Монголын жазз найрал хөгжмийн хаан нь “Баянмонгол” чуулга

БАДАМДОРЖИЙН ГАНБАТ ГЭЖ ХЭН БЭ?

Энэ дэлхийн уул, ус өндийж байхад аялгуут дуу хуур цугтаа үүссэн юм гэнэлээ. Тиймээс хүмүүн төрөлхтөн ч бас тэр хөг аялгуутай хөгжим баясал бүхэнтэй эрч хүч авч түүгээрээ хөглөгдөн аж төрж, өсч бойжсон байж таарах нь. Ийм үнэн түүх олонтаа сонсож байсан санагднам. Нарны хорвоод учир шалтгаангүй юм гэж огт үгүй. Тийм лүгээ хүн амьдралынхаа эрчис дунд хийж бүтээхийн төлөө жаргаж бас зовж цагийг элээдэг гэдэг. Бас тиймээ. Цаг хугацааг хамгийн хөдөлмөрч хүмүүс эзэгнэдэг гэх. Тэгвэл амьдралын олон өнгөтэй хөг аялгууг зүрхнийхээ цохилтоор хэмжсэн аялгуу эгшгийн сайханд бялуурч яваа нэгэн бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Баянмонгол” чуулгын ерөнхий удирдаач, СУИС-ийн хүндэт профессор Бадамдоржийн Ганбат юм. Энэ хүний хувьд сарны сударт төөргийг нь сонирхвол арслангийн ордод төрсөн, хоёр хар мэнгэтэй, их ивээлт Очирваань бурхны сахиустайн учир янз бүрийн орчинд зохицон амьдрах хувьтай, өөрийн сонирхсон зорилгодоо хүрэхийг туйлаас эрмэлзэж явдаг итгэл зүтгэлийн эзэн байхын заяа хүртжээ.

Түүнтэй ярилцаж суухуйд сэтгэлийнх нь ертөнц рүү ойртох тусмаа хуучин юм бүхэн шинэ болж мартаж болохгүй нандин дурсамжууд нь сэрж байх шиг санагдвай.

Ухаарч бодохуйд Б.Ганбат уран бүтээлийн их аяндаа өөрөөсөө өөрөө ургаж дотоод тэмүүлэлдээ хөтлөгдөн улам боловсрох, мэргэжлийнхээ төлөө, хамт олноо гэж чармайж зүтгэсэн он жилүүдийнх нь хөлс хүч, авьяас билгийнх нь ундрага арвин байж чаджээ. Б.Ганбат “Дуу хөгжим зүрхэн дундуур урсаж тархины бор хальсыг сандаачин байж төрдөг юм шүү дээ” гэж хэлнэлээ. Уранбүтээлч хүний чин сэтгэлийн үг энэ бизээ.

Түүний намтарт 800 гаруй хөгжмийн найруулга бичиж тоглуулсан 10 гаруй дан хөгжмийн зохиол, 20 гаруй дуутай гэсэн бий. Тэр бүгдийн дунд туурайнаас нь гал цацарч, дэл сүүлнээс нь сүр сүлд нь тодорсон хүлэг морины тухай уран бүтээл олон юм. “Жалам хар”-ыг гоцлон гитардаж байх ахуйд Ганбаа өөрөө морь болж харагдах. “Морин зэрэглээ”, “Дөрвөн настай халиун” зэрэг дагшаа хөгжмийн цоглог аялгууг нь сонсохуйд хүлэг морио дээдэлдэг монгол хүний самсаа шахирч сэтгэл дэвэлзээд сууж байсан бол босоод хараймаар санагддаг.

Хар лустай Дэрэнгийн минь

Хар сүлдэн хар азарга

Хар галтай сүргийн минь

Сүр сүлдэн хар азарга

                Дэлхий дүүрэн янцгаасан

                Дэрэнгийн хар азаргаа

гэсэн дэврүүн аялгуут дууг сонсохуйд үлгэрийн юм шиг хүлэг морин Дүнжингарав уулын дээгүүр дүүлээд гарч ирэх шиг зураг сэтгэлд төрдгиймаа.

“Дэрэнгийн хар азарга” гэдэг энэ дуу Б.Ганбатын хөглөн амьдруулсан олон бүтээлийн нэгэн сор нь билээ. Сайхан дуу сонсохоор хорвоо дэлхий уужирдаг гэдэг. Ингэж бодохоор “Хүмүүн судар”-ын маань зочин, хөгжмийн зохиолч, удирдаач, олон авьяастны багш Б.Ганбат маань дэлхийн баясгаагчийн нэгэн байхнээ. Аялгуу, эгшгийн жинхэнэ эзэн тэрбээр насаа элээж, намтар түүхээ зузаалсаар л явнам.

Монголын эстрад урлаг, тэр дотроо жазз хөгжмийн түүх бүтээсэн “Баянмонгол” чуулгын дэлгээтэй судар энэ хүний ярих нь хүртэл хөгжимлөг сонсогдох юмаа.

 

ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН БАГА НАС

-Өөрөө Улаанбаатарын унаган хүүхэд гэдэг биз?

-Тиймээ. Би 1953 онд Улаанбаатарт төрсөн. Нийслэлийн цагаан хоолны газар /одоогийн Элит төв/-ын тэнд унасан бууц маань бий. Сонин гэвэл би ихрийн өрөөсөн юм шүү дээ.

Харин аав маань Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул. Би дороо гурван дүүтэй, айлын том нь.

Нийслэлийн арван жилийн тавдугаар сургуульд суралцаж байхаасаа хөл бөмбөг, сагсан бөмбөгт сонирхолтойн дээр  аман хуур сайн тоглодог хүүхэд байлаа.

Нэг содон түүх гэвэл Намын Төв Хороо, СНЗ-ын ажилчин, албан хаагчдын хүүхдийн концертод оролцож аман хуур тоглоод тайзан дээр анх гарсан. Үүнийгээ урлагийн хүн болох эхлэл байж гэж дурсаж явдаг. Ер нь яагаад урлагийн зам сонгосон бэ гэвэл аавын нөлөө их байсан шиг байгаа юм.  Манай аав уугуул нутаг усныхаа аясыг дагаад ч тэрүү уртын дууг боржигон аяар сайхан дуулчихдаг нэгэн байлаа.

Тиймдээ ч намайг урлаг руу хөтөлсөн байх.  Аман хуур тоглодог хүүдээ гармон авч өгөөд л …

-Авъяасыг чинь тордох гэсэн санаатай байж дээ аав чинь?

-Тийм л юм даа. Би дунд сургуулиа төгсөөд багшийн сургуульд элссэн. Нэмээд гитар тоглож сурлаа. Цахилгаан хөгжмийн хамтлаг сургууль дээрээ байгуулсан. Тэр хамтлагт өнөө үеийн хөгжмийн нэртэй зүтгэлтнүүд байв. Н.Жанцанноров аргонч, Б.Шарав төгөлдөр хуурч, би гитарчин С.Чинзориг дуучин гээд л …

Энэ сургуульд байхаас л миний хувьд эстрад урлагаар явах замдаа шуударсан даа.

-Багшийн сургуулиа төгсөөд хаана хуваарь авсан бэ?

-Тухайн үед төгсөгчдийг голдуухан хөдөө хуваарилдаг байсан ч намайг Барилгачдын соёлын ордонд хөгжимчнөөр өгсөн. Тэнд жазз хөгжимтэй нийтийн бүжиг болно. Энэ нь надад сурснаа дадал болгоход дөхөм үзүүлсэн байх. Би бүр дунд сургуульд байхдаа эндхийн болон Хятад ший янз гэж байсан тэнд болдог бүжгийн хөгжмийг гаднаас нь ч хамаагүй шимтэн сонсдог. Ямар гоё дуугардаг юм бэ гэж боддог байж.

Ингээд Соёлын ордныхоо хөгжмийн хамтлагт гитараа тоглоод л байлаа. Харангын  Чука бас манай хамтлагийн нэг гишүүн нь.

Ордны дарга Мажигсүрэн нэг өдөр дуудав. Очлоо. Гитарын дугуйлан байгуул. Тэгээд өөрөө багшил гэсэн үүрэг өгдөг юм. Дугуйлан нээлээ. 30-аад хүүхэд элсүүлчихээд байтал нэг шар толгойтой горзгор хүү ирлээ. Дугуйланд оръё гэнэ.

“Гучин хүн авчихсан” гэсэн чинь. “Би үнэхээр хөгжимд дуртай. Сонсголоороо гитар сурсан. Одоо онол сурмаар байна” гэв. Гитардуулаад үзсэн. Тун хөөрхөн тоглох янзтай. Элсүүлж авлаа. Тэр маань өнөөгийн гавъяат жүжигчин Харангын Ц.Энхманлай л даа.

-Тэгэхээр олон шавьтай болоо байх даа өдий хүртэл…?

-Тэр болгоныг тоочих нь илүүц биз. Ууган шавь Ц.Энхманлай гэвэл отгон нь “Баянмонгол”-ын Хосбаярыгаа их тоодог.  Би чинь Барилгачдын соёлын ордонд байхдаа хөгжимчин сүүлдээ хөгжмийн болон дууны багш байсан даа. Бас “Соёл-Эрдэнэ” хамтлагт гоцлол гитарчин байлаа.

 

“БАЯНМОНГОЛ” ЧУУЛГЫН ГАЛ ГОЛОМТ НЬ “СОЁЛ-ЭРДЭНЭ” ХАМТЛАГ

 

-Улсын филармонид хэзээ очсон бэ?

-Нэг өдөр ажил дээрээ байж байтал С.Баатарцогт найз маань дугуйтай хар хурдаараа давхиж ирдэг юм.

За Ганбаа чиний хэрэг болоод байна. Би Свердловскийн хөгжмийн дээд сургуульд элсэхээр болчихлоо. Тэгсэн Д.Намсрайжав багш “Мэргэжлийн ноот мэддэг гитарчин олж өгөхгүй бол явуулахгүй” гээд байна. Чи маргааш Улсын филармони дээр оч гэж шаардлаа. Би тэр дор нь за ч гэсэнгүй.  Хариад аавдаа, ижийдээ хэллээ. Тэгсэн чинь

“Өө миний хүү мэргэжлийн том урлагийн байгууллагад авдаг л юм бол оч” гэв. Очлоо. Уриалгахан хүлээж авлаа. Тэгээд Говь-Алтайгаас ирсэн гэх сахалтай бор залуутай нэг тушаалаар 1974 оны есдүгээр сарын 20-нд “Баянмонгол”-д орж билээ.

Тэр сахалтай бор нөхөр Хайдавын Төмөрбаатар шүү дээ. Үүнээс хойш 47 жил тус чуулгын хөгжимчин, удирдаачаар ажиллаж байна. Чуулгын ерөнхий удирдаачийн албанд бас 20 гаруй жил болчихож.

-Өөртэй чинь уулзсаных Монголд эстрад урлаг хэдийнээс эхтэй юм бэ гэдэг ойлголтыг олон түмэнд хүргэх гэсэн юм. Миний уншиж мэдсэнээр бол 1980-аад оны дунд үе хүртэл рок, поп урлагийг эстрад гэж ярьдаг бичдэг байсан шиг. Уг нь эстрад гэдэг нь тайзны урлаг гэсэн утгатай латин үг гэж ойлгосон. Бас 1945 онд СНЗ, МАХН-ын Төв Хорооны хамтарсан тогтоолоор “концертын улсын эстрад товчоо” байгуулах шийдвэр гарч байсан гэх юм билээ.

-За  тиймээ. Эндээс л дэлхийн хэмжээний урлагийн төрөл зүйлийг хөгжүүлэх эх үүсвэр тавигдсан гэж үздэг л дээ. Дэлхийн хаан хөгжим гэгдэх джаз хөгжмийн эх суурь Улсын циркийн дагшаа хөгжмөөс эхлэлтэй гэдэг.

Дараа нь 1964 онд Барилгачдын соёлын ордонд анхны эстрад концертийг тоглосон байдаг. Дээхнэ үеийнхэн мэднэ дээ. Н.Цэнд-Аюуш гуайн “Таксин цоохор машин”, “Зам дээр гээгдсэн цэцэг” дуунууд дуулагдаад л …

Тэгвэл Монголын урлагийн түүхэнд бий болсон нэг цоо шинэ үзэгдэл нь 1968 онд Монголын радиогийн дэргэд байгуулагдсан “Соёл-Эрдэнэ” чуулга байв.

Анхны поп урлагийн дуучид тэндээс л төрсөн. Л.Оюунчимэг, Б.Нандинцэцэг, Ч.Насантогтох, Х.Төмөр нарын дуучид Д.Батаа,Т.Уртнасан, С.Баатарсүх, Д.Бэхбат гээд л олон хөгжимчинг нэрлэж болно. Тэдгээр сайхан нөхдийн дунд хөгжимд боловсорсон хүн гэдэгтээ би баярлаж явдаг. Тиймдээ ч “Баянмонгол” чуулгын гал голомтыг 47 жил манаж байна даа.

 

ТҮҮХИЙГ ГУЙВУУЛНА ГЭДЭГ БАЙЖ БОЛШГҮЙ ХЭРЭГ

-Саяхан “Баянмонгол” чуулгын 50 жилийн ой боллоо. Түүхээ улам зузаарууллаа гэж хэлж болно доо

-Уг хагас зууны шахам түүхийг яриад бичээд барахгүй л дээ. Гэтэл сая ойгоор Б.Нямдорж тэргүүтэй хэдхэн амбиц хөөсөн нөхдийн гараар нэгэн тахир дутуу гэж нэрлэмээр ном мэндэллээ.

Энэ номыг үзээд манай Баянмонголын хууччуул түүхийг ингэж гуйвуулж болдог юм байж дээ гэж гайхаж байна. Харамсалтай гэж хэлэхэд ч багадахаар гэж олон хүн хэлж байгаа.

Олон жил Улсын филармонийн туг болж явсан Ардын жүжигчин Д.Ухнаа гуайгаас эхлээд зөндөө хүн.  Баянмонголын түүхийг мөн баллажээ гэж хэлсэн шүү.

Тэр номд тус чуулгын бүхэл бүтэн 20 жилийн түүхийг орхичихож.

Хүмүүсийн маань зүтгэл бүтээлийг үгүйсгэсэн тэр түүхий түүхийг бичих гэж оролдсон хэдхэн хүн нэр хүнд олох гэж ёстой ичих булчирхайгүй зан гаргажээ.

-Ичих булчирхайгүй гэнээ?

-“Баянмонгол” чуулгын ууган дуучны нэг гавъяат жүжигчин Ц.Өлзий-Орших саяын 50 жилийн ойн хурал дээрээс гарч явахдаа

-Баянмонголыг нэг сайхан гальбирваа мод юмаа гэж бодвол тэрний үндэс нь түүхээ ярина биз дээ. Тэгтэл энэ чуулгыг яаж үүссэн, хэрхэн өсч өндийснийг нь мэдэхгүй нөхөд үлгэрлэбэл тэр модны мөчирүүд нь түүх бичих гэж оролдоод булайгаа тарьжээ гэж хэлнэ лээ. Голыг нь олж хэлж гэж бодсон. Уг номыг гардан хийсэн гэх Б.Нямдорж, Мягмардорж нар гэхэд манай чуулгад нэмээд нэмээд 10 жил ажиллаагүй Ц.Өлзий-Оршихын хэлээр мөчирүүд байхгүй юу.

-Та “Баянмонгол”-ын түүхээс 20 жилийнх нь ажил амьдралыг нь огт орхичихсон гэж хэлэв үү?

-Тэгж хэлсэн. Энэ тухай дахин хэлэх ч сонирхол алга шиг. Түүх л сөхье. Монголд эстрад урлаг циркийн дагшаа найрал хөгжмөөс эхтэй гэдэг үнээн. Манай алтан үеийнхэн тэнд хөгжимдөж байж шүү дээ.

Нэртэй хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай акардион, Л.Намхайцэрэн, Ж.Аюуш нар хийл, Н.Дагва-Очир, С.Дэмбэрэл нар тромбон, Л.Цогзолмаа гуай саксафон тоглож байсан гэдэг юм.

Нэг сонирхолтой нь хөгжмийн зохиолч Ж.Чулууны эгч Жүрмэд гэдэг эмэгтэй уг циркийн хөгжимд гитарчин байж. Монголын анхны гитарчин болох нь. Тэгвэл монголын жазз буюу дагшаа найрал хөгжмийн хөгжил нь Баянмонгол чуулгын уран бүтээлчидтэй холбогддог.

Тухайн үеийн үзэгч олон түмний сэтгэлд манай чуулгын уранбүтээл хоногшиж үлдсэн байдгийг хэлэх байна.

Нэгэн удаа Халуун бүсийн жазз тоглолтын дараа Улсын филармонийн ерөнхий удирдаач Н.Бүтэнбаяр тайзан дээр гарч ирээд:

“Энэ тайз тун сонирхолтой болж Ерөнхий зураач нь гараад ирээч. Энэ тоглолтод филармонийн тайз үнэхээр багадаж байна. Том тайз дээр би өөрөө найруулж энэ тоглолтыг дахин тавина” гэж байлаа.

Уг тоглолтын зураачаар манай гэр бүлийн хүн Д.Бямбаа ажилласан юм л даа. Манайх гэр бүлээрээ Баянмонголын түүхийг бичилцсэн гэж болноо доо. Энэ мэтээр “Баянмонгол”-ынхон гадаад дотоодод үнэлэгдэж байсан удаа олоон.

-Гадаадад ч олон удаа явж тоглосон биз?

-Бид 1999 онд БНХАУ-д хоёр сар гаруй явж тоглосон. Хятадад хөгжмийн жазз төрөл хөгжөөгүй болохоор бидний тоглолтыг маш их сонирхож, шагширч байлаа.

Н.Мөнхшүр, Х.Төмөрбаатар, Н.Наран, Болд нар дуулж балетчин Д.Оюун бүжиглэж “Улаансарнай” хамтлаг оролцсон тун бүлэрхэг тоглолт хийж байсан даа.

Дараа нь олон улсын жазз фестивальд явах болдог юм. Зардалгүйдлээ. Тэгэхээр нь “Зууны хавар” нэртэй нэгэн бэсрэг тоглолт хийж хэдэн төгрөгтэй болоод түүгээрээ ОХУ-ын Новокузнескт болсон фествальд явсан. Олон улсын хөгжмийн наадамд анх удаа оролцож байгаа нь тэр л дээ.

Найман орны 13 хамтлаг оролцсон наадам. Бид ч тийм том наадамд оролцож байгаагаа л их юмд бодож байв. Сүрдмээр ч юм шиг. Жазз хөгжмийн өндөр хөгжилтэй Америк, Итали, Оросынхон ирсэн юм чинь. Тэгээд л тоглолоо бид. Тэгсэн чинь байдал огт өөр болоод явчихдаг юм. Сонсохнээ энэ малчин монголчууд чинь ёстой баллаж өглөө. Английн тромбон, Америкийн труба, Белгийн саксафон хөгжмийг тун чадварлаг эзэмшжээ гэж ярьцгааж байна.

Оросууд биднийг тоглож байхад уриа хашгирч байсан гээд боддоо. Тэгээд дүн гарсан чинь Америкийн хамтлаг түрүүлж манайх дэд байрт шалгарсан байлаа. Энэ нь бидэнд асар их урам зориг хайрласан даа.

Гэтэл биднийг буцаж ирэхтэй зэрэгцээд Баянмонгол чуулга уран бүтээлийн  хувьд хоцрогдсон юу юу гэнэ вэ. Сонинд нэг шүүмжлэл гарсан байлаа. Яагаад тэгэв гэтэл зарим нөхөд уг тоглолтод яваагүй дээ хорссон ч юм уу захиалгаар тийм юм бичүүлж л дээ.

Тэгвэл сая гарсан 50 жил гэсэн номд бүр ичгүүр сонжуургүй юм оруулчихаж.

-Ичгүүр сонжуургүй гэхээр чинь бүр тодруулмаар санагдлаа?

-Саяын түүх гуйвуулсан номдоо Б.Нямдорж бичиж оруулахдаа “Миний бие Оросын Кемерова мужид болсон жазз хөгжмийн олон улсын фествальд чуулгаа авч явж хоёрдугаар байрт орсон гэжээ. Ийм ичих булчирхайгүй юм гэж байх уу. Уг фествальд Б.Нямдорж чуулга авч явах нь битгий хэл бүрэлдэхүүнд ч багтаагүй, тэнд очоогүй юм шүү дээ.

Гэтэл хүний юмаар хүүдэгнэнэ гээч болж. /Хар л даа бид уг фестивальд оролцоод хоёрдугаар байр эзлэж шагнал авсаны гэрч баярын бичиг нь миний нэртэйгээр энэ байна гэж үзүүлэв.  Дараа нь бид Ардчилсан Солонгост болсон урлагийн наадамд очоод алтан медаль 11-ийг цомтой нь аваад ирсэн. Шилдэг хөгжимчнөөр Л.Сүхбаатар, шилдэг дуучнаар Ж.Наранчимэг, шилдэг удирдаачаар би гээд шалгарч байлаа. Циркийнхэн ч шилдэг үзүүлбэрээрээ бас түрүүлсэн.

Энэ бүхнийг Б.Нямдорж нар саяын хийсэн номонцортоо ор тас орхисон байна лээ. Заримд нь би тэгсэн, хийсэн гэж халдлага үйлдсэн байгаа юм.

-Нэгэнт тийм ном байхаар хожмынхон үзэж л таарах байх даа?

-Харамсалтай хэрэг. Түүхийг гуйвуулна гэдэг гэмт явдал. Тийм буруу гажуу юмтай, түүхийн зарим хэсгийг хаяж гээсэн байхад өмнөтгөл бичигч нь,

-Энэ ном нь хожмоо урлаг судлаач, эрдэмтэд, түүхчдэд үнэ цэнэтэй гарын авлага болно гэж бичсэн байгаа юм даа. Энэ бол тун хариуцлагагүй явдал.

Тэгвэл Баянмонголын 50 жил гэдэг тэр зурагт ном түүх ч биш гарын авлага ч болохгүй шүү гэдгийг хэлье.

Харин миний хувьд Монголын эстрад урлагийн болоод Баянмонгол чуулгын түүхийг ёстой ч чээжээр ярина. Тэгэхдээ бид үнэнийг эрхэмлэнэ.

-За өөрөө ч бараг бухимдсан сэтгэлээ уудалчих шиг боллоо. Залуучуудад хандаж өөр хэлэх юм байна уу?

-Хатуухан хэлэх хэдэн үг байна. Миний дүү нар жазз хөгжмийг төрлөөр нь хөгжүүлж болноо. Гэхдээ уламжлал, шинэчлэл гэдэг  юмыг мартахгүй байх нь чухал шүү.

Та нарын болоод бидний бас өмнөх үеийнхний хөлс, хүч хөдөлмөрөөр бий болсон юмыг үгүйсгэх нь алдас болно.

Гэтэл хагас зууны түүхэн замналтай чуулгын минь түүхийг баллаад хаяж. Болиорой гэж хэлье.

Гадаадынхан хүртэл биднийг шүтдэг. “Анд нөхдийн ая дуу” гэдэг тоглолт болдог байлаа. Гол санаачлагч нь Д.Ухнаа гуай. Социалист гэгддэг орнуудын дуучид оролцдог сайхан наадам байсан юм.

Ирсэн дуучид бидэнд ноотоо л өгнө. Бид шууд тоглоод л нийлчихнэ. Ирэгсэд ямар чадвартай юм бэ гэж гайхдаг байсан шүү. Энэ далимд чадвартай хөгжимчдөө дурсмаар байна.

Т.Уртнасан, Б.Даваа, Д.Гантөмөр, С.Бямбаа, А.Хишигдорж, Л.Сүхбаатар, Л.Батаа, бөмбөрчин Нямбаяр гээд бүгдийг тоочмоор.

Дунд үеийнхэн гэвэл Д.Баатарсүрэн, Наранбаатар, До.Нармандах, Б.Төгсбаяр гээд бас олон хүн нэрлэж болно. Монголын анхны жазз мюзиклийг тоглосон хүмүүсийг мартах учиргүй ээ.

-“Баянмонгол” чуулга нэг биш удаа жаахан уналтад орж байсан гэдэг дээ?

-Тиймээ. 1993 онд хөрөнгө мөнгөний гачаалаас болж унах шахсан. Бид сэргээж авсан. Ер нь ганцхан “Баянмонгол” биш урлагийн бусад байгууллага ч тухайн үед хэцүү байдалд байсан шүү дээ. Тэгтэл бас 1997 онд амбиц хөөсөн хэдэн нөхөр  хөгжмийг маань ачиж аваад Цэргийн хөгжимтэй нийлүүлдэг юм болж бас будилуулсан.

Энэ үед голомтоо сахиж үлдсэнээрээ би мөн л сэргэж чадсан. Энэ маань түүхийн үнэн.

Тэр хүнд цаг үеүдэд чуулгаа аварч үлдэхэд их тус болсон хүн бол Д.Ухнаа гуай. Энэ хүнд би их баярлаж явдаг. Өнөөдөр Ардын жүжигчин гэдэг өндөрт хүрээд байгаа энэ хүн зөвхөн Улсын филармонийн тугийг өргөж явсан төдийгүй Монголын урлагийг хөгжүүлэхэд бие сэтгэл, нас намбаа зориулж яваа хүн гэдгийг надаар хэлүүлэлтгүй монголчууд мэдэхийн дээдээр мэднэ. Н.Бүтэнбаяр агсан ч их л тусалсан даа.

 

ЖАЗЗ ХӨГЖМИЙН УРЛАГ ХОЁР ӨӨР ИРГЭНШЛИЙН ДУНД ҮҮССЭН

 

-Жазз хөгжмийн төрөл хэдийд, хэрхэн үүссэн бэ?

-Эстрад гэх урлагийн манлайлах төрөл нь жазз найрал хөгжим юм. Жаззыг хоёр өөр ертөнц, хоёр өөр иргэншил дунд үүссэн гэж үздэг. Үүнийг тайлбарлавал АНУ-д Африкийн хар арьснуудыг аваачиж боолчилдог байсан үе бий. Тэд боолчлогдон дарлагдаж байхдаа дотроосоо “Хөдөлмөрийн уриан дуу” гэдэг дуун бүтээл төрүүлсэн байдаг юм. Боолчууд ташуурдуулж, зовж хүнд хэцүүг туулах явцдаа тэр дуугаа дуулж хүч тэнхээгээ сэлбэдэг байж. Ингэхлээр Америкийн хөгжмийн боловсролын эхлэл энэ байсан гэж үздэг. Удалгүй Чикагод олон жижиг байгууллага үүссэн байдаг. Тэд үүсгэсэн уран бүтээлдээ нэр өгөх тухай ярилцаж дээ. Эхэндээ жаас гэж нэр өгөх юм болж. Тэгсэн тэр үгийг махчилан үзсэн чинь “сэм явалдах” гэсэн утгатай үг болов. Тэгэхээр өөрчилж джаз гэж зохиомол нэр болгосон байдаг юм. Ингэж жазз хөгжмийн төрөл үүссэн түүхтэй. Тэгээд цааш нь поп, рок, хард рок, метал рок гээд төрлүүд чиглэл чиглэлээрээ үүсч хөгжсөн гэдэг.

-Бид эстрад, жазз гээд л ярьдаг. Монголчилж болдоггүй нэр бас байдаг шиг?

-Болохгүй нь юу байхав. Эстрад гэдэг чинь хөшиггүй тайз гэсэн үг. Үүнийг жаахан засаад тайзны урлаг гэж хэлж болдог. Ж.Бадраа гуай гэж соёл урлагийн гадаад үгсийг тун оноож орчуулж нэрлэдэг хүн байлаа. Хөгжмийн хаан гэгддэг пианино хөгжмийн нэрийг энэ хүн төгөлдөр хуур гэж нэршүүлсэн байдаг. Бас жазз гэдгийг дагшаа гэж хэлэх болгосон.

Бид аранжировка гэж их ярих дуртай. Энэ учир Б.Хаянхярваа гуай найралжуулга гэж байгаа. Бас л аятайхан хэллэг дээ.

-Өөрийн чинь сонинд өгсөн нэг ярилцлагыг уншиж байсан санагдана. Гарчиг нь “Гитарын генерал” гэж байл уу даа. Монголд гитар гэдэг хөгжим хэдийд анх орж ирсэн юм бол…?

-Би дээр хэлсэн дээ. Улсын циркийн дагшаа хөгжимчдийн нэг нь Жүрмэд гэдэг эмэгтэй байсан гэж. Тэр хүн банжо гитар тоглодог байсан тухай түүх бий. Үүнийг л Монголын гитарчдын анхдагч гэж үзэж болох юм.

Надад Ж.Чулуун гуайн хүү удирдаач Ч.Чинбат нэг зузаан ном үзүүлсэн. Тэр хүний тухай юм байсан.

Намайг ч өнөө үеийн гитарчдын нэг ууган нь гээд хэлэхэд биш гэх хүн цөөн байх.

Барилгачдын соёлын ордонд байхаасаа эхлээд олон гитарч шавьтай байсан. Харангын Ц.Энхманлай, Өргөөгийн Болоож, Хар чонын Отгонбаяр гээд сайн гитарчид намайг багшаа гэдэг. Сүүлийн үеийнхнээс гэвэл Багануураас ирж гитарчдын уралдаанд оролцоод гранпри авч байсан Бархүү гэж залуу бий.  Ер нь гол томоохон хамтлагуудад миний шавь нар байдаг. Уранбүтээлчийн хувьд гитарын гоцлолоор хийсэн цөөнгүй бүтээлтэй. Тийм болохоор л “Гитарын генерал” гэж нэр өгсөн болов уу даа.

-Одоо өөрийн чинь уран бүтээлд анхаарлаа хандуулъя гэж бодлоо.

-Би 800 гаруй хөгжмийн найруулга бичиж тоглуулсан. Бас 10 гаруй дан хөгжмийн зохиолтой, 20 гаруй дуутай л хүн. Тэр дотроос “Ангийн охин чамдаа”, “Нутгаас бичсэн захиа”, “Эгшиглэ гитар минь” гээд олон түмний сэтгэлд хоногшсон бүтээлдээ би хайртай. Сүүлийн үед гэвэл “Дэрэнгийн хар азарга” гэдэг дуу байгаа.

-Өөрийг чинь нэг үе “Жалам хар”-ын Ганбат гэдэг байсан гэдэг дээ?

-Тиймээ Баянмонголд ороод төдийлэн удаагүй байсан цаг. “Жалам хар”-ыг гитараар тогломоор санагдаад байлаа. Тэгээд тоглох ноотоо бичлээ. Тухайн үед бидэнтэй цуг ажиллаж байсан В.Смагин багшид үзүүллээ. Болж байна гэсэн боловч энэ тэрийг нь жаахан зас гэлээ.

Үүнийг “до” болтол модуляц хий гэх мэт. Дахиад бичлээ. 1976 онд анх удаа “Жалам хар”-ыг оркестртойгоо тоглолоо. Үзэгчид ёстой сайхан хүлээж авсан. Поп жазз хөгжмийн анхны бүтээл энэ гэж боддог. Тоглолт болоход үзэгчид юу юугүй “Жалам хар”-аа тоглооч гэж шаарддаг болсон. Зарим үед олон дахиулна. Энэ нь надад их урам зориг нэмсэн. Нэг үе Ганбат ч байхгүй “Жалам хар” гэдэг нэр надад өгчихсөн байсан шүү. Цаг агаарын мэдээ явахад сонсогддог танил ая С.Баатарсүхийн “Цэнхэр залаа”-г бас гоцлон хөгжимдөж байлаа.

-Сүүлийн үед өөрийн чинь “Дэрэнгийн хар азарга” дуу хийт болсон доо. Энэ дууг хийсэн тухай Ц.Чимэддорж агсан нэг удаа ярьж байсан юм. Энэ тухайд…?

-Нэг өдөр Ц.Чимэддорж над дээр давхиж ирлээ. 2000 оны байхаа даа.

-За хө чи чинь манай Дэрэнгийн гаралтай гэнээ гэв.

-Найз нь Улаанбаатарын унаган хүүхэд. Аав Бадамдорж маань Дэрэнгийн уугуул хүн гэвэл мань хүн “За тэр яахав. Чи энэ шүлэгт ая хийж өгнөө гээд тулгах янзтай. Тэр нь “Дэрэнгийн хар азарга”  шүлэг байлаа. Энэ тухай би нэг хэсэгтээ жаахан мартаж. Тэгсэн нэг өдөр мань хүн утасдаад дуу яасан бэ? гэж дуу нь өндөрхөн байна шүү. Би хийчихсэн гэлээ.

Тэгээд радиогийнхний үүрч явдаг приборт нь бичүүллээ. Чимээ маань болж гээд нөгөө л “төгөлдөр” гэдэг үгээ хэлж байлаа. Дуулах хүний эрэлд гарлаа. “Хар сарнай”-гийн Амарааг гуйлаа. Тэгсэн “Ганбаа ахаа, дүү нь амжихгүй байх. Шинэ уран бүтээлэрхүү юм хийнэ гээд  “Бүтээнэ Сөнөөнө” гэж хашгичаад сууж байн”а гэлээ. Хурдын Төмөрцогттой уулзлаа. Бас л багшаа энэ миний дуулах дуу биш ээ. Би дуулж чадамгүй. Харин энэ дууг амьдруулах дуучинг зааж өгье гэлээ. Хэн бэ гэсэн “Чингис хаан” хамтлагийн Б.Жаргалсайхан гэдэг байгаа. Ингэж дуучнаа олсон. Жагаа маань амьдруулж чадсан. Үзэгчид ч сайн хүлээж авна лээ.

Г.Бирваа гуай хүртэл их үнэлсэн шүү.

-Тэр том хүн юу гэж үнэлсэн бас сонин байна шүү?

Г.Бирваа гуай манай өрөөнд орж ирэнгүүтээ

“За миний хүү би чамд баяр хүргэх гэж явна. Чи ёстой нэг донжийг нь олсон бүтээл хийж. “Дэрэнгийн хар азарга” чинь хурдалнаа хө. Өвгөн ах нь чамд баярлаж байна” гээд сурсан зангаараа дороо цогих маягтай инээж байлаа.

“Өө баярлалаа” гэвэл цааш үргэлжлүүлэн тэр хар азарга алсаас олон адуутай нирхийтэл давхиж ирээд л. Булгиад, шургаад, уургалаад л сэтгэл огшоож байна шүү гэв.

Тэр хөгжмийн аугаа зохиолч тэгж үнэлсэнд би ч баярлалгүй яахав. Налайхын цаахна нэг сэрүүхэндүү өдөр дууныхаа клипийг хийж дүрсжүүлсэн нь тун сайхан болсон. Тэнд Даваасүрэн дарга, Жагаа, Ш.Чимэдцэеэ бид очсон. Мөн ч олон азарга адуу цуглуулсан нь ёстой газар доргиулах шиг санагдаж байлаа. Морь гэдэг ямархуу хийморьлиг амьтан бэ? гэдгийг тэнд лавтайяа мэдүүлсэн шүү.

Сонирхуулахад уг клипэнд нэг жаахан хүү шилбүүр унаад харайлгаж байдаг даа. Тэр хүү миний нэг зээ 5-6 настай л байсан юм. Одоо тэр маань том хар хүн болж.

Би бас нэг сонин онигоо хэлье.  Нэг өдөр Ш.Чимэдцэеэ надад гомдоллон хэлж байна.

Яасан бэ хөгшөөн гэсэн чинь эд нар чинь намайг гурван хар азарганы ганц гүү гээд байна гэв.

Дуугаа хийгээд Ц.Чимэддорж, Б.Жагаа бид салшгүй  байсан үе. Гурвуулаа урт үстэй. Үүнийг ашиглаад нэг нь онигоо зохиож л дээ.

Би Чимэдцэеэд “Зүгээрээ хө чи чинь харин азтай юм. Нэг азарганд арваад гүү хураагддаг байхад чи гурван азаргатай” болоо юм биш үү гээд хөгжилдөж билээ.  Бас тэгээд “Дэрэнгийн хар азарга” дуу бүтээгдсэний дараа Ш.Чимэдцэеэ маань “Ардын жүжигчин” болов. Тун удалгүй таван сард би “Урлагийн гавъяат зүтгэлтэн” цол хүртсэн. Булган сүүлтэй дуу байгаа биз.

 

УРАН БҮТЭЭЛИЙНХ НЬ СҮЛД ХҮЛЭГ МОРЬ

 

-Өөрийн чинь уран бүтээлд морины тухай сэдэв их голлох юмаа даа?

-Би чинь хөдөө морь малын дэргэд өсөөгүй ч миний цусанд байдаг нэг зүйл бол морь юм шиг байгаа юм. “Жалам хар”-ыг гитардлаа. “Дэрэнгийн хар азарга”,”Морин зэрэглээ”,”Дөрвөн настай халиун” гээд жазз хөгжмийн бүтээлүүд хийлээ. Бас Баянмонголынхоо шилдэг бүтээлээс бүрдсэн “Зүрхэнд шингэсэн аялгуу”,”Сэтгэлд дотно дуунууд” гэсэн тоглолтууд зохион байгуулж байлаа. Эндээс 60-70-аад оны хөгжмийн бүтээлүүд ард түмний сэтгэл зүрхэнд яаж шингэж үлдсэн нь харагдаж байсан шүү. Мөн Х.Төмөр, Л.Оюунчимэг, Б.Нандинцэцэг, Рэнчинханд, М.Янжиндулам, Н.Цэнд-Аюуш, Б.Дамчаа нарын авъяастнууд дуу хоолойгоороо мөнхөрсөн гэдгийг энд үзүүлсэн.

Б.Нандинцэцэгийн тухай нэг дурсамж хэлье. Миний “Эгшиглэ гитар минь” дууг студид бичүүлэх гээд дахин давтаж байхад үүдэнд дараалалд байсан Нандиа “Өө би наад дууг чинь сонссоор байгаад сурчихлаа. Би дуулаадахъя” гэдэг юм. Тэгээд ганц дуулаад л бичүүлчихэж байж билээ.  Ямар нэг сургууль соёл сураагүй ч төрөлхийн  тийм авъяаслаг дуучид байж дээ.

-Хөгжмийн зохиолч, удирдаач гэх мэргэжлийг эзэмшинэ гэдэг маш их цаг хугацаа хичээнгүй хөдөлмөр шаарддаг гэдэг…

-Ер нь хөгжмийн мэргэжлийг эзэмшинэ гэдэг бол олон жилийн хөдөлмөрийн үр дүн байдаг.

Миний хувьд хөгжмийн мэдлэг олгосон багш нартаа төдийгүй цуг ажиллаж байсан хөгжимчин нөхөддөө, дуучиддаа их баярлаж явдаг. Хөгжмийн зохиолч болно гэдэг бүр амаргүй л дээ. Хөгжмийн урлагт онол, гармон, жаззын гармон, ноотоор дуулах, хөгжмийн зэмсэг судлал гээд бүгдийг дүрмийн дагуу эзэмшсэн байх учиртай.

Тэгж чадсан хөгжмийн зохиолч бол хөгжим дуугаргалгүй дуу бичдэг. Иймийг л бид сурсаан.

Гэтэл одоогийн хөгжмийн боловсролтой боллоо гэж байгаа залуусын мэдлэг чадвар тун чамлалтай санагддаг. Үүнд харамсдаг. Бидний үеийг бэлтгэсэн багш нар хөгжмийн ухааны жинхэнэ мундгууд байж. Тэднээс ихийг сурсандаа баярлаж явдаг хүний нэг нь би.

Энд нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Би чинь зөвхөн Баянмонголдоо хийж бүтээе гээд энэ олон жил суугаагүй юм шүү. Нилээд өргөн хүрээтэй ажилласан.

Тэр жил Горняк Соёлын ордныхны урилгаар Эрдэнэтэд очиж тус уурхайн 30 жилээр шинэ төрлийн оркестр байгуулаад тоглуулж байлаа. Бас Төмөр замын Соёлын ордонд уран сайхны удирдаачаар түр ажиллахдаа тэнд “Этник жазз” хамтлаг байгуулсан. Улсын циркт Олон улсын цирк ирэхэд дагшааг нь удирдан тоглуулж байсан юм.

Мөн Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Жаргалсайхан нарын гавъяатууд чинь Баянмонголоор дамжин гарсан дуучид. Тэдний дуулах олон дууны найруулгыг бичиж дуулуулж байлаа.

Энэ бүхэн дурьдахгүй өнгөрч болохгүй уранбүтээл юм даа.

-Өнөө үед өөрийгөө хөгжмийн зохиолч гэх хүн олон болж. Тэд ардчилал бидэнд ийм эрх чөлөө олгосон маягтай юм хэлэх юм билээ.

-Ардчилал гэж байх ёстой цэгтээ байх ёстой л байх. Тэгвэл урлагийн мэргэжлийг дураараа ардчилж болохгүй л дээ.

Хэн юу хийх нь миний эрх гээд байх юм бол урлагийг сөнөөхийн л эхлэл. Дуунд ая хийсэн болгон хөгжмийн зохиолч болдог ч юм биш. Хөгжмийн зохиолч гэдэг хүн чинь дуурь, симфони, дан хөгжмийн зохиол биччихсэн, жазз хөгжмийн бүтээлтэй, хөгжмийн онолын өндөр мэдлэгтэй хүнийг хэлнэ.

Би Ангирмааг их үнэлдэг. Тэр өөрийгөө ая зохиогч гэдэг. Уг нь хөгжмийн олон бүтээлтэй хүн. Гэтэл ноот мэдэхгүй хүн би шүлгэнд ая хийлээ гээд хөгжмийн зохиолч болчихлоо гэх нь зохимжгүй л дээ.

Ер нь ая зохиогч гэдэг зөв нэр. Аяыг ард түмэн дундаасаа гаргаад ирдэг уламжлал бий. Үүнийг ардын дуу гэдэг шүү дээ.

Хэдийгээр ардын дуу гэх ч тухайн үедээ хэн нэг авъяаслаг нь голлосон байж таарна биз дээ.

Аж байдлаас үүссэн шүлэг найраг, хөөмий, бий биелгээ гээд бий. Түүхэн тийм уламжлалаа олж харсан зөв ашигласан “The Hu” гэдэг хамтлаг дэлхийд гараад явчихлаа шүү дээ.

-Эндээс нэг асуулт урган гарч байна. Учир нь манайд “Чингис хаан”,”Харанга”,”Хурд” гээд томоохон хамтлагууд бий. Тэд яагаад дэлхийд гарахгүй байгаа юм бэ?

-Монголд чинь өөрийн гэсэн түүх, өв уламжлал гэж их үүц бий. Гэтэл тэрнийгээ олж харж чадахгүй, зөвхөн барууныг хуулах маягтай ажилласнаас байрандаа л байгаа юм.

Уламжлал түүхээ эргэн харснаараа түүнийгээ уран бүтээл болгосноор “The Hu” хамтлаг дэлхийг байлдан дагуулж байх шиг байна л даа.

-За тэгвэл дууны урлагт бас “Но” байнаа даа. Тухайлбал Х.Соёмбо гэдэг продюсер залуу хүний дуулсан дууг хуулбарлан дуулаад түүнийгээ уранбүтээл гэж тооцоод байгаа “дуучин биш дуучин” олон боллоо. Тэднийг хүний уранбүтээлийн хулгайч нар, дууг сөнөөгчид гэж тэр хэлнэ лээ. Энэ талаар таны бодол…?

-“Усны тунгалаг тамирын гол”,”Туулын урсгал шөнөдөө сайхан” гэх мэт дуунуудыг хичнээн дуурайж дуулаад хэн ч Түмэндэмбэрэл гуай шиг дуулж яаж чадах вэ дээ.

Мөн Банзрагчийг, Д.Цэрэнчимэдийг, Нансалмааг дуурайж л байх юм. Гэтэл тэднийг хүмүүс яагаад сонсоод байгаа юм бэ гэвэл дуунд дуртайдаа л сонсоод байдаг болохоос дуучныг нь үнэлээд байгаа юм биш л дээ.

Ингэж хуулбарлан дуулахыг ковер дуу гэдэг. Ковер дуу дуулаачдад ирээдүй байхгүй нь үнэн байх даа. Тэр ч байтугай дуу хулгайлсан уранбүтээлчид ч байсан шүү дээ.

-Та хүний дуулсан дууг дуурайн дуулсан гэдгээс өөр хулгайн тухай сэдэж хэлэв үү?

-Төрийн шагналт гэх Камертоны Болд гэдэг нөхөр гадаадын дууг хуулж дуу хийгээд бөөн юм болж байв даа.

Бас Г.Бирваа гуайн ая “Хөдөөгийн баясгалан” киноны дууг германууд яг хуулаад авчихсан удаа бий. Тэр дууг манай Баяраа дуулсан юм. Бид кино үйлдвэр дээр очиж би гитарыг тоглоод бичүүлж байсан дуу.

Тэрнийг Германууд хулгайллаа гээд тэр жил хэрэг мандаж байв.

Баянмонголын түүхийг будлиулагч Б.Нямдорж гэхэд би “сампи жазз”-ыг бий болгосон. Рок дуурь анх тоглуулсан гэжээ. Энэ худлаа.  Тэр сампи жазз гэдгийг чинь Жамсранжав гуай хийсэн. Рок дуурийг анх хөгжмийн зохиолч С.Тараа анх тоглуулсан хүн нь.

Ийм ил, далд хулгай дуу, хөгжим урлагт цөөнгүй. Энэ нь урлагт мэргэжлийн хяналт, шүүмж судлал гэх юм байхгүй болсны харгай юм. Нэгэн үед дуу бүтээх гэж яадаг байсан гээч үгийг зохиолчдын хороо, аяыг монголын хөгжмийн зохиолчдын холбоогоор батлуулна. Урансайхны зөвлөл гэж бүүр хэцүү даваа байсан. Энэ нь зөв байжээ. Яагаад гэхээр бүтээл чанартай байдаг байлаа.

Одоо тийм хяналт байхгүйгээс чанар чансаа нь сул дуу, хөгжим тоолоод барамгүй боллоо.

Муу үг, ая зохиогчид, дуучид ч олширсон. Энэ бол дуу хөгжмийн хөгжлийг үнэнхүү хойш чангааж байгаа юм л даа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Цэрэннадмид
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.