Шинэ үзмэрийн дээжис танилцуулна
Монголын Үндэсний музейгээс “Шинэ үзмэрийн дээжис-V” түр үзэсгэлэнг  өнөөдөр /2019.12.27/ 16:00 цагт нээх гэж байна. 

 Энэ удаагийн үзэсгэлэнд 2017-2019 оны хооронд музейн сан хөмрөгт шинээр бүртгэн авсан 227 дэсийн 604 үзмэрийг цогц байдлаар анх удаа дэлгэн үзүүлж буйгаа онцлогтой юм.  Шинээр бий болсон энэхүү сан хөмрөгт археологи, түүх, угсаатны зүйн чиглэлийн ховор үзмэрүүд олон аж.

Тус музейн судлаачдын археологийн малтлага судалгаагаар илрүүлсэн олдворууд нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж буй өвөрмөц олдворуудаар баялаг байгаа нь энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог юм. Тухайлбал Монгол–Америкийн хамтарсан “Умард монгол” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутгаас илрүүлсэн Хориг уул хэмээх газар орших Дундад зууны Монгол язгууртнуудын булшны гайхамшигт олдворуудыг дурдаж болно.

Тус дурсгалаас олон үнэт эд зүйлс илэрч олдсоноос гадна анх удаа өрөм, шар тос бүхий ваар сав суулгыг илрүүлсэн нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Уг дурсгалууд XIII-XIV зууны Монгол язгууртнуудын булш оршуулга болохыг дээрх олдворууд харуулж буйгаараа онцгой ач холбогдолтой. Үүнээс гадна Монголын Үндэсний музейн судлаачдын Ховд аймгийн Мянгад сумын Урд улаан үнээт хэмээх газраас илрүүлсэн Жужаны хаант улсын үед холбогдох хадны оршуулга, Монгол – Америкийн хамтарсан “Баруун Монгол”, Монгол - Хятадын хамтарсан “Шийтэр”, “Айрагийн гозгор дахь эртний нүүдэлчдийн соёл иргэншил”, Монголын Үндэсний музей – Олон улсын Түрэг Академитай байгуулсан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Гүнбүрд, Хаяа худаг хэмээх газарт явуулсан “Хэрлэн” төслийн малтлага судалгаагаар олдсон олон олдворуудыг дурдаж болно.
 
Мөн ард иргэдийн бэлэг хандив, тэднээс худалдан авсан үзмэрүүд эл үзэсгэлэнд чухал байр суурь эзэлж байна.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.