Автомашины хувьсал дахь ухаалаг загварууд
Машин үйлдвэрлэдэг олон орны компаниуд шинэ загварын машин үйлдвэрлээд байна. Энэ талаар гадаадын цахим хуудаст бичсэн мэдээллийг хүргэе.

Камерны тусламжтайгаар замын хөдөлгөөнд оролцдог машин

Израилийн “Мобилай” компани камернаас ирсэн мэдээллийг ашиглаж Иерусалимийн гудамжаар явж байгаа өөрийгөө удирддаг машиныг туршиж байгаа бичлэгийг тавьсан байна. Өөрийгөө удирддаг машинд зориулсан чип үйлдвэрлэдэг энэ компани нь камеранд суурилуулсан системд найдаж байгаа аж. “Мобилай” компани Лас Вегас хотод болсон цахилгаан барааны хэрэглээ шоуны үеэр тэдний бүтээсэн өөрөө удирдлагатай машины нэг нь Иерусалим хотын хөдөлгөөн ихтэй гудамжаар камерын тусламжтай явж байгааг харуулжээ. Энэ машин нь компьютер сүлжээнээс ирж байгаа хяналтын олон машинд тулгуурласан алгоритмын давталтын сүлжээг ашиглан эргэн тойрныхоо 3D загварын камераас хоёр хэмжээст мэдээллийг хүлээж авдаг гэв. Мөн жолоодоход төвөгтэй нөхцөлд туршиж үзэж байгаа аж. Тухайлбал 65 км цагийн хурдтайгаар дөрвөн замын уулзварыг нь тэмдэглээгүй, нэг урсгалтай зам болон замын хөдөлгөөн ихтэй үед зүүн гар талруугаа эргэх зэргээр туршилтыг хийж байгаа юм байна. Жирийн үед өөрөө удирдлагатай машин үйлдвэрлэгчид боломжоороо их хэмжээний мэдрэгч хэрэглэхийг зөвшөөрдөг. Аюулгүй байдлын системд камер, хөдөлгөөн илрүүлэгч, хэт дуу авианы болон лазерийн  эхолокатор нь хамгийн их хэрэглэгддэг  мэдрэгч аж. Харин энэ машины хувьд энэ олон мэдрэгчийн нэг нь доголдвол бусад мэдрэгч нь аюулгүй байдлыг нь хангаж жолоодоход туслах юм байна.


 
Сони компани анх удаа цахилгаан машин бүтээв


Японы “Сони” компани Vision-S анх удаа цахилгаан машиныхаа загварыг танилцуулсан нь хэрэглэгчдийнх нь гайхлыг төрүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд олон компани цахилгаан машин үйлдвэрлэж, худалдах нь нэмэгдсэн. Тиймээс Сони компани цахилгаан Седан машинтай 100 хувь адилхан бүтээсэн машинаа танилцуулсан аж. Хэдийгээр энэ компани нь машины зах зээлд мэргэжсэн компани биш ч дотор, гадна талдаа 33 өөр мэдрэгчтэй, ойртож байгаа машины хөдөлгөөнийг сануулах, зогсоолд тухтай, амархан байрлуулахад нь туслах мэдрэгчтэй, хяналтын камерын системээр машинаа тоногложээ. Түүнээс гадна жолоочийн анхаарлын түвшин, биеийн хөдөлгөөнөөр жолооч болон зорчигчдыг ядарсан байгаа эсэхийг хэмжих, шаардлагатай тохиолдолд мэдээллийг илгээх, машины температурыг зохицуулах мэдрэгчийг суурилуулсан байна. Мөн камер, интернэт ашиглах, тохиргоог тааруулах боломжтой дэлгэцнээс гадна, автоматаар арын суудалд суусан зарим зорчигч зүүрмэглэсэн эсэхийг хянадаг үйлдлийн системтэй аж. Хатака технологийн цахим сэтгүүлд Сони нэртэй энэ машиныг магма компани угсарсан гэж бичжээ. Сони компанийн захирал Кеничиро Ёшида энэ цахилгаан машиныг зохион бүтээх болсон шалтгаанаа “Өнгөрсөн  10 жил гар утасны эрин үе байсан. Харин ирээдүйд тээврийн эрин үед анхаарна” гэж Лас Вегас хотод болсон цахилгаан бараа хэрэглээний шоуны үеэр мэдэгджээ.


 
Ламборжин Huracan Evo RWD спорт машин

Италийн машины үйлдвэрлэгч Ламборжин компани Huracan Evo RWD загварын машиныхаа шинэ хувилбарыг танилцуулжээ. Түүнээс гадна шинэ системийн гол үүрэг нь муруй тахир газраас гарах үеэр энэ машины арын дугуйны зүтгүүрийг хамгаалах явдал аж. Ингэснээр жолооч сэтгэл хангалуун байх болно гэж зохион бүтээгчид ярьсан байна. Мөн спорт машины шинэ хувилбарын урд талын хэсгийг шинэчилжээ. Түүнээс гадна арын бамперт хар өнгөтэй гялалзсан гэрэл цацруулагчтай болгосон байна. 610 CV мотортой давхар авцуулах холбоотой автомат хурдны хайрцагтай энэ спорт машин 3.3 секундэд 100 км хурдлах чадвартай. Харин V10 мотортой арын зүтгүүрийн сайжруулсан шинэ системтэй болсноор 325 км цаг хүртэл хурдална гэж үйлдвэрлэгчид нь ярьжээ. Мөн шинэчилсэн Huracan Evo RWD-гийн онцлог 2020 оны хамгийн шинэ, өрсөлдөх хэмжээний машины нэг болгоно гэж үзэж байгаа юм. 610 морины хүчин чадалтай мотортой энэ спорт машин нь 325 км/цаг хурдалдаг аж. Мөн долоон араатай автомат хурдны хайрцагтай юм байна. Түүнээс гадна эхний загварын үнэ 2020 оны II улиралд Европын зах зээлд 160 сая евро хүрэх төлөвтэй байгаа аж.


 
Анхны Мерседес машины загварыг хадгалсан машин үйлдвэрлэнэ

Германы Мерседес Бенз компани орчин үеийн анхны машинд тооцогддог домогт Мерседес 35 CV машиныг 1901 онд бүтээж байжээ. Харин энэ загварт тулгуурласан “Vision Mercedes Simplex” нэртэй компанийн өнгөрсөн үе болон ирээдүйн загварыг хослуулсан цахилгаан машиныг бүтээхээр болсон байна. Энэ компани 1901 онд анх бүтээсэн Мерседес машиныг цахилгаан мотортой болгохоос гадна зарим эд ангийг нь шинэчлэхээр болжээ.  Шинэ загвар нь хоёр хүний багтаамжтай. Түүнээс гадна дугуйнуудыг нь анхны загвартай нь адилхан салангид хийх бөгөөд энэ нь өнгөрсөн зууны эхээр бүтээсэн домогт машины үндсэн шинж чанарыг хадгалах санаа аж. Мөн алтлаг ягаан өнгөтэй машины урд хүрээг хийхээр болсон байна. Энэ нь машины ердийн нүүрний оронд   дэлгэц байрлуулахад хэрэгтэй аж. Ингэснээр машины тухай мэдээллийг харуулсан мессеж, дүрсийг харах юм байна. Лед гэрэлтэй байхаас гадна машины дотор талд жолоочид зарим зүйлийг мэдээлэхэд хэрэгтэй жижиг дэлгэцийг суурилуулна. Гэхдээ Мерседес Бенз компани шинэ, хуучин хоёр загварыг хослуулсан машиныхаа талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Харин ирээдүйд цөөн хувийг машин цуглуулагчид болон Герман үйлдвэрийн машинд  дуртай хүмүүст зориулж үйлдвэрлэнэ гэдгээ үгүйгээгүй аж.



 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-01-19 11:36:57
    Mashinii osloor USAd jild dundjaar 40000 hun uhdeg ni haramsaltai.mashinaas tatgalz