
Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан билээ.
Улмаар "Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд буй.
Энэ асуудалтай холбогдуулан хохирогчийн аав ээж, өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийлээ.
Талийгаачийн аав Д.Гүндсамбуу “Миний охин гуравдугаар сарын 16-нд “Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах гоо сайхны мэс засалд ороод дөрөвдүгээр сарын 1-ний өдөр бурхан болсон. Бидний хайртай ганц охин байсан. Ганц охиноо алдаад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу энэ хорвоог туулах хэцүү байна. Охиноо алдаад 9 сар болж байна. Энэ хугацаанд бид хуулийн байгууллагад итгээд өдий хүрлээ. Долоо хоногийн өмнө урьдчилан хэлэлцүүлэг нь болсон. Бид ямар зүйл ангиар асуудал яригдаж байгааг мэдэхгүй хуулийнханд итгэж явсан. Биднийг уйлж унжиж явах зуур хуулийнхан "Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлгийнхэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл ангиар эмч Д.Тодномбат, сувилагч Б.Мөнгөнчимэг гэх хоёр хүнийг татсан байна. Бидний хэвлэлийн хурал хийж байгаа шалтгаан бол зөвхөн Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг гэх хоёр хүн биш "Тод Каннам" эмнэлэг хариуцлага хүлээх ёстой. Миний охин зөвхөн эмчид бид "Тод Каннам" эмнэлэгт итгэж мэс засалд орсон. Иймээс Гүйцэтгэх захирал Д.Тодням, ээж нь Даваасүрэнг гээд гэр бүлийн "Тод Каннам" эмнэлгийг хариуцлагад татаж өгөөч гэж хүсэж байна. Хуулийн байгууллагынхан минь миний охины амь насыг егүүтгэсэн асуудлыг зөвөөр шийдвэрлээд өгөөч гэж хүсэж байна. Миний охин суурь өвчингүй, элэгний ямар нэгэн вирусгүй 29-хэн настай байсан. Хэрвээ миний охины амь насаа харамсалтайгаар алдсан асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөхгүй бол бид ОУ-ын хуулийн байгууллага болон Хүний эрхийг хамгаалах байгууллагад хандана. Миний охины амь насаа алдсан асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг анхаарлаа хандуулж, үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна. "Тод Каннам" эмнэлгийнхэн миний охиныг бурхан болсноос хойш эмгэнэл илэрхийлээд ирээгүй, мессеж ч бичээгүй. Өнгөрсөн баасан гарагт болсон шүүх хурлын үеэр урдаас хараад инээгээд байсан. Шүүх хурал дээр биднээс ирээд уучлалт гуйх байх гэж итгэж байсан. Гэтэл урдаас хараад инээгээд байсан. Энэ бол тохуурхаж байгаа хэрэг” хэмээлээ.
Хуульч, өмгөөлөгч Л.Баасанжав “Бид ганцхан юмыг анхаарах ёстой. Хохирогч маань өөх соруулах хагалгаа хийлгэхдээ эмч Д.Тодномбатад итгэж очсон уу, "Тод Каннам" эмнэлэгт итгэж очсон уу гэдгийг анхаарах ёстой. "Тод Каннам" эмнэлэг нь тусгай зөвшөөрөлд бичигдсэнээс өөр хаяган дээр хууль бус эмнэлгийн стандарт шаардлага хангаагүй нөхцөлд тусгай зөвшөөрөлд тусгагдаагүй өөх соруулах ажиллагааг явуулсан. Д.Тодням эмч өөрөө тусгай зөвшөөрөл байхгүй эмнэлгийн үйлчилгээг зөвшөөрөл өгч, хагалгааг Д.Тодномбат эмчээр хийлгэсэн. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс Д.Тодням эмчийг шалгах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн тусгай зөвшөөрөлд байхгүй үйлчилгээг эмчээр хийлгэсэн. Тэгэхээр энэ хэрэгт холбогдуулж эмнэлгийн захирлыг холбогдуулан шалгах нь зөв гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Шүүх хурал нэгдүгээр сарын 27-нд болно. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжгүй байна” гэлээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас "Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Улмаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 12 цагт товлосон байгаа юм.
О.ОНОН