Б.Саруул: Түүнийг минь амьд мэнд л явуулаач
Хувиараа борлуулалт хийдэг Б.Алтанхуяг гэх залуу ажлаа хийж яваад энэ сарын 15-ны өдөр сураггүй алга болоод  байгаа билээ. Түүнийг АПУ-гийн борлуулагч хэмээн хэвлэлээр мэдээлж байсан бол гэр бүлийнх нь хүн энэ мэдээллийг үгүйсгэж "Ариун Алтан Тэвш" компанийн “ААТ-Бөөний дэлгүүр”-ийг түрээслэн хувиараа бөөний цэг ажиллуулдаг гэдгийг хэлж байна.

Ингээд Б.Алтанхуяг гэж хэн бэ, түүнийг хайх ажиллагаа ямар шатандаа явж байгаа зэрэг бодит мэдээллийг хүргэе.

Энэхүү мэдээллийг Б.Алтанхуягийн ар гэрийнхнээс авсан бөгөөд тэд хэвлэлийн байгууллагуудаас анх удаа манай сайтыг сонгон үнэн бодит мэдээлийг өгөхийг хүссэн юм. Тэд ийнхүү мэдээлэл өгснөөр алга болоод буй Б.Алтанхуягаас сураг гаргахад бага ч гэсэн тус дэм болох болов уу хэмээн горьдлого тээн, нөгөөтэйгүүр бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа ташаа мэдээллийг няцаах зорилготой аж. 

Үдээс хойш эхнэртэйгээ гэртээ уулзахаар товлоод, ирсэнгүй

Б. Алтанхуяг нь энэ сарын 15-ны өдөр бусад өдрүүдийн л адил ажилдаа гарчээ. Тэрбээр ачааны зориулалттай микрогоо борлуулах бараагаараа дүүргэж, нийслэлийн зүүн чиг болох Гацуурт-Хужирбулан-Хонхор гэсэн маршрутаар явахаар төлөвлөн гарсан байна. Ингэхдээ эмнэлэгт хэвтсэн эхнэр нь тэр өдөр эмнэлгээс гарах ёстой тул үдээс хойш гэртээ уулзахаар товложээ.

Энэ талаар түүний эхнэр Б.Саруул “тэр өдөр би эмнэлгээс гарах байсан болохоор хоёулаа үдээс хойш гэртээ уулзахаар болсон. Хоёр хүүхэд бас гэртээ халуураад, бие нь өвдөөд байсан болохоор хэн хэн нь гэрлүүгээ яарч байсан. Ингээд би өдрийн 14.00 цагийн орчимд эмнэлгээс гараад гэртээ очлоо. Нөхөр ирдэггүй... Би бүр гайхаад, санаа зовоод тэр өдрийнхөө орой 23.00 цагийн үед ах дүү нартаа хэлээд бүгдээрээ хүн амьтнаас сураглаж, хайж эхэлсэн. Ингээд 15-аас 16-нд шилжих шөнө Цагдаагийн байгууллагын 102 утсанд дуудлага өгч тэмдэглүүлсэн. Түүнээс хойш эрлийн ажиллагаа эхлээд 12 хонож байгаа ч нэг ч сэжүүр алга” хэмээн гуниглан ярьлаа.
 
Тэр сүүлийн 4 дэхь дэлгүүрт  үл таних залуутай
хамт орж иржээ
 
Б.Алтанхуяг нь урьд өмнө гэрээсээ, эхнэрээсээ холдож үзээгүй гэр амьтай нэгэн. Ханьлаад 15 жил болохдоо тэд нэг ч удаа биенээ орхин хоногоор явж үзээгүй. Дээрээс нь архи дарс хэрэглэдэггүй болохоор  гадуур хононо гэсэн ойлголт ч байдаггүй гэдгийг эхнэр нь хэлж байна. Иймээс л хэл үггүйгээр хэзээ ч гэрийнхнээсээ олон цагаар явж үзээгүй тэрбээр гэнэт олон цагаар сураггүй, утас нь холбогдохгүй байсанд эхнэр нь санаа зовниж, элдэв зүйл болсон байх вий хэмээн хаширлан цагдаагийн байгууллагад тухайн шөнөдөө л ханджээ. 

Уг хэргийг одоо БЗД-ийн Эрүүгийн цагдаагийн тасгаас 6 хүний бүрэлдэхүүнтэй баг гаран мөрдөх ажлыг явуулж байгаа аж.

15-ны өдөр Б.Алтанхуяг төлөвлөгөөт борлуултын ажлаа бүгдийг гүйцэтгэсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Нийт дөрвөн дэлгүүрээр орохоос бүгдээр нь орж, борлуулалтаа ч хийж, мөнгөө ч авсан байна. Эхний 2 дэлгүүрээр ороод гарсан нь дэлгүүрүүдийн камерт үлджээ. Гурав дахь дэлгүүрээр орсон нь ч гэрчүүдийн мэдүүлгээр баталгаажив. Энэ бүх борлуулалтыг хийхдээ залуу ганцаараа л явж байж. Учир нь эхнэр эмнэлэгт хэвтсэн тул түүнд туслах хүн байгаагүй. Иймээс тэрбээр борлуулалтаа ганцаараа явуулж байсан гэнэ.

Хамгийн хачирхалтай нь залуу эхний гурван дэлгүүрээр ганцаараа явсан мөртлөө сүүлийн дөрөв дэхь дэлгүүрээр ороод гарахдаа нэгэн үл таних хүнтэй хамт орж ирээд гарсан байна. Гэхдээ худалдагч түүнийг юун хүнтэй хамт явсан талаар онцлон хараагүй учир тэр хүнийг нь дүрсэлж чадахгүй байгаа ажээ. Ийнхүү сүүлийн борлуултаа хийгээд дэлгүүрээс гарах цаг нь өдрийн 15.00 цагийн үед таарсан байна. Үүнээс хойш залуу сураг тасарч, өнөөдрийг хүртэл 12 хоног өнгөрөөд байна. 

Баянзүрхийн товчооны камер ажилладаг байсан бол...

Одоо бараг эрлийн ажиллагаа мухардахад хүрч байгааг Б.Алтанхуягийн дүү болоод эхнэр нь хэлж байна. Ар гэрийнхэн болоод найз нөхөд нь өөрсдийн тав, зургаан машинаа дайчлан өдөр бүр хот дотор болон хотын захаар самналт хийж байгаа ч үр дүнд хүрэхгүй л байна. Энэ сарын 25-нд цагдаагийн байгууллагаас 350 албан хаагчийг эрлийн ажиллагаанд татан оролцуулж, хотын зүүн жигүүрээр самналт хийгээд ч тусыг эс олжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр , “Б.Алтанхуягийн хамгийн сүүлийн чиглэл нь  хот руу орж ирсэн байсан. Энэ нь камерт бичигдэн үлджээ” гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ нь албан бус мэдээлэл гэдгийг эх сурвалж хэллээ. “Сод Монгол” ШТС-ын камерийг шүүж үзэхэд хот руу чиглэсэн түүний машинтай адил өнгөтэй олон машин явж байсан гэнэ. Тэдгээрийн дугаарыг ялган таних хүндрэлтэй, улсын дугаарууд нь харагдахгүй байгаа ажээ.
Үүнээс гадна 22-ын товчоо буюу Баянзүрхийн товчоо нь камертай боловч, тэрхүү камер нь ажилладаггүй байж таарчээ. Б.Алтанхуягийн дүүгийн хэлж буйгаар хэрэв тэр камер ажилладаг байсан бол алга болоод байгаа ахыгаа хаашаа явсан чигийг барагцаалчих боломж байсныг халаглан ярьж байна. 
Харин өнөө өглөө түүний дүүгийн ажлын газрынхан буюу БЗД-ийн Нийгмийн халамжийн хэлтсийнхэн өөрсдийн сайн дураараа хайх ажиллагааг эхлүүлжээ. Тэгэхдээ туул голын ай сав газраар Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэлх зайд эрэн хайж байна.

Б.Алтанхуяг нь УНК 29-83 гэх дугаартай саарал өнгийн
микротойгоо алга болсон
 
Одоо гэрийнхэн “амьд л олдоосой” хэмээн залбирахаас өөр юу ч хийж чадахгүй арга нь мухарджээ. Б.Алтанхуяг нь 36 настай туранхай. Алга болох үедээУНК 29-83 гэх улсын дугаартай саарал өнгийн микро автомашинтай/Монголд орж ирээд удаагүй шинэвтэр автомашин/ явжээ. Микро нь ачааны зориулалттай тул зорчигч зөөдөг микроноос цонхгүйгээрээ ялгарна. Бас их цэвэрхэн цэмбэгэр. Машины бүслүүр нь саарал өнгөтэй.

Харин өөрөө саравчтай хар өнгийн малгайтай, хар,цэнхэр өнгө орсон цахилгаантай цамцтай, шар өнгийн өмд, шар ботинктой явжээ.

Иймээс тухайн өдөр Гацуурт, Хужирбулан, Хонхор чиглэлд дээрх таних тэмдэг бүхий хүнийг харсан, машиныг нь үзсэн болон бусад чиглэлд харсан байх магадлалтай хүмүүс  98480648, 91242435 гэсэн утсаар яаралтай холбоо барина уу. Үнэн бодитой мэдээлэл өгсөн хүнийг шагнаж урамшуулна гэдгээ ар гэрийнхэн нь амлаж байна.
 
Б.Алтанхуягийн эхнэр Б.Саруул: Түүнийг минь амьд мэнд л явуулаач

Ар гэрийнхнийх нь таамаглаж буйгаар түүнийг зохион байгуулалттайгаар мөнгийг нь дээрэмдэх зорилгоор хулгайлсан байх магадлалтай гэв. Иймээс түүний эхнэр “Бид түүнийг амьд байгаа гэдэгт итгэж байгаа.  Тэр минь хаа нэгтээ байгаад,  түүний талаар хэн нэгэн мэдэж байгаа бол нөхрийг минь амьд мэнд л гэрт нь явуулаач. Түүнийг амьд мэнд л явуулбал, тэр машин, эд хөрөнгө,бараа таваар,  мөнгө нь хамаагүй, бүгдийг нь ав. Бид ямар ч гомдол гаргахгүй, ганцхан нөхрийг минь л амьд мэнд явуулаач” хэмээн аргаа баран ярьж байна.

Сайхан сэтгэлт хүмүүс минь түүний нөхрөө гэсэн сэтгэл, ааваа хүлээх гурван хүүг нь бодож, хамтдаа эрлийн ажиллагаанд туслана уу хэмээн сайтынхаа зүгээс ч хүсч байна.

Г.Уянга
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • neg hun 2014-09-27 11:53:38
    oldchihoosoi do ene zaluu amid bga bhaa buh zuil saihan bolno busgui min
    202.131.234.86
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-27 03:34:36
    Цагдаа олно илрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэр эргэж ирнээ.
    112.72.13.38
    Мэдэгдсэн Хариулах