
Ерөнхийлөгч сонгуулийнхаа амлалтыг ахмадын тэтгэврийн тэглэхээр эхлүүллээ. Сонгууль хаяанд ирсэн өдрүүдэд эрх баригч хүчин Ерөнхийлөгчийн шийдвэрийг дагахаас өөр гарцгүй. Иймээс тэтгэвэр тэглэх асуудал ирэх сарын нэгэн гэхэд хөрсөн бууж эхэлнэ.
Тэгвэл яг үүнтэй ижил эрх баригч хүчний мөрийн хөтөлбөр хэрхэн биеллээ олсныг асуумаар байна. Тэд мэргэжлийн Засгийн газар байгуулна, Монгол улсыг өрийн дарамтаас гаргана, Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна, оюутнууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, ажилд орсныхоо дараа буцаан төлдөг тогтолцоог бүрдүүлнэ, Арилжааны зээлийн хүүг бууруулж хугацааг уртасганa, Аймаг бүрт үйлдвэр барина, Татвар нэмэхгүй, Шинэ төрлийн татвар бий болгохгүй, Өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ, Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг амь оруулж, үнэ цэнэтэй болгоно гэх мэт амлалтуудыг өгсөн.
Эдгээрийн он удаан жилийн турш яригдаж байгаа нь 1072 хувьцаа. Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордын ашгийг эргэлтэд оруулах замаар ахмадуудын зээлийг тэглэх шийдвэр гаргасан. Тэгвэл эрх баригч хүчин 1072 хувьцааг амь оруулах боломж байгаа юу?
Саяхан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Компаниас гаргасан хаалтын дүнгээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалтын орлого 2019 онд нэг тэрбум ам.долларт хүрсэн. 2.66 их наяд төгрөг гэсэн үг. “Эрдэнэс-Тавантолгой” компани нэг тэрбум ам.долларын орлоготой ажилласан анхны Монгол компани болж байгаа юм. Татварын дараах цэвэр ашиг нь нэг их наяд төгрөгт хүрсэн. Татвараар улсын төсөв 660 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Компанийн тухай хуульд зааснаар тухайн жилийн цэвэр ашиг баталгаажсаны дараа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах уу, үгүй юү гэдгийг компанийн эрх барих дээд байгууллага шийддэг. Манай компанийн хувьд эрх барих дээд байгууллага нь ТУЗ. ТУЗ 50 хоногийн дотор хуралдаад энэ асуудлаар шийдвэр гаргана. Манай компанийн хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14.7 хувийг нь иргэд (хоёр сая 511 мянган иргэн), үлдсэн багахан хувийг нь дотоодын аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.
О.ОНОН