төсөл хэрэгжүүлэхээс өмнө буюу одоогоос  гурван  жилийн өмнө бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд чонын шагай, баавгайн соёо,  шувууны чихмэл, шонхорын болон  бүргэдийн савар, сар шувууны чихмэл, хумс  мөнгөлсөн хэлбэрээр олон байсан. Цагдаагийн байгууллагад ч ийм тохиолдол олон бүртгэгдсэн байдаг. Одоо тэдгээр зүйлүүд байхгүй болж байна. Энэ бол энэ төслийн нэгэн чухал үр дүн мөн. Хуулийг сурталчлах ажлыг энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд хэрэгжүүлбэл үр дүнд хүрнэ. Эдгээр ажлыг Лондоны амьтан судлалын нийгэмлэг дангаараа хийсэн бол урагшаа явахгүй. Учир нь хүч хүрэхгүй. Иймд хамтын ажиллагааны хүрээнд ЦЕГ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн байгаль орчны газар, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран хууль бус үйлдлүүдийг зогсоох чиглэлээр арга хэмжээ авсан. Тэдгээр амьтдыг агнаж болохгүй гэсэн хуулийн заалттай. Гэтэл хулгайгаар агнаж байгаа шалтгаан нь хуулийн таниулга сурталчилгаа болон хэрэгжилт  муутай холбоотой. Бидний зүгээс хуулийг  нээлттэй, энгийн хэлээр танилцуулах ажлыг далайцтай хийсэн. Тиймээс өнөөдөр бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр яваад үзэхэд түрүүнд дурдсан хууль бус худалдаа зогссон байгаа. Тэгэхээр бидний хэрэгжүүлсэн төслийн нэг чухал үр дүн нь энэ юм. Тэр дотроос та шувууны худалдааг онцолж асуулаа. Монгол орон 513 зүйлийн шувуутай. Түүхээс худалдаанд хамгийн их өртдөг нь агнуурын чиглэлээр ашигладаг  болон гадаад худалдаанд гардаг  цөөн хэдэн шувуу бий. Тэр дотроос  идлэг шонхор ихэнх хувийг эзэлж байгаа.

-Гадаад худалдаанд гаргадаг шувууд хуулийн дагуу гарч байна уу, тэр  далбаан дор  хууль бус наймаа явагддаг юм биш байгаа гэсэн  хардлага  нийгэмд байна? 

-Хуулийн дагуу  гаргаж  байгаа шувуудад тусгай зөвшөөрөл шаардлагатай. Тэр нь их төлөв галуу, нугас, хур, ятуу зэрэг агнуурын шувууд байдаг. Түүн дотор шонхор шувуу барихтай холбоотойгоор ногтруу барих явдал нэмэгдэж байгаа. 2012 онд Засгийн газрын 102 дугаар тогтоол гарч шонхорыг “Үндэсний бахархалт шувуу”-гаар  батламжилсан. Энэ цаг мөчөөс  хойш шонхор шувууны аливаа худалдааг таван жилээр хорьсон. Гэхдээ энд би бэлэглэлийн талаар яриагүйг ойлгож байгаа биз дээ. Худалдаа гэдэг чинь нэг нь мөнгө төлдөг, нөгөө нь мөнгийг нь  авдаг. Тэгэхээр таван жилээр хорьсон шийдвэрт бэлэглэлийн асуудал  ороогүй. 2012-2017 онд Засгийн Газраас олгосон  зөвшөөрлийн дагуу шонхорыг хилээр гаргадаг байсныг  зогсоосон. 2017 онд тэрхүү тогтоолын  хугацаа  дуусахад  дахиад сунгасан. Одоо шонхор шувууг худалдах асуудал бүрэн  зогссон. Ихэвчлэн дипломат харилцааны шугамаар буюу бэлэглэлээр шонхор шувууг булангийн орнууд руу гаргаж байгаа. Яагаад заавал  шонхор шувуугаа  бэлэглээд байна вэ гэвэл манай улс  ямар нэгэн байдлаар их хэмжээний хөрөнгө мөнгө зээл, тусламж хэлбэрээр авдаг.  Харин шонхорыг түүнийхээ оронд бэлэг болгон өгдөг. Ийм маягаар шонхор шувууг  хилээр гаргаж байна.

Монгол Улс 1994 онд анх бэлэглэл, судалгааны чиглэлээр шонхор гаргасан байдаг. Тэр үед маш цөөн, 35-45 бодгалийг гаргасан. Хамгийн олныг 2000-2003 онд гаргасан. Үүнээс харахад засгийн эрхийн эрхийг  хэн барьж байна, сайд нь байгальд ээлтэй хүн байна уу, үгүй юу гэх зэрэг улс төрөөс шууд хамаарч байгаа юм. Манай улс 1994-2015 он хүртэл нийтдээ 3000 гаруй бодгаль шонхор шувуу бэлэглэлийн шугамаар болон худалдааны зорилгоор гаргасан байна. Түүхээс үзвэл монголчууд эртнээс шонхор шувууг бэлэглэж байсан. Тухайлбал, Хубилай хааны үед арван мянган цагаан шонхор шувуу тэжээж байсан тухай Марко Пологийн  тэмдэглэлд дурдсан байдаг. Зөвхөн цагаан шонхор  ч биш тэр дотор бор шонхор ч байгаа. Тэр нь идлэг шонхор юм. Тэр цагаан шонхорууд Монголоос гаралтай гэж үзэх боломжгүй. Ихэвчлэн Сибирээс гаралтай, тэндээс хэн авчирсан гэхээр бэлэглэлээр ирсэн байж таарна. Үүнээс үзвэл шонхор шувууг бэлэглэж байсан эртний уламжлалтай.

-Шонхор шувууг  эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв үү, буруу юу. Монголд өнөөдөр хэчнээн идлэг шонхор байна вэ?

-Тэрийг дүгнэдэг хүн нь би биш. Гэхдээ судлаачийн зүгээс юу гэж харж байна гэвэл, шонхор шувуу нөхөн төлждөг баялаг. Ашиглалт нь зөв бөгөөд тогтвортой байх юм бол байнга ашиглах боломжтой. Ямар нөхцөлд ашиглаж болохгүй вэ гэвэл, нөөц нь хомсдсон тохиолдолд.  Тооллого явуулсан тухайд 2018 онд БОАЖЯ , ШУА, МУИС, Монголын шувуу судлалын нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран БОАЖЯ-наас санхүүжилтийг нь гарган Монгол Улс дахь идлэг шонхорын тоог гаргасан. Тэр судалгаагаар Монголд  идлэг шонхорын 10 гаруй мянган толгой байна гэсэн тооцоо гарсан. Ер нь шонхорын тоо толгойг нэгдсэн маягаар гаргасан судалгаа ховор. 1998-2006 онд БОАЖЯ, МУИС, ШУА –ийн хамтарсан Арабын Нэгдсэн Эмират улсын санхүүжилттэй төсөл хэрэгжиж байсан. Шонхор шувууг судлах, хамгаалах чиглэлээр хэрэгжсэн энэ төслийн хүрээнд судалгаа хийгээд,  6500-аас 13000 хооронд тоо толгой нь хэлбэлздэг гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хэлбэлзэх шалтгаан нь үржилтэй нь холбоотой. Үлийн цагаан оготно ихэссэн газруудад нэгж үүрэнд бойжих ангаахайн тоо нь олон. Үлийн цагаан оготно цөөрч  идэш тэжээл нь багассан нөхцөлд нэгж үүрэнд бойжих ангаахайн тоо цөөн байна. Тиймээс тоо толгой нь  6-10 мянга дотор хэлбэлзэж байгаа юм. 2018 оны судалгаагаар мөн 10 мянга орчим тоо толгой байна гэсэн дүгнэлт гарсан. Эндээс үзэхэд өнгөрсөн хугацаанд 100-300 бодгалийг гадагш гаргаж байсан нь Монгол орны популяцид тийм ч сөрөг нөлөө үзүүлээгүй гэж дүгнэж болмоор байгаа юм. Гэхдээ энэ нь  нэг удаа хийгээд дуусчихдаг ажил биш. Жил бүр хийж, нөөцөө үнэлээд, түүндээ тулгуурлан энэ жил бид хэдэн шонхор шувууг гадагш нь гаргах вэ гэдгээ тооцох нь биологийн олон янз байдлыг хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглалтын чухал зарчим юм.

-Идлэг шонхорыг өндөр хүчдэлээс хамгаалах төсөл хэрэгжиж байсан. Үр дүн гарсан уу?

-Тэр төслийг би шавь нарынхаа хамтаар  2000  онд Арабын Нэгдсэн Эмират улсын хөрөнгө оруулалтаар БОАЖЯ-тай хамтран, мөн  НҮБ-ын төсөл, хөтөлбөрөөс ч багахан зардал гаргаж  туршиж үзсэн юм. Дүгнэлт нь юу гэж гарсан бэ гэвэл, үлийн цагаан оготно ихтэй газруудад, эсвэл өндөр хүчдэлийн аюултай шонгууд бүхий орчинд цөөхөн тоотойгоор хиймэл үүрийг туршилтын шугамаар ашиглаж болох юм гэж үзсэн. Харамсалтай нь Арабын Нэгдсэн Эмират улсаас орж ирсэн мөнгийг зарим жижиг ТББ авч ашиглаад 5000 үүр болгон  Монголын тал хээрт бариад хаячихсан. Одоо сайхан тал хээрээр давхиж явахад сарайсан төмөр шон харагддаг нь тийм сайхан биш. Шатахууны төмөр саваар үүр барих нь “сайн биш юм байна” гэж дүгнэсэн. Яагаад гэвэл говь нутагт зуны улиралд +35 С хэм хүртэл халдаг. Гэтэл төмөр  поошиг дотор хэдэн хэм байх вэ. Тэр дотор таван идлэг шонхор шувуу хашигдана гээд бод л доо. Тийм том биетэй шувуудыг тэр жижигхэн үүрэнд хаших боломжгүй байгаа биз. Тэрний оронд өндөр хүчдэлийн шугам бүхий шонгууд дээр байрлуулбал боломжтой гэж үзсэн. Ер нь бол хөгжлийн хувьд хэлбэршээгүй иймэрхүү ТББ-ууд мөнгө л хаанаас орж ирж байна, тэрийг нь хийгээд явна. Ямар нэгэн бодлого зохицуулалт тэнд байхгүй. Тийм ТББ-уудтай яам нь гэрээ байгуулаад явсан. Тэрийг тэднээс асуух хэрэгтэй л дээ. Шонхорыг хамгаалах үүр бариад ямар үр дүн гарсан юм бэ гэдгийг тэд хариулах байх. Нүүдлийн зүйлийг хамгаалах конвенцид  Монгол Улсыг төлөөлөн оролцсон хүн Монголоос идлэг шонхорыг худалдах боломжтой гэсэн асуудлыг хүлээн зөвшөөрөөд ирсэн. Зөвхөн Монгол Улс худалдах боломжтой, бусад улс орон худалдах боломжгүй гэдэг заалтыг олон улсын гэрээ, конвенцийн заалт болгож оруулаад ирсэн. Учир нь Монгол Улс идлэг шонхорыг ашиглах нь тогтвортой юм байна, яагаад гэвэл 5000 ширхэг үүр барьсан байна. Иймэрхүү төсөл ямар нэг байдлаар булангийн орнуудын олон улсад зориудаар тавьсан жүжиг гэж харахаар байна. Харамсалтай байна. Аливаа зүйлд бодлого байх хэрэгтэй. Цаашид салбарын яам судалж, харах биз ээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Лорд 2020-01-25 03:46:46
    Шонхор битгий зараад худалдаалаад бай!!!Шонхор Монголд хэрэгтэй!
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • MAN senetygei!! 2020-01-24 08:28:23
    Sonhoroor beznes hiij bolohgyi ee!!eh ornii altan erdene!arabyydad dahiad yagaad ch egehgyi baih!!!
    108.162.229.105
    Мэдэгдсэн Хариулах