Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногт улстөр нийгэм, эдийн засгийн салбарт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Шинэ оны өмнө гурван генерал нэг Ардын эмч төрлөө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Доржпаламын Гэрэл, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Сайннямбуугийн Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Мангалсүрэнгийн Энх-Амар нарт Бригадын генерал цол олголоо.

Мөн Монгол Улсын гавьяат эмч Чимэдцэеэгийн Пунцагт Ардын эмч цол хүртээсэн бол Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Самдангийн Эрдэнэбал, Эрдэнэдалайн Батсайхан, Гавьяат агрономич цолоор Жалсрайн Баярмагнай, Гавьяат багш цолоор Бавалын Даваадорж, Ламжавын Олзвой,  Осорын Сумьяагарав, Дамирангийн Цэдэв, Зоригтын Байгалмаа, гавьяат барилгачин цолоор Жанарын Батсайхан, Хыстаубайн Баян, Лхамсүрэнгийн Төмөр,Гавьяат дасгалжуулагч цолоор Жамбалдоогийн Лхагва,  Гавьяат жүжигчин цолоор Жигдээгийн Цэцэгмаа, Гавьяат хуульч цолоор Чойжуурын Дашням, Гавьяат эдийн засагч цолоор  Донидын Алтангэрэл, Гавьяат эмч цолоор Батсүхийн Батболд Лувсангийн Гэрэлчимэг Будгианы Дэлгэрхангай,  Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг шагналаа. 
 
Ерөнхийлөгч тэтгэвэр тэглэнэ гэдгээ мэдэгдлээ
 
Ерөнхийлөгч он солигдох мөчид баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмад буурлуудынхаа магнайг тэнийлгэсэн мэдээг дуулгав. Тэрбээр “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна”гэсэн юм. 
 
ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хахууль авч байгаад баригдав 
 
ЗТХЯ-ны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан мэдээ өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг татаж байв. 

Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-ны өдөр цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул  шүүх хуралдааныг 2020.01.03-ны өдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Улмаар баасан гарагт түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдоогүй байгаа учир Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 
 
Саарал жагсаалтаас гарах төлөвлөгөө боловсруулжээ

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF энэ оны аравдугаар сарын дундуур Монгол Улсыг саарал жагсаалтад орууллаа. Тэгвэл саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөг боловсруулан шинэ оны босгон дээр УИХ-д өргөн барилаа. 

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019.10.18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор энэхүү хуулиудын төслийг боловсруулжээ.
Хуулиудад өөрчлөлт орсноор:
-мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчин боловсронгуй болох;
-Монгол Улсын хэмжээнд  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах нөхцөл бололцоо сайжирч, үйл ажиллагаа нь өргөжих;
-мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сайжрахын зэрэгцээ мэдээлэл солилцооны шуурхай байдал хангагдаж, үйл ажиллагааны чадавх дээшлэх;
-хуулийн зохицуулалт тодорхой уялдаатай болж, улмаар ФАТФ-ын зөвлөмжид нийцэх;
-мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.
Хуулиудын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх ажээ.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.