Мөсөн хотхон нийслэлийн төв талбайд сүндэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй Мөсөн хотхоны нээлт  боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болсон юм. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц болон бусад холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд, иргэд олон нийт оролцов.

Нээлтийн үеэр 100 гаруй авъяаслаг залуус нэгдэж, “Цэвэр агаартай хот”-ын төлөө иргэн бүр нэгдэж, агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор флаш моб толилуулсан нь олны анхаарлыг татсан юм. Мөн жанжин Сүхбаатарын талбайн мөсөн гулгуур нээлтээ хийж, тэшүүрийн тамирчид уран гулгалтын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж, урлаг соёлын салбарынхан уран бүтээлээ хүргэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдөр бид нийслэлийнхээ төв талбайд сүндэрлүүлэн зассан Сүлд модныхоо гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбайн үйл ажиллагаагаа нээж байна. Мөсөн хотхоныг нийслэлийнхээ иргэд болон дотоод, гадаадын жуулчдад зориулан байгуулж байгаагаараа онцлог юм. Улаанбаатарчууд төдийгүй гадны зочин, төлөөлөгчид, жуулчдад өвлийн улиралд үзэх, харах зүйл, амарч зугаалах орчныг нь нэгээр нэмж өглөө. Мөн энэхүү мөсөн тайз, мөсөн хотхоныг ашиглан ирэх гуравдугаар сарын 01 хүртэл нийслэлийн агентлагууд, харьяа байгууллагууд цуврал өдөрлөгөө зохион байгуулахаар төлөвлөсөн. Төв талбайд хуран цугласан, цэнхэр дэлгэцээр энэхүү үйл ажиллагааг үзэн суугаа Та бүхэндээ ирж буй 2020 ондоо аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе” хэмээлээ.

Өвлийн улиралд зориулсан “Цэвэр агаартай хот” аянд зориулан мөсөн хотхон байгуулж байгаа нь олон давуу талыг бий болгож байна. Тухайлбал, нийслэлийн иргэд өвлийн улиралд хотоосоо “дайжиж”, тодорхой зайд гарч цэвэр агаар амьсгалдаг байсан бол энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 доошгүй хувиар буурсан учраас нийслэлийнхээ төв талбайд гэр бүлээрээ мөсөн хотхонд чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх, өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, цаашлаад өвлийн аялал жуулчлалыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломж бий болж байгаа аж.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа бөгөөд 12 дугаар сарын 31 хүртэл орой бүр 3D лазер шоуны үзүүлбэр толилуулагдах юм байна.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлсэн үгэндээ “Энэ жил нийслэлчүүд бид санал санаачлага, итгэл сэтгэл нэгдэж, хүн бүр оролцоогоо бий болгон хамтран ажилласны үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг төлөвлөсөн түвшиндээ хүртэл бууруулж чадлаа. Өнгөрөгч нэг жилийн хугацаанд “Цэвэр агаартай хот” аяны хүрээнд бид иргэдэд чиглэсэн, хүн бүрийн оролцоог бий болгож, мэдлэг мэдээллийг хүргэсэн олон ажлыг зохион байгуулж ажилласан. Үүний үр дүнд нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр, 226 аж ахуйн нэгжийн 507 халаалтын зууханд утаа шүүгч, 248 зуухыг цахилгаан халаалтад шилжүүлж, нийт 700 гаруй зуух янданг буулгаж, 78.348.00 тонн түүхий нүүрсний бодит хэрэглээг зогсоож чадлаа. Мөн Агаарын, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг танилцуулах, автомашины утааны хор уршгийг таниулах зорилгоор улирал тутам “Цэвэр агаартай хот” өдөрлөг, автомашингүй өдрийг зохион байгуулдаг болсон ба энэ удаа өвлийн улиралд зориулсан гурван сарын аян эхэлж байна” гэв.

Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх аж. 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-12-27 00:37:53
    хэ хэ хэ
  • мэдээ юү? 2019-12-26 07:11:07
    "сүндэрлэх" гэж бусад объектээс өндөрт гарахыг хэлдэг. Зусардсан ч гэсэн үгээ зөв хэрэглэ.