Спорт, урлаг соёлын онцлох-2019

Өнгөрсөн онд спорт, урлаг соёлын салбарт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг хүргэе. 


Эмэгтэй шигшээ баг олимпод өрсөлдөнө

Японы нийслэл Токио хотноо зуны 32 дугаар олимпийн наадам ирэх онд болно. Манай улсын хувьд  40 тамирчин олимпийн эрх авах зорилт тавиад буй билээ.

Энэ жилийн хувьд Монгол улсын 3Ч3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ дэлхийн шилдэг дөрвөн багийн нэг болж 2020 оны Олимпод өрсөлдөх эрхээ авсан нь спортын онцлох үйл явдлуудын нэг байв. Ингэснээр Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортоор олимпод орох юм. 

Олимпийн наадамд оролцох эрхийг хамгийн анх авсан тамирчид бол буудлагынхан юм. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, спортын мастер Ц.Анударь, ОУ-ын хэмээний мастер Э.Даваахүү, О.Есүгэн зуны 32 дугаар олимпод оролцох эрхээ аваад байна. 

Мөн “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, марафонч Б.Мөнхзаяа олимпид оролцох эрхээ аваад байна. 

Харин жудо,бокс, байт харваа, дугуй, таеквондо, усанд сэлэлт, спортын гимнастикийн тамирчид олимпийн эрхийн төлөөх тэмцээнээ хүлээн, бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм. 

Түүнчлэн өнөөдрийн байдлаар "Токио-2020" паралимпийн тэмцээнд пара пауэрлифтингийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, пара таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэй пара таеквондогийн төрөлд Х.Энхтуяа, пара буудлага 10 метрийн ганцаарчилсан зайн төрөлд ОУХМ З.Ганбаатар нар оролцох эрхээ аваад байна. 

Ираны бөх Монголын иргэншилтэй болов

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Моллаей Саеид Монгол Улсын иргэн боллоо. Тэрбээр энэ хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Моллаей Саеидад Монгол Улсын иргэншил олгох Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм. 

Моллаей Саеид 1992 онд төрсөн, 2017 онд Будапештэд болсон жүдо бөхийн ДАШТ-ээс алт, хүрэл, 2015, 2016 онд Азийн наадмаас хүрэл, 2017 онд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.

Т.Энхцэцэг ОУ-ын жүдо бөхийн шилдэг шүүгч болов

Олон улсын жүдо бөхийн холбоо шилдэг эмэгтэй шүүгч шалгаруулахад Монголын Т.Энхцэцэг дундаж 8.4 буюу эрэгтэй шүүгчдийн хувьд ч дээгүүрт тооцогдох оноогоор тэргүүлж, дэлхийн шилдэг шүүгчээр нэрлэгдэв. Т.Энхцэцэгийн хувьд насанд хүрэгчдийн ДАШТ-ийг сүүлийн гурван жил дараалан шүүсэн байдаг. Өнгөрсөн жил “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр шалгарсан тэрбээр энэ жил амжилтаа дэлхийд үнэлүүлсэн нь энэ. 

“The Hu” хамтлагт "Чингис хаан" одонг гардууллаа

Энэ жил Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөө жил арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиосон юм. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.

Энэ дагуу  Ерөнхийлөгч өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “THE HU” хамтлагт хүртээсэн юм. 

Ардын уран зохиолч П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээлээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Төрийн соёрхол" цол хүртээхээр болсон байна. Шагнал гардуулах ёслол Сар шинийн баярын өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын дөрвөнд Төрийн ордонд болно.

Нэрт яруу найрагч П.Бадарч нь өдгөө 80 насыг зооглож байгаа бөгөөд тэрээр 1960 оноос уран бүтээлээ туурвиж "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн" зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ. 

1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг” “Байтагийн чулуу” “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол тус тус хvртсэн байна. 

Үндэсний их баяр наадмаар хоёр хөгжмийн зохиолчид Хөдөлмөрийн баатар хүртээлээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж,  ажил  үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль  хүртээсэн. 

Тэднээс Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь төр үнэлэн  Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг Төрийн шагналт, Урлагийн гавъяат Зүтгэлтэн, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч асан Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, Н.Жанцанноров нарт  олгосон юм. 

Шилдгийн шилдэг тамирчнаар М.Анхцэцэг, Э.Цэндбаатар нар тодорлоо

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно 2019" наадмын  Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг, эрэгтэй тамирчнаар Эрдэнэбатын Цэндбаатар нар тодорлоо. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.