Нийгэмд өрнөсөн онцлох үйл явдлууд-2019

Өнгөрч буй онд нийгэмд өрнөсөн онцлох үйл явдлуудыг эргэн сануулъя 


Налайхын зам

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км шинэ автозамын энэ онд нээсэн нь нийгмийн талархал хүлээсэн анхаарал татсан үйл явдал байв. Тус чиглэлийн хуучин зам нь 60 гаруй жилийн турш арчилгаа хийгдээгүйн улмаас эвдэрч, аюулгүй зорчиход хүндрэл учруулж байсан. Харин үүнийг хоёр эгнээ 7 метр өргөн дөрвөн эгнээ бүхий  26 метрийн өргөнтэй олон улсын стандарт, технологийн горим хангахаар болгон шинэчлэв. Ирэх хавраас төмөр туузан хашлага, явган хүний болон дугуйн зам, суурьшлын бүсийн хэсгүүдэд явган хүний гүүрэн гарц хийж, асфальт бетоноор нэмж хучин долдугаар сард бүрэн дуусгах юм. 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын нийт өртөг 36 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс санхүүжүүлжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын  “Синохайдро Лимитед корпорейшн”,  зөвлөх үйлчилгээг “Мөнхад ашдын зам”, туслан гүйцэтгэгчээр “Тэгшплант”, “Гашууны гол”, “Дардан говь” компани ажиллаж байгаа юм.

Улаанбаатар Дархан чиглэлийн зам иргэдийг бухимдуулав

Налайхын зам ийнхүү шинэчлэгдэн олны талархлыг хүлээн бол Улаанбаатар Дархан чиглэлийн зам энэ жилийн олон нийтийн бухимдлыг төрүүлсэн ажил болон хувирлаа. Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 километр замын засварын шинэчлэлтийн ажил зургадугаар сарын 19-нд эхэлсэн. Зам засварын ажлыг таван хэсэгт хуваан гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн аравдугаар сард нэгдүгээр багц дээр аспальтан хучилт, хоёр, дөрөв дээр өргөсгөлт, гурав, тав дээр цементээр бэхжүүлсэн суурийг хийж байгаа мэдэгдэж замын ажлыг зогсоосон юм. Ингээд Улаанбаатар Дархан чиглэлийн замыг арваннэгдүгээр сарын 1-ээс нээсэн юм. Гүйцэтгэгчдийн зүгээс  хамгийн их осол аваарь гардаг уг замын эвдрэлтэй хэсгүүдийг янзалж, өндөр даваануудыг намсгасан хэмээн мэдэгдэж буй. Харин хавраас засварын ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна.

Түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш хэрэглэж эхэллээ

Засгийн газрын тогтоолоор энэ оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлш хэрэглэж эхэллээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцсон. 

2019 оны аравдугаар сарын 14-20-ны өдрүүдийн агаарын чанарын индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад РМ10 тоосонцрын агууламж 13 нэгжээр, РМ2.5 тоосонцрын агууламж 8 нэгжээр буурсан бол стандартаас давсан үзүүлэлтийн тоо дээрх хоёр үзүүлэлтээр 30 орчим хувиар буурсаныг албаныхан хэлж байна. 

Мөн дэлхийн 10 мянга гаруй хотын агаарын чанарын үзүүлэлтийг гаргадаг томоохон вэб сайтуудын хамгийн их бохирдолтой 10 хотын жагсаалтаас Улаанбаатар хот гараад байгаа юм.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэрэг прокурорт буцлаа

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан юм. 

Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгч асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасныг шүүгч энэ сарын 9-нд хүлээн авсан байдаг. Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ долоо хоногт болж , тэдний хэргийг прокурорт шилжүүлэв. 

Б.Амархүүг суллав

Дуучин Б.Амархүүг өнгөрсөн есдүгээр сарын 19-20 шилжих шөнө мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж саатуулсан байдаг. Улмаар энэ сарын 17-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцээд, суллав. 

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа. Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв. 

 Г.Дэнзэнг хариуцлагаас чөлөөлөв 

Г.Дэнзэнд холбогдох хэрэгт 2012 он буюу Н.Алтанхуягийг Засгийн газрын тэргүүн байхаас эхлэлтэй. Гэвч энэ сарын эхээр Г.Дэнзэнг гэм буруутайд тооцсон ч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв. Тодруулбал, Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгов. 

Б.Махбалд холбогдох хэргийг дахин прокурорт буцаалаа

Энэ сарын 13-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Б.Махбалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ. 

Сануулахад, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдсон юм. 

МХЕГ-ын дарга нар авлигын хэргээр ял завшлаа

Албан тушаалаа ашиглаж, олон хүнийг эдийн засгаар нь хохироож, аргагүй байдалд оруулж, гэм зэмгүй олон хүнийг хэрэгт холбогдуулсан МХЕГ-ын хэлтсийн хоёр дарга болон 20 гаруй холбогдогчдод хэргийг хэрэгсэхгүй болголоо. Энэ шийдвэр олон нийтийн бухимдуулж, эрх баригчид баталсан хуулиа эргэн харахад хүрсэн юм. 

Улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэмээн буруутгагдаад байсан МХЕГ-ын  Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэрэгсэхгүй болгосон юм. 

АТГ-аас Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан авлига албан тушаалын онц ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. Харин МХЕГ-ын албан тушаалтнуудад хахууль өгсөн гурван хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон бөгөөд 19 хүнд торгох шийтгэл оноож, хэрэг шувтрав.

Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ

Одоогоос олон жилийн өмнө уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, хуурамч гарын үсэг бүрдүүлэн их хэмжээний мөнгө авч, хувьдаа завшсан “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүд холбогдох хэрэг удаан шалгагдсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр энэ сард хэрэгсэхгүй болов.

Тодруулбал, одоогийн мөрдөж буй хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр гэмт этгээдүүдэд ял завших боломж олгож байна гэдэг шүүмжлэл гарсаар байгаа. 

Ийнхүү  сүүлийн 10 гаруй жил яригдсан “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан луйврын хэрэг намжмал байдалд орсон юм. Уг хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэх Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр хариуцлагаас мултарав. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • h 2019-12-26 09:38:42
    Koki chini ta nariin zaya chini terdee. Odo bitgii gonshignocgoo ta nar bid ingej l yal zavshina ta nar muusainuud bol kokino bolno shuu za yu
  • !!!!!!!!!!! 2019-12-26 01:28:23
    Arai ch dee Iim yum gej baij bolohgui yadaj deerhi humuus Uls Niigemd uchiruulsan hohirloo 100% baragduulj baij daraa daraagiin arga hemjeeg awah estoi bizdee !...