
Хязгааргүйн тухай ойлголт нь ихэнхдээ математик болон физикийн салбарт өргөн хэрэглэгддэг ба энэ нь ямар нэг юмны тоо хэмжээнд цар хүрээ, төгсгөл байхгүйг илэрхийлдэг. Энэ ойлголт манай улс төрд ихээхэн хэрэглэгддэг болж.
Тухайлбал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн юм. Улмаар Ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг баасан гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, хэлэлцэн шийдвэрлэх гэсэн боловч дэд хорооны хоёр гишүүн гадаадад томилолттой байж таарав. Ингэснээр Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хязгааргүй 48 цаг болж, хүлээгдсээр байна.
Асуудал яагаад хэлэлцэгдэхгүй байгаа талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн. Д.Лүндээжанцан гишүүн Ерөнхий прокурорын санал ирэхээс өмнө гадаад явсан. Ч.Улаан гишүүн санал ирсний дараагаар гадаад явсан. Харин Д.Лүндээжанцан, Ч.Улаан хоёр хуралд байлцаагүй. Дэд хорооны гишүүд бүрэн ирцтэйгээр хуралдаж, шийдвэр гаргая гэж үзсэн. Д.Лүндээжанцан 19-нд ирнэ, Ч.Улааныг дуудуулна. Тиймээс хоёр гишүүнийг ирэхээр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэрлэнэ. Ирэх 7 хоногт асуудлыг шийдвэрлэнэ” хэмээж байсан юм. Гэвч Ц.Нямдорж сайдын хэлсэн долоо хоногийн сүүлч болоход Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал дэд хорооны хуралдаанаар ч хэлэлцэгдээгүй байна. Учир нь Ч.Улаан сайд Германд ажлын айлчлал хийж байгаа учраас түүнийг хүлээж асуудал ийнхүү сунжирч байгаа юм.
Тэгвэл өчигдөр Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Маргааш Ч.Улаан сайдыг ирэхээр бас үргэлжлүүлэн хуралдах бөгөөд түүнийг заавал байлцуулж, маргааш шийдвэрээ гаргана” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой нууцын зэрэгтэй асуудлыг өнөөдөр хэлэлцэх аман тов гараад байна. Хуулийн дагуу асуудлыг 48 цагийн дотор шийдвэрлэх ёстой байсан гэдгийг тодотгох хэрэгтэй байх.
О.ОНОН