Гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй 2100 эмзэг цэгт “Хүүхэд хамгаалагч” ажилтнууд ажиллаж байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаатай “Хүүхэд хамгаалагч” төслийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.



“Хүүхэд хамгаалагч” төсөл хэзээнээс эхлээд туршилтаар явж байгаа вэ?

Цагдаагийн ерөнхий газраас санаачилсан “Хүүхэд хамгаалагч” төслийг МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжиж, ХНХ-ын сайдын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/116 дугаар тушаалаар “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг 2019 онд хэрэгжүүлэхээр батлагдсан. Энэхүү төсөл нь хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэх, хүүхэд бүрийг аливаа эрсдлээс хамгаалах зорилготой юм. “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг нийслэлийн 152 хороонд тус бүр 1 хүүхэд хамгаалагч, 21 аймагт тус бүр 2 хүүхэд хамгаалагч, улсын хэмжээнд нийтдээ 194 Хүүхэд хамгаалагч ажиллуулж, Хүүхэд хамгаалагч тус бүр сайн дурын 10 ажилтантай хамтарч ажиллах үүрэгтэйгээр ажиллаж байна.

“Хүүхэд хамгаалагч”-аар ямар хүмүүсийг сонгон ажиллуулж байгаа вэ?

Уг төсөлд ахмад настны тухай хуульд заасан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-нд тулгуурлан аймаг, дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон боловсролын байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан сайн дураар ажиллах хүсэлт гаргасан 65 хүртэлх насны ахмад настнуудыг хүүхэд хамгаалагчаар сонгосон. Сонгогдсон ахмадуудтай цагдаагийн байгууллага, ГБХЗГ, ХХҮХ дөрвөн талын гэрээг энэ оны тавдугаар сарын 01-ээс эхлэн байгуулан ажиллаж байна.

“Хүүхэд хамгаалагч” нар ямар байршлуудад ажиллаж, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа вэ?

Улсын хэмжээнд хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй 2100 эмзэг цэгийн судалгааг гаргаж, “Хүүхэд хамгаалагч” эргүүлийн ажиллах цаг, эмзэг цэгт ажиллах чиглэлийг хороо, баг тус бүрээр нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан гаргасан. Хүүхэд хамгаалагч нар маань хороо, баг хариуцсан хэсгийн байцаагч, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын удирдлагад ажиллах чиглэлтэй. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас нийт 154 дунд сургуулийн 23200 сурагч, 10900 эцэг эх, 2400 багш, ажилчдад энэ чиглэлийн зөвлөмж мэдээлэл хүргүүлжээ.

Хүүхэд хамгаалагчид давхардсан тоогоор 550 чиглэлд ажлын өдөр тогтмол хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхэд шууд эрсдэж болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлж ажиллаа.

Цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгааллын жилд зориулан хэд хэдэн аян хийсэн санагдаж байна?

2019 оныг “Хүүхэд хамгаалал”-ын жил болгон зарласантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөв тусгал” хөдөлгөөнийг улсын хэмжээнд энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1 сарын хугацаатай зохион байгуулсан. Цагдаагийн байгууллага уг нэгдсэн арга хэмжээг МУ-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НЗДТГ, ГБХЗХГ, Боловсролын газар болон харъяа хэлтэс, алба зэрэг 265 төрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол, Гүүд нейборс олон улсын байгууллага зэрэг 50 төрийн бус байгууллага, 401 аж ахуйн нэгж, 8600 орчим иргэний дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

Арга хэмжээний хүрээнд Дэлхийн “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж, 800 гаруй иргэнийг хамруулсан, "Хүүхдэд ээлтэй сэтгүүлч" зөвлөгөөнийг зохион байгуулж 60 сэтгүүлчийг хамруулсан. 

Зөвлөгөөнөөр хүүхэд хамгааллын талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй холбоотой аливаа асуудлаар эерэг, нөлөөллийн шинж чанартай мэдээ, мэдээлэл бэлтгэн нийгэмд хүргэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгийг авах хэрэгцээ шаардлага байгааг хэлэлцсэн. Цагдаагийн газар, хэлстүүдээс хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд зөв үлгэр дуурайлал өгөх талаар эцэг эхийн төлөөлөлтэй 36 удаагийн уулзалт зохион байгуулж, 38 цагийн мэдээлэл хийж, үүн дундаа Хүүхэд хамгаалагч эргүүлийн үйл ажиллагааг танилцуулж ажилласан.

Мөн цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг, нас баралт, гэмтлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрсэн.

“Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжсэнээр ямар бодит эрсдэлүүдийг зогсоож байсан бэ?

"Хүүхэд хамгаалагч”-ын эргүүлээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 2 хүүхдийн мэдээллийг хамтарсан багт мэдээлж, төөрсөн 19 хүүхэд, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй явсан бага насны 183 хүүхдийг гэрт нь хүргэж аав, ээж асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан РС тоглоомын газар, гудамжинд архидан согтуурсан зэрэг зөрчлийн 28 дуудлага мэдээллийг илрүүлэн цагдаагийн байгууллагад мэдээлж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан, олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан гэх мэт 106 зөрчлийг таслан зогсоосон байдаг.  Түүнчлэн “Хүүхэд хамгаалагч” ахмад ажилтнуудаас хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан зарим тохиолдлыг дурдвал Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хүүхэд хамгаалагч Ү.Орхон 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа 4 давхарын цонхоор унах гэж байсан 4 настай О-ийн амь насыг аварч, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэж өгч, цаашид хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр биечлэн зөвлөгөө өгч ажилласан. 

Мөн Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар, ДЗОУБ , Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хүүхдийн хүмүүжил”, ”Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд”, ”Хүүхэд хамгааллийн хууль” сэдэвт сургалтанд хүүхэд хамгаалагч ажилтнуудаа хамруулж, сургуулийн орчимд сурагч багштай маргаан үүсгэсэн гэх зөрчлийг хүлээн авч шалгаж, албан шаардлага хүргүүлж, зөрчил гаргасан багшид сургуулийн захиргаанаас “Сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна. “Хүүхэд хамгаалагч” төслийн ажилтан нар  Өлгий сумын 1 дүгээр сургуулийн орчимд хүүхэд тоглож яваад траншейны нүхэнд унасан гэх асуудлыг шалгаж, холбогдох байгууллагад албан тоотоор  мэдэгдэж, Өлгий сумын хэмжээнд нийт  22  траншейны нүх, бусад муу усны нүх байдаг судалгааг гарган 18 зөрчлийг арилгуулж, хүүхдийн аюулгүй орчинд тоглох, эрсдэл гарахаас урьдчилан  сэргийлж, төслийн ажилтан С.Самалханд 9 сард бусдыгаа манлайлан ажилласан тул 100.000 төгрөгийн урамшуулал нэмж олгожээ.

Говь-Сүмбэр аймаг Хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан нийт 200 гаруй хүүхдэд дулаан хувцаслаж явах мөн даарснаас болж элдэв өвчин эмгэг тусах өндөр магадлалтай талаар ойлгуулан зөвөлгөө өгч, 3 сартай хүүхдийн эрх зөрчигдөж байна гэх  мэдээллийг хүлээн авч аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэнд танилцуулан арга хэмжээ авхуулсан, харгалзах хүнгүй орой үдшийн цагаар явж байсан бага насны 6 хүүхдийг харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгч, хүүхдээ хараа хяналттай байлгах талаар зөвөлгөө өгч, баяр наадам болон бусад үед төөрсөн 15 хүүхдийг цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн зэрэг ажлуудаас дурьдаж болохоор байна.

“Хүүхэд хамгаалагч” төслийн зардлыг хэрхэн шийддэг вэ?

ХНХЯ-аас Хүүхэд хамгаалагч ажилтанд олгох цалин хөлс, урамшуулалд 456 сая төгрөг, нормын хувцас зөөлөн эдлэлийн зардалд 48.5 сая төгрөг, сургалт, бичиг хэрэг, гарын авлага, сурталчилгааны самбар, олон нийтэд мэдээлэл хүргэх зардалд 235 сая төгрөгийг шийдвэрлэсэн. “Хүүхэд хамгаалагч” эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа ахмадуудын хийж гүйцэтгэсэн ажлын тайланг зохицуулагч нэг бүрээс аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүд авч, ажлын үр дүн, цагийн тооцоог гаргаж, аймаг, дүүргийн ХХҮХ-т хүргүүлэн урамшууллыг олгуулан ажиллаж байна.

“Хүүхэд хамгаалагч” төсөл ирэх жил үргэлжлэх үү?

Цаашид уг төслийг 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн санал,  төсөв зардлын төслийг ХНХЯ-нд хүргүүлж танилцуулан, шийдвэрлүүлэх зорилготой байна. Хүүхдийн аюулгүй байдал, аливаа эрсдэлт хүчин зүйлээс хамгаалж буй бодит үр дүнтэй төсөл болсон талаар эцэг, эхчүүд, сургуулийн захиргаа, холбогдох байгууллагаас саналаа тогтмол ирүүлж байгаа.

Эх сурвалж:ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.