
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн Австрали улсын Сидней хотын казинод тоглож буй зураг цахим орчинд тархаад байна. Түүний энэ үйлдэл Д.Тогтохсүрэн дарга төрийн бүх шатны албан хаагчдын ёс зүйн дүрмийг зөрчиж байгаа юм.


/Энэ ажлын айлчлалд УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар явжээ/
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эхэнд Засгийн газрын хуралдаанаар мөрийтэй тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцох тухай шийдвэр гаргасан.

Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх шатны албан хаагчдын ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, 3.1.4-т “Дотоод, гадаад мөрийтэй (казино) тоглохгүй, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхгүй байх” гэсэн заалтыг нэмсэн юм.
Хэрэв иргэд казино тоглож байгаа төрийн албан хаагчидтай таарсан тохиолдолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэл өгөх боломжтой. Казино тоглож байсан нь батлагдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар зохицуулалт хийсэн юм.
Энэ дагуу казинод тоглож байгаа зураг нь олон нийтэд хүрсэн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Австрали улс дахь Элчин сайд Б.Чулуунхүү нар хариуцлага хүлээхээр болж байна.
О.ОНОН