Ц.Бадамсамбуу: Хэдий их аялсан ч гэр орон энд л байдаг
“Аяллын цаг” нэвтрүүлгийг үндэслэгч, сэтгүүлч Г.Бадамсамбуутай ярилцлаа.
 
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг монголчууд “Аяллын цаг” нэвтрүүлгээр сайн мэднэ. Энэ нэвтрүүлгээ эхэлж байсан дурсамжаар яриагаа эхэлье?
 
-Энэ нэвтрүүлгээс өмнө би нийгэм, улс төр, эдийн засгийн сэтгүүлч байсан. 1997 онд аяллын сэтгүүл зүйг Монголд хөгжүүлэх боломжийг судлахаар Их Британи руу яваад 1998 оны тавдугаар сард нэвтрүүлэгт хэрэгтэй тоног төхөөрөмжөө авчирч, оны сүүлээр анхны нэвтрүүлгээ хийж байлаа. Үүнээс хойш “Гар” энтертаймент байгуулагдаад 1999 оноос нэвтрүүлэг тогтвортой үйл ажиллагаандаа орсон. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн 60 гаруй улсаар болон Монголынхоо бүх аймгаар аялсан байна. Жилд дунджаар 40 орчим нэвтрүүлэг бэлтгэдэг байсан.
 
-“Аяллын цаг” нэвтрүүлгийг яагаад хийх болсон юм бэ?
 
-Нэгдүгээрт, аялал гэдэг бол миний багын хүсэл байсан. Хоёрдугаарт, ширээ тойроод ярьж суугаа 10 хүний найм нь Монголд үзэж харах зүйлгүй мэт гадны улсуудыг л шүтэж ярьж байгааг нь анзаарсан юм. Тиймээс энэ нэвтрүүлгийг хийх санаа төрсөн дөө. Энэ нэвтрүүлгийг хийснээр одоо ширээ тойрч суусан 10 хүний найм нь “Эхлээд Монголоо үзнэ” гэж ярьдаг болжээ. Нэвтрүүлгээ хийж эхэлсэн шалтгаан ердөө энэ байсан.
 
-Монголд аяллын сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хүндрэл бэрхшээлүүд гарсан байх. Энэ тухай ярьвал?
 
-Эхний тав орчим жил нэвтрүүлгийнхээ бүх ажлыг ганцаараа хийдэг байлаа. Аяллын сэтгүүл зүйг хөгжүүлэхэд зардал, төсвөөс эхлээд бэрхшээл их байсан учраас бүгдийг өөрөө хийх шаардлагатай байсан. Би сайн санадаг юм. МҮОНТ зэргэлдээх Төв аймаг руу ч томилолт гаргаж өгч чадахааргүй байсан тийм үе. Тэр үед би хангалттай орчин үеийн, сайн тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлтэйгээр нэвтрүүлгээ хийж эхэлсэн. Замын унаанд суугаад, уул хаданд ганцаараа л явж байлаа. Өөрийнхөө хүсэл, тэмүүлэлдээ итгэж л зоригтойгоор аялдаг байсан.
 
-Нэвтрүүлэг хийж эхэлсэн үе болон одоогийн аяллын бусад нэвтрүүлгээс юугаараа ялгарах вэ?
 
-20 жилийн өмнө хүмүүст энэ нэвтрүүлэг сонирхолтой байсан. Монгол хүн дэлхийгээр аялж нэвтрүүлэг хийгээд, түүнийгээ телевизээр гаргахаар их сонин үзэгдэл болж таарсан. Бусад нэвтрүүлэг коммунизм хэв маягаар ярьдаг, дууны тавилттай байхад миний нэвтрүүлэг энгийн хүүрнэл маягаар ярьдаг байсан нь онцлогтой. “Аяллын цаг” нэвтрүүлэг хийцийнхээ хувьд үзэгчдэд тогтсон хандлагыг бий болгосон. Тиймээс л үзэгчид энэ нэвтрүүлэг шиг бүтэцтэй нэвтрүүлгийн эрэлтийг бий болгож байгаа болов уу. Өнөөдөр сайн аяллын нэвтрүүлэг олон гарч байгаа шүү дээ.
 
-Таны аялсан газруудаас хамгийн онцлог ямар газар байв?
 
-Хүмүүс надаас энэ асуултыг асуух бүрт Израиль улс санаанд буудаг юм. Элснээс өөр юу ч үгүй цөлд бүтсэн улс. 2000 жилийн турш өөрсдийн нутаг дэвсгэрээ орхиж яваад 1948 онд эргэн ирсэн ч хэдэн зуун, мянган жилийн турш тэнд аж төрсөн улс шиг хоорондоо эв нэгдэлтэй байж чадсан нь гайхалтай санагддаг. Үүнд өнөөх сүсэг бишрэл, нийгмийн үнэт зүйл, биет бус өв буюу угсаатны үнэт зүйл, уламжлал, шашин багтаж байгаа юм. Үүнээс бид оюун санааны хүч тэнхээ гэдэг зүйлийг сурах хэрэгтэй.
 
-Гадаадаар аялахад монголчуудтайгаа таардаг байх. Уулзаж нэвтрүүлэг бэлдэж байхад тэд юу ярьдаг вэ?
 
-Олон орноор явахдаа дэлхийн монголчуудтайгаа олон ч таарч, их ч зүйлийг ярилцсан. Тэдний хувьд “Ирээдүйдээ яаж сайн байх вэ” гэсэн ганц л бодол байдаг. Тэдэнд оюун санааны хувьд урам дэм авах гол найдлага нь Монгол орон. Хаана аж төрж байгаагаас үл хамааран тэдний хувьд эх болсон нутаг нь тэдний бахархал болж байвал сэтгэл нь ханаж байдаг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхийн монголчуудынхаа бахархал нь байхыг л тэд хүсдэг юм.
 
-Та нэвтрүүлгийнхээ гол амжилтыг юу гэж хардаг вэ?
 
-Цагаа олсон ямар ч зүйл амжилт олдог гэж би боддог. Миний нэвтрүүлэг тэгж л амжилт олсон. 1990-ээд оны сүүлээр Монголын сэтгүүл зүйд аяллын нэвтрүүлэг төлөвшиж амжаагүй байсан. Энэ үед долоо хоног тутам аяллын нэвтрүүлэг гарснаар нэгдүгээрт, нэвтрүүлгийн шинэ төрөл зүйлийг бий болгосон. Хоёрдугаарт, үзэгчдийн эрэлт хэрэгцээнд хүрсэн. Тухайн үеийн социологийн судалгаагаар хүн амын ихэнх хувь нь “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр, “Аяллын цаг” нэвтрүүлэг хоёрыг л үздэг гэсэн дүн гарч байв. Мөн хүмүүст нөлөөлөл үзүүлж эхэлсэн. Хүмүүс аялалд явахдаа аяллын хувцас өмсдөг болсон. Тухайн үед миний өмсдөг байсан бүрх малгай, аяллын куртик, гутал аялагчдын хэрэглээнд орсон байв. Ийм нөлөөллийг бий болгоно гэж санаагүй л дээ.
 
-Гадаад руу аялаад олон зүйл үзэж харвал “нүд нээгдэнэ” гэж ярьдаг. Энэ тухай та ямар бодолтой байдаг вэ?
 
-“Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж үг бий. Дэлхий ертөнцтэй танилцаж гадаад орныг үзэж харах хэрэгтэй. Гэхдээ өөрт байгаа үнэт зүйлээ ойлгохын тулд шүү. Би залуу байхдаа гадаадын гоё сайхныг гайхаж, хөгжлийг нь биширдэг байлаа. Харин гадаад, дотоодын амьдралыг сайн таниад ирэхээр өөрийн гэсэн зүйл илүү чухал санагдаад ирдэг юм байна. Хэрэв гадаадыг гоё сайхан гээд яриад л байвал өөрийнхөө үнэт зүйлийг бүрэн таньж чадахгүй байна гэсэн үг. Эцсийн дүнд нь ямар ч өндөр хөгжил, гайхалтай сайхан зүйлсээс илүүтэй өөрийн эх орон гэдэг юу юунаас илүү санагдаад ирнэ. Энэ дэлхийд хэчнээн их зүйл үзэж харсан ч чиний гэр орон энд байгаа. Гадаадад бол чи гадаад хүн. Биеийн болоод сэтгэл зүйн эрх чөлөө гэдэг зүйлийг эх орноосоо л олж авдаг юм. Үүнийг л залуучууд сайн ойлгож, ухамсарлаж эх орноо хайрладаг байгаасай гэж хүсдэг. 
 
 
Ц.Мажигсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-17 06:05:56
    Ёстой сайхан нэвтрүүлэг шүү. Өгөөж ихтэй. Судалгаа сайтай. Ахин дахин үзээд л баймаар . Энэ нэвтрүүлгийн СД байдаг юм болов уу