Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб 2019 оны аваргуудаа тодрууллаа

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Тайлангийн хуралд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов.

Хурлын эхэнд НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр Цэргийн штабаас 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Цэргийн штаб нь 2019 онд Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн батлан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж, өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн байна. Мөн өнгөрсөн оны ажил үйлсээрээ нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын хамт олон “Бүрэн хангалттай” үнэлэгдлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны ажил мэргэжлийн аваргаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, хошууч Э.Амарбат, Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, хошууч Л.Ганхуяг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, дэслэгч Б.Дэлгэрмаа, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэслэгч Ц.Чингүүнболд, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын жолооч, ахлах ахлагч Э.Төмөрчулуун нар шалгарав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2020 онд “Хууль тогтоомж, иргэн-цэргийн харилцааны жил” болгох зорилго дэвшүүлж, Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, Төрийн батлан хамгаалах үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх, Цэргийн бүртгэл, мэдээллийн санд иргэний оролцоог нэмэгдүүлэх, бүх шатны сургалтын чанарыг сайжруулах, Төрийн болон албаны нууцын тухай хууль, мэдээллийн аюулгүй байдлын хэрэгжилтийг хангуулах зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Батлан хамгаалах үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа та бүхэнд баяр хүргэе. 2020 онд бид хууль тогтоомж, иргэн, цэргийн харилцаагаа бэхжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллах болно” гээд нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүнд ажлын амжилт хүссэн юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.