Агаар бохирдлыг бууруулах ажилд зэвсэгт хүчний 5 ангийн 300 гаруй бие бүрэлдэхүүн ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабаас 300 гаруй цэрэг Тавантолгой түлш ХХК-д ажиллаж байна. Цэргүүд шахмал түлш савлах, түгээх зэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэргийн алба хаагчид өнөөдөр шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар оролцон цэргийн алба хаахын хажуугаар Улаанбаатар хотыг утаагүй болго үйл хэрэгт дэмжлэг үзүүлж байгаад талархал дэвшүүлж гарын бэлэг гардууллаа.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Энхийн цагт эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үр дүнтэй оролцож болдог гэдгийг эрэлхэг дайчид ээж аавын хөвгүүд та бүгд харуулж байна. Нийслэлээ цэвэр агаартай хот болохын төлөө нийт зэвсэгт хүчний 5 ангийн 300 гаруй бие бүрэлдэхүүн хичээн зүтгэн ажиллаж байгаа. Та бүгдээр эх орон, ээж, аав, ах дүү цаашлаад нийслэлчүүд бид бахархаж байна” хэмээн онцолсон юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine