Олны анхаарлыг татсан содон үйл явдлууд- 2019
Өнгөрч буй 2019 онд улстөр нийгэм, урлаг соёлын салбарт хамгийн их олны анхаарлыг татсан үйл явдлуудыг онцлон  хүргэж байна. 

THE HU хамтлаг "Биллбоард"-ыг тэргүүлэв

Монгол Улсын нэрийг дэлхийн хөгжмийн ертөнцөд “The Hu” хамтлаг  цуурайтуулсан үйл явдал оны хамгийн онцлох мэдээллийн нэг байв. 

“The Hu” хамтлаг  нь 2016 онд МУГЖ дуучин Б. Дашдондог үүсгэн байгуулсан, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Чингис хаан одонт хамтлаг юм.

“The Hu” хамтлаг  нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байгаа юм.

2019 оны есдүгээр сарын 13-нд “The Hu” хамтлагийн анхны цомог нь “Гэрэг” нэртэйгээр гарсан бөгөөд 2019.09.25-ны байдлаар биллбоард-д World albums төрөлд жагсаалтаар 1-т орлоо. 

“Гэрэг” цомогт “The Hu” хамтлагийн хит уран бүтээлүүд болох “Wolf Totem”, “Yuve yuve yu”, “Shoog Shoog” тэргүүтэй нийт есөн дуу багтсан юм. 

Иргэн Б.Болороогийн суултыг Ерөнхий сайд зогсоолоо 

Нөхрийнхөө амь нас  эрсэдсэн асуудлыг үнэн мөнөөр шийдэж, хуулийн этгээд бүхий компанийг хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд уучлал гуйж, нөхрийнхөө нэр төрийг цагаатгахыг хүсч иргэн Б.Болороо талбай дээр суулт зарласан. Харин суултын 10 дахь хоног дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар гарч ирж шаардлагыг хүлээн авсан нь олны талархлыг хүлээсэн үйл явдал байв. 

Ерөнхий сайдын зүгээс иргэн Б.Болороог суултаа зогсоохыг хүсэж, хуулийн дагуу арга хэмжээ авч, ажиллана гэх амлалт өгсөн юм. 

Сануулахад, энэ оны  зургадугаар сарын сүүлээр иргэн Б.Болороо өөрийн нөхрөө алга болсон тухай болон боломжит бүх газраас хайж байгаа тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байв. Гэтэл улсын баяр наадмын өмнөхөн түүний нөхөр харамсалтайгаар амиа алдсан тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн юм.  Түүний нөхөр нь өөрийн хариуцаж байсан объект буюу Хишиг Арвин Индустриал ХХК-ийн ажилчдын түрээслэн амьдардаг байрны хонгилд амь насаа алдсан байсныг цагдаагийн байгууллага олж илрүүлсэн байдаг. 

Онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрт Цэцийн дарга Д.Одбаяр 

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-ын онгоцны буудал дээр баригдсан байдаг. Тэрбээр тухайн үед Индонез улс руу томилолтоор явж байсан Үндсэн хуулийн Цэцийн дарга гишүүд багтсан томилолтын багийнхан согтуурч онгоцны үйлчлэгч, 20 настай эмэгтэйн өгзгөнд нь хүрсэн асуудал дэгдсэн.  Улмаар Кorean Air компанийнхан Д.Одбаярын үйлдлийн талаар цагдаагийнханд мэдэгдэж,  Инчоны нисэх буудлын хоёрдугаар терминал дээр газардах үед нь баривчилсан тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан.Тухайн үед Өмнөд Солонгос дахь Монгол улсын Элчин сайдын яам дипломатуудын халдашгүй эрхийн талаарх “Дипломат харилцааны тухай конвенц”-ийн дагуу Д.Одбаярыг баривчлах ёсгүй гэж мэдэгдсэн бөгөөд улмаар түүнийг сулласан.

Гэвч Д.Одбаяр нь БНСУ-д дахин байцаалт өгөхдөө  хэргээ хүлээн зөвшөөрч, долоон сая вонын торгуул төлсөн байдаг. Ийнхүү харийн нутагт улсынхаа нэр хүндийг шороотой хутгасан Д.Одбаяр эх орондоо ирээд удалгүй Цэцийн даргын суудлаа өгч, Цэцийн гишүүнээрээ үлдэв. 

Хэдэн зуун саяар үнэлэгдэх олдворыг улсдаа хүлээлгэн өгсөн хүүг 4.8 сая төгрөгөөр “шагнав”

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Билгэх баян бүрд гэх газрын иргэн 19 настай Ц.Энхмандал малаа хариулж яваад 34 ширхэг шашны олдвор олсон байдаг. Тодруулбал, Ц.Энхмандал хүү 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр ганцаараа хонио хариулж яваад их элсэн дундаас цухуйх эд өлгийн зүйлийг харжээ. Уг олдворт ялгуусан суварга хоёр ширхэг, богд зонхова бурхан түүний хоёр шавь, бурхан багш, жанрайсиг, манал, ногоон дарь эх зэрэг бурхад, зэс тагш, тахил зэрэг олдворууд элэгдэж муудсан модон хайрцагт бөөнөөрөө байсан байдаг. Маш нарийн хийцтэйн дээр багадаа 100 гаруй жилийн түүхтэй эдгээр бурхан тахилын нийт үнэ өртгийг тооцоолбол хэдэн зуун саяар үнэлэгдэх нь энэхүү олдворыг улсдаа хүлээлгэн өгсөн хүүг 4.8 сая төгрөг “шагнасан”  үйл явдал олон нийтийн шүүмжлэлд өртөв. 

Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгов 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, зодож байгаа бичлэгийг эхлээд УИХ-ын гишүүдэд дараа нь сэтгүүлчдэд үзүүлж улмаар МҮОНРТ-ээр дамжуулан олон нийтэд ил болголоо. Ийнхүү  эрүүдэн шүүж байгаа 27 минут 8 секундын бичлэгийг ил болгов.  Б.Содномдаржаа, Т.Чимгээ Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2019-12-30 10:46:37
    Өнгөрсөн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 27-нд “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ц.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяа Улаанбаатар хотын нэгэн томоохон цэн...