Нэгдүгээр хүмүүс онцлов

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм.

Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ.

Тиймээс “Зууны мэдээ” сонин өнгөрч буй онд “Нэгдүгээр хүн” буландаа олон чухал эрхмийг зочноор урьж ярилцсан билээ. 2019 оны сүүлийн дугаарт эрхэм зочдынхоо хэлсэн үгнээс онцлон эшлэж, тэдний гол санаа шийдлийг эргэн сануулж байна.

 Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: Үндсэн хуулийг нэг нам биш ард түмэн хэлэлцэж баталдаг

-Ард түмний эрх ашгийн дэргэд ямар ч том бүлэглэлийн эрх ашиг жижиг шүү дээ.

-Ард түмэндээ үнэнч байсаар, түүний эрх ашгийг хамгаалж байсаар дуусахаас өөр аргагүй.

-Манайх дүр эсгэсэн ардчилалтай орон болсны нэгэн нотолгоо сонгуулийн тогтолцоог зөвхөн МАН ба АН-д ашигтай гаргадгаар илэрдэг.

2019.6.12 №119  (6086)


 

 ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл: Оюуны чадамжаа зөв ашиглавал Монгол Улс хөгжинө  

-Аливаа улс урт хугацаанд  тогтвортой хөгжье гэвэл шинжлэх ухаанаа хөгжүүлж урагшлах ёстой.

-ДНБ-ийхээ нэг хувиас багагүйг шинжлэх ухааны салбартаа хуваарилж  байвал улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулна.

-Манайд технологийн  мэдрэмжтэй үйлдвэрлэлийн бааз суурь алга. Том­руул­сан туршилт хийх боломж алга.

2019.5.8 №95 (6062)

 

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа: Монголчуудын хувьд шим тэжээлийн дутагдал тулгамдсан асуудал болоод байна

-Дэлхийн хүн ам 2050 онд есөн тэрбум хүрнэ. Энэ есөн тэрбум хүнийг шим тэжээлтэй, олон нэр төрлийн шим тэжээл бүхий хоол хүнсээр хангахaд анхаарч байна.

-Монголд залуу, өндөр боловс­ролтой иргэдийн тоо олон байна.

-Монголын хөдөө аж ахуйн салбарт маш их боломж бий.

2019.10.16 №205 (6172)


 

 БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Нийгэм өөрчлөгдөөд байхад нэг л хөтөлбөрөөр “нүдээд” байж болохгүй

-Сургалтын хөтөлбөрөө шинэчилж явахгүй бол нэг хөтөлбөрөөрөө 5-10 жил заадаг үе ард хоцорсон.

-Энэ жил түүхэндээ байгаагүй олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байна.

-Их, дээд сургуулиудыг нэгтгэх бодлого барина. Өмнө нь 200 гаруй их, дээд сургууль манай үйл ажиллагаа явуулж байв.

2019.8.28 №171 (6138)

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Нийгмийн даатгалын тогтолцоог гурван давхаргатай болгоно

-Засгийн газар солигдохоор төрийн бодлогын залгамж чанар алдагддаг нь Монгол төрийн дархлааг сулруулж байгаа буруу жишиг.

-Нийгмийн даатгалын тогтолцоог гурван давхаргатай болгоно. Суурь тэтгэвэр дээр ажилласан жил, авч байсан цалин, төлсөн шимтгэлээсээ хамаараад нэмэгдэл авна. Гуравдугаарт, хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог оруулж ирнэ.

2019.11.13 №225  (6192)


 

 Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: Хотын ажилд хариуцлага, гүйцэтгэл, хяналт ус агаар шиг хэрэгтэй байна

-Улстөрийн шийдэл талаасаа цаг бага байна. Тэглээ гээд би энэ ажлыг улс­төр, цаг хугацааны хэмжүүрээр хийгээгүй.

-Хатуу шаардлага тавьж, хариуцлага нэхэж ажиллана. Дүр эсгэгчдийн дургүй хүрэх л байх.

-Хэрэв нийслэл маань зөв хөгжвөл энэ н­ь өөрөө Монгол Улсын хөгжлийн түү­чээ, хөгжлийн илэрхийлэл, хэмжүүр болно.

2019.9.4  №175  (6142)


 

 Дархан аварга Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ

-Улсын наадмын үзүүр түрүүнд хүрнэ гэдэг энэ спортод ухамсарт амьдралаа зориулсны нэг шан юм.

-Монгол бөхийн амин чанар болсон 725 мэхийг гаргаж ирлээ.  Үүгээрээ Х.Баянмөнх гэдэг хүн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Энэ жил үнэхээр Мөөеөгөө үгүйллээ. Ялангуяа дархан аваргын шагналын үеэр маш их зүйл бодож зогслоо шүү дээ.

2019.7.24 №146  (6113)

 

 “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг  “Эрдэнэс-Тавантолгой” компани харуулсан

-Бид Тавантолгойн ордод лиценз авахаас эхлээд, олборлолтын үл ажиллагааг эхлүүлж, орлоготой болгох гээд нэлээд ажлыг зохион байгуулсан.

-Компани хоёр ч удаа улс төрийн гацаанд орж байсан.  Үл ойлголцол тэнд байсан.

-Харин 2017 оноос ажил нэлээд урагшилсан шүү.  Улс төрийн үл ойлголцол бүрэн шийдэгдсэн.

2019.12.11 №245  (6212)


 

“The Hu” хамтлагийн продюссер, гавьяат жүжигчин Б.Дашдондог: “The Hu” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

-Соёл бол хамгийн эхний фронт шүү. Соёл өндөр хөгжиж байж улс, эдийн засаг нь хөгждөг.

-Хүннү рок урсгалаар тоглодог дэл­хийн хамтлагуудын тоо ихсэх тусам энэ урсгал хүлээн зөвшөөрөгдөнө. Одоо­хондоо Хүннү рокоор тоглож байгаа хамгийн анхны хамтлаг “The Hu”.

-Юманд яараад хэрэггүй, байгаа нэгийгээ тордох хэрэгтэй. Олон байснаараа сайн юм гэж байхгүй.

2019.11.19 №230 (6197)

 

 Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах: Бид эх орныхоо эзэд, асуудлыг өөдрөгөөр харах ёстой

-Нэгэнт сонголтоо  хийсэн байхад МАН-ынхан бүх шатны удирдлагыг авах ёстой гэж хандах нь улс төрийн явуургүй, явцуу, улайрсан үйлдэл байлаа. Ийм байдалтай манай дүүрэг гурав дахь жилдээ нүүр тулж байна.

-Би хамт олонтойгоо зөвлөлдөж, тэдний санаа бодлыг сонсож аливаа шийдвэрийг гаргадаг.

-Би улсаа, дүүргээ хөгжүүлье гэ­сэн зорилго тавиад явж байгаа залуу­чуудын л нэг.

2019.12.18  №250  (6217)


 

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа: Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан хот, дүүрэг хөгждөг

-Улаанбаатар  хотыг лон улсын жишигт нийцүүлнэ гэж олон жил ярьж байгаа  ч бодит байдалд бүрэн хэрэгжихгүй байна.

-Иргэдийн хотдоо хандаж буй хандлага, оролцоо сул байна.

-Би дүүрэгтээ зөөлөн дэд бүтэц буюу хүний оролцоотой төсөл хөтөлбөрөөр зөв менежмент хийхийг  чухалчилдаг.

2019.10.30 №215 (6182 )


 

ОБЕГ-ын дарга,хошууч генерал Т.Бадрал: Онцгой байдлын байгууллага нэг номерын агентлаг байх болно

-Өнөөгийн хөгжлийн ололт, амжилтыг бууруулахгүй байя гэвэл эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг макро түвшинд ойлгож анхаарах ёстой.

-Залуус онцгой байдлын албанд ажиллах гэж өрсөлддөг тийм л соёл, имижтэй болсон гэж бодож байгаа. Цаашид ч өндөр шалгуур өрсөлдөөнөөр ордог, ард түмний хайр хүндлэл хүлээсэн шилдэг алба болно гэдэгт эргэлздэггүй.

2019.6.20 №125  (6092)


 

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин: Дорноговь хөгжлийн зангилаа бүхий залуусын хот болно

-Аялал жуулчлалд тулгамдсан асуудал нь нэг өдрийн болоод бүлэг аялал жуулчлалыг Байгаль орчин аялал жуулчлалын яам шуурхай шийдэж өгөх хэрэгтэй. Үүнийг шийдчихвэл Улаан-Үүд, Өвөрмонголоос жуулчид авна.

-Дорноговь аймгийн хөгжлийн дүр зургийг солонгорсон эдийн засагтай Монгол Улсын хөгжлийн зангилаа бүхий залуусын хот болно гэж төсөөлдөг.

2019.12.4 №240  (6207)


 

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар: Эрх мэдлийг нь өгчихвөл орон нутаг аяндаа хөгжинө

-Бүтээн байгуулалт бол хөгжил. Гэхдээ түүнийг бүтээхийн тулд хүнээ хөгжүүлэх нь  чухал. Хүнээ хөгжүүлэхийн тулд эрүүл байлгаж, сурч боловсруулж, ажилтай байлгах хэрэгтэй.

-Уул уурхайн орлогыг зөв зарцуулах менежмент удирдлагын арга барил, салбараа оновчтой олох, үнэлэх л хамгийн чухал. Өмнөговь аймгийг хөгжүүлэх 15-20 жилийн хөтөлбөр боловсруулж байна.

2019.5.29 №110  (6077)


 

Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар: Эв нэгдэл бидний хамгийн том хожил байсан

-Намайг 2015 онд ирэхэд хөлбөмбөгийн ертөнц хоёр хуваагдчихсан байсан л даа. Үүнийг би засахыг хичээсэн.

-Ер нь нэн тэргүүнд тамирчдаас амжилт, ур чадвар нэхээд байх нь утгагүй.

-Хөлбөмбөгийн спортод дэд бүтэц маш чухал. Хаа сайгүй л хөлбөмбөгийн талбайтай болмоор байна. Сургуулиудын гадаа, сум, аймаг гээд хөлбөмбөг хөгжих ёстой.

2019.8.7 №156  (6123)

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.