Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар “Лхүмбийн хэрэг” номын нээлтээ хийлээ
 

Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатар “Лхүмбийн хэрэг” номын нээлтээ өнөөдөр хийлээ.



Түүхч Д.Өлзийбаатар номынхоо талаар “XX зууны 20-40-өөд онд зориуд зохиож, хуурамчаар хэрэг бүрдүүлэн олон мянган хүнийг хилс хэрэгт холбогдуулан буудан хороож, хорьж тамласан үйл явдал бол улс төрийн сэдэлттэй харгис залхаан цээрлүүлэлт, хүний оршихуйн эрхэнд халдсан төрлөөр устгах ялт гэмт хэрэг гом. Энэ ялт үйлдлийг тухайн үеийн Монгол орны эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбон учир шалтгааных нь үндэс язгуур, уг чанарыг тайлбарлаж болох ч учруулсан хор уршиг, үр дагавар, харгис хэрцгий үйлдлийг нь юугаар ч зөвтгөн цайруулах боломжгүй.

Харгислалыг үйлдэхдээ “Тусгай комисс” (1930 оны 2 дугаар сард), “Онцгой бүрэн эрхт комисс” (1937 оны 10 дугаар сард ) хэмээх ямар ч хяналтгүй залхаан цээрлүүлэх тусгай шүүх байгууллага байгуулж олон мянган хүмүүсийг хэлмэгдүүлэн хохироосон юм. Тусгай комиссын шийдвэрээр 1930-1940 онд 5728, Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр мөн хугацаанд 27585, ердийн шүүхийн шийдвэрээр 4261, нийтдээ 37474 хүнийг хилс хэрэгт шийтгэснээс 20000 гаруйг нь буудан хороосон билээ.

Энэ харгислалын явцад 1920-иод оны үед 1300 гаруй тоологдож байсан Чингис хааны Алтан ургийн тайж нар бараг алагдаж, 1930 оны бүртгэлээр 90852 тоологдож байсан лам нарын давхарга нийгмийн бүлгийн хувьд устаж, байнгын болон түр хуралтай 759 сүм хийд балгас болон сүйрчээ. Уламжлалт болон шинэ үеийн сэхээтэн, цэргийн мэргэжилтэн, түүнчлэн жирийн малчин ард, хөдөлмөрчид олон мянгаараа хэлмэгдэн хохиров. Тухайн үеийн буюу 1929 оны тооллогоор 600000 гаруйхнаар тоологдсон хүн ам 20000 эрсээр хорогдож, 10000 гаруй нь урт удаан хугацаагаар шоронд хоригдсоноос хүн амын хүйсийн харьцаа алдагдан 1960-аад оны дунд үе хүртэлх хугацаанд хүн амын өсөлт зогссон юм.

Харгислалд олон зуун эмэгтэйчүүд өртөж гэдсэндээ хүүхэд тээсэн бүсгүйчүүд бууны аман дор зогсож, хилс хэрэгт алагдсан хүмүүсийн гэр бүл, үр хүүхэд “эсэргүүний ар гэр” хэмээн насаараа нүд үзүүрлэгдэхийн зовлон туулсан билээ. Үүнийг монголчуудын эсрэг өдүүлсэн төрлөөр устгах гэмт хэрэг гэхээс өөр үггүй.

Монголын түүхэнд тохиолдсон харуусал, эмгэнэлээр дүүрэн энэхүү цаг үеийн түүхийг сонирхон судалж, эргэцүүлэн тунгаах, учир шалтгааны уялдаа холбоог тайлан нягтлах ажил, оролдлогууд зөвхөн түүхчдийн хүрээнд ч биш, сэтгүүлч, зохиолч, хувь хүмүүсийн дунд ч түгээмэл байдгаас энэ сэдвийн талаарх хүмүүсийн мэдэж дуулсан зүйл харьцангуй их.

Болж өнгөрсөн үйл явцын шалтаг, шалтгааны цаад мөн чанарыг судлан тогтоох ажил хийгдсээр байгаа ч энэ үйл явдлыг хүчний байгууллагын алдаатай ажиллагаа, хэн нэг хүний буруу үйлдэл, Коминтерний түрэмгийлэл гэх мэтээр саланги, ангид ойлгох ойлгоц энэ хэр байсаар байна. Энэ нь хэлмэгдүүлэлтийн мөн чанараас урган нөхцөлдсөн учир шалтгааныг нэгэн ойлгоцод нэгтгэн зангидаж чадаагүй л байна гэсэн үг.

Учир иймд архивын түүхэн баримтад тулгуурлан, тухайн үеийн улс орны дотоод гадаад бодит байдалтай нягт уялдуулан сурвалж, баримтыг дэлгэрэнгүй гарган тавих нь

бодот байдлыг ойлгоход тустай байх гэж би боддог. Гэхдээ энэхүү түүхэн цаг үеийн баримт сэлтийг бүхлээр нь хадгалж байгаа архивын сан хөмрөгийн ил болон нууц данс хараатай шууд харьцан судлах боломж тэр бүр судлаач нарт тохиож байгаагүй.

Уг түүхэн үеийн цар хүрээ асар өргөн, нийгмийг бүхэлд нь донсолгосон үйл явдлаар дүүрэн бөгөөд үүсэл, өрнөл, учир шалтгааны учиг үзүүр нь энэ хэрээр олон талтай.

Би судалгааны ажлаараа энэхүү үйл явцын үүсэл сэдлийн мөн чанарыг Монголын улс төрийн гадаад орчинтой холбон үзэх оролдлого хийсэн юм. Бүр тодруулбал XIX зууны сүүлч үеэс эхлэн Монголын геополитикийн орчинд бий болсон Орос, Япон, Хягад болон бусад их гүрнүүдийн зөрчил, эвлэрэлтэй холбон үзэж тогтоохыг зорьсон юм.

Энэ зорилго дор XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед Ази тивд нөлөөгөө тэлэх гэсэн хүчирхэг улс гүрнүүдийн улс төр, цэргийн бодлогод Монголын эрх ашиг байр суурь хэрхэн өртөв, түүний геостратегийн ач холбогдлын илрэл, Монголын улс төрчид гадаад орчиндоо хэрхэн дүгнэлт өгч, дотооддоо улс төрийн ямар чиг хандлага барьж байсан болон тэдний үйл ажиллагааны үндсэн зарчим их гүрний эрх ашигтай хэрхэн зөрчилдсөн, үзэл бодлын зөрүү, үйл ажиллагааны дайсагналцал юунаас үүдэн бий болов, улмаар “Лхүмбийн хэрэг”, “Гэндэн Дэмидийн хэрэг”, “Лам нарын хэрэг” гэж юу вэ?, хэрхэн яаж энэ хэрэг үүсэв, хэн юуны учир үүнд өртөв, эцэст нь 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн шалтгааныг нэгтгэн дүгнэж, түүнээс үүдэн гарах сургамж юу вэ гэдгийг өгүүлэхийг оролдон энэ сэдвээр цуврал гаргахаар зориглож эхний дэвтрээ та бүхний гарт өргөн барьж буй нь энэ.

“Лхүмбийн хэрэг” гэх энэ номд 1933 онд Монгол оронд болсон МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбээр толгойлуулсан “хувьсгалын эсэргүү, японы тагнуулын Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт төвтэй бүлэг хэрэг” гэгч хилс зохиомол хэргийг Хэнтий аймагт хэрхэн зохион байгуулсан тухай өгүүлнэ. Номын зай багтаамжаас шалтгаалаад Дорнод аймгаас энэ хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн тухай тэр бүр оруулж чадсангүй, нөгөө талаар энэ “хэрэг” гэгчийн учиг үзүүр анх Хэнтий аймагт зангидагдсан тул дэлгэрэнгүй авч үзэхээс өөр аргагүй байлаа.

Ер нь аливаа улс орны нутаг дэвсгэрийн эрх ашгаар тодорхойлогдож байдаг геополитикийн ашиг сонирхол нь тухайн бүс нутаг, улс оронд ноцтой тогтворгүйжүүлэлт учруулж байдаг нь нэгэнт илэрхий билээ. Хүчирхэг гүрнүүдийн геополитикийн зөрчилдөөнд жижиг буурай улс орны эрх ашиг хөндөгдөхдөө хохирол амсах тал нь давамгайлж байдгийн нэгэн тод жишээ нь Монгол улс. Их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил өрсөлдөөний талбар болсноороо Монгол улс нь хэн нэг ялагчийн нөлөө, дохио зангаагаар хөдлөхөөс өөр аргагүй түүхэн нөхцөлд эрхгүй хүрчээ.

Аль ч улсын эрх ашиг монголыг гадаад ертөнцтэй холбохыг сонирхохгүй, хүсэхгүй, анзаарахгүй байсан нь нэг талаас Монголын буурай жижгийн гачлан, нөгөө талаас хүчирхэг улсуудын геополитикийн хатуу бодлогын үр дүн юм.

Монгол орон бол тухайн үед аль ч их гүрний хувьд мөнхийн дайсан нь ч биш, мөнхийн нөхөр нь ч биш гагцхүү мөнхийн эрх ашиг нь л байсан.

Энэ л бодлогын хүрээнд Монгол улс, түүний ард түмэн өөрсдийн хүсэл зоригоор төр улсаа байгуулж, тусгаар тогтнолоо олох, засаг төрийн хэлбэрээ сонгон тогтоож, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлох боломжоор байнгын хязгаарлагдмал орон зайд нэгэн үеийг өнгөрөөсөн нь түүхэн үнэн.

Өгүүлэн буй үед Орос-Зөвлөлтийн геополитик нь “дэлхийн хувьсгалын”, Японы геополитик нь “Их нарын улсын ивээл доорх Их Ази”, Хятадын геополитик нь “Манж Чин гүрний байлдан эзэлсэн нутаг дэвсгэрийг хэвээр хадгалах” гэсэн үзэл суртлаар тугаа хийж байлаа.

Геополитик нь гео үзэл суртлаар өргөжин тэлсэн нь өрсөлдөөний шинж чанарыг улам бүр хатуу ширүүн, эвлэршгүй тэмцлийн хэлбэрт аваачиж улс төр, үзэл санааны дайсагналцлыг бий болгосон бөгөөд монголчууд энэ зөрчил тэмцлийн орон зай байсныхаа хувьд хүнд хэцүү хохирол амссан. Үүнийг л хэлэх гэсэн юм.

Энэхүү өргөн хүрээтэй, маргаан зөрчил ихтэй, сонирхолтой, хариуцлагатай судалгааны ажлыг барин авч улмаар ном болгон олонд хүргэх ажлыг зориглон хийсэн мөхөс надад алдсан, ташаарсан зүйл цөөн бус байх нь магад. Судлаач эрдэмтэд, уншигч эрхэм хүмүүс номыг шүүн тунгааж санал бодлоо харамгүй хуваалцана гэдэгт итгэж байна” гэлээ. 

О.ОНОН

 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.