
Өнгөрсөн жилийн НӨАТ-ын буцаан олголтод 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900 мянга гаруй иргэнд олгох урьдчилсан тооцоо гарсан байна. Буцаан олголтыг энэ оны хоёрдугаар сард багтаан олгох бөгөөд энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжих юм.
НӨАТ-ын тухай хуульд зааснаар доор дурдсан нөхцөл, шаардлагыг хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Үүнд:
· Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх
· Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх
· Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх
· Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.
Мөн НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараах мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.
Үүнд:
· Хэрэглэгчийн овог, нэр
· Регистрийн дугаар
· Цахим шуудан /имэйл/-ийн хаяг
· Утасны дугаар
· Албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар.
Албан татвар төлөгч нь журмын дагуу бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.

Хоёр болон түүнээс дээш аккаунттай хэрэглэгчийн НӨАТ-ын буцаан авалтыг шилжүүлэх боломжгүй учир давхар бүртгүүлсэн олон аккаунттай хэрэглэгчид бүртгэлээ нэгтгэх шаардлагатай.
С.Жангар