Л.Болд: ШИНЭ намын бодлогыг ард түмэн чиглүүлж, нэр дэвшигчийг нь тодруулж өгнө

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болдтой ярилцлаа.

-ШИНЭ нам тэргүүтэй улс төрийн намууд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэнд санал хүргүүлсэн байсан. Та бүхэн ямар санал хүргүүлсэн бэ?

-Улс төрийн 20 гаруй нам ажлын уялдаагаа хангаж хамтран ажиллахаар болж холбогдох шаардлагуудаа нэгтгэж байна. Яг энэ цаг үед УИХ Сонгуулийн тухай хуулийг яаравчлан батлах ажилд ороод байгаа. Намуудын зөвлөгөөнөөс Сонгуулийн тухай хуулийг сайжруулах тал дээр бүх саналаа нэгтгээд ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд өглөө. Улс төрийн нөхцөл байдал, цаашид гарах үр дагаврыг олон талаас нь тайлбарласан юм. Шаардлагад сонгуулийг шударга явуулах, намуудын тэгш эрхийг хангах, сонгогчдын эрхийг зөрчихгүй байх. Цаашлаад улс төрийн намууд эвлэлдэн нэгдэх, эвсэл байгуулах эрхээ эдлэх, сонгууль будилаангүй болох, мөнгөнөөс хамааралгүй байх зэрэг гол гол асуудлуудаар шаардлага хүргүүлсэн. Хамгийн гол анхаарал тавьж ярилцсан зүйл бол хар хайрцаг. Өнөөдөр хар хайрцагт итгэх итгэл буурсан. Бид хар хайрцгийг цаашид хэрэглэхгүй байх санал гаргаж байгаа. Монгол Улс цөөхөн сонгогчтой. Хяналтаа тавиад хар хайрцаггүйгээр сонгуулиа явуулах боломж бий. Бусад орон ч ийм жишгээр сонгуулиа явуулдаг. Бид сонгуулиа эргэлзээгүй, үр дүнгээ бүгд хүлээн зөвшөөрдөг болгох тогтолцоо руу орох нөхцөлийг бүрдүүлэх тал дээр саналаа хэлсэн юм. Хэрэв хар машинаар тоолохоор болбол хяналтын тооллогыг 100 хувь хийх хэрэгтэй гэж үзсэн байна. Мөн сонгуулийн тойргийг байгуулахдаа нэг мандатад ногдох сонгогчийн тоог ижил тэнцүү байх зарчимд тулгуурлах нь зүйтэй гэдэг саналыг хүргүүлж байна. Сонгогчийн эрхийг зөрчсөн олон арван заалт уг төсөлд байгаа учраас эдгээр зүйл заалтыг эргэн харж, сонгогчийн эрхийг баталгаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд, ялангуяа авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн, хүн амины хэрэг үйлдсэн, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргээр ял авч, шийтгэл эдэлж байсан хүмүүсийг сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийг нь хязгаарлах нь зүйтэй. Ер нь Д.Тогтохсүрэн дарга саналууд дээр өөрийнхөө зүгээс саналуудыг нааштай хүлээж авлаа. Энэ долоо хоногт ажлын хэсэг дээр дахин нарийвчилж саналуудыг нэг бүрчлэн ярьж байж УИХ-ын төвшинд шийдүүлэхээр бэлтгэл хангаж ажиллахаар харилцан тохиролцсон.

-Та ажлын хэсгийн гишүүн. Ажлын хэсэг дээр танилцуулах боломжтой саналаа парламентад суудалгүй бусад намуудын дэмжлэгтэйгээр хүч түрэх шаардлага байсан уу?

-Ажлын хэсэгт УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл байгаа. ШИНЭ намын хувьд парламентад төлөөлөлтэй гурав дахь нам болж ажилладаг. Бид манай намын хоёр гишүүний санал гээд гүйгээд байхаасаа илүү Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын нэгдсэн санал гэж гаргаж ирэх нь чухал. Учир нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн 35 нам бүгдээрээ нийгмийн сайн сайхны төлөө иргэдийг төлөөлөхөөр мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ бүх хүчийг нэгтгэж Монголын төрд үндэсний эв нэгдлийг бий болгох чиглэлээр бид чармайлт гаргаж ажиллаж байна. Тиймээс ажлын хэсэгт байгаа давуу талаа ашиглан бусад улс төрийн намуудын саналыг УИХ-ын сонорт хүргэхээр өөрсдөдөө хариуцлага аван ажиллаж байгаа юм.

-Энэ удаагийн Сонгуулийн тухай хууль жижиг намуудад халгаатай хууль болох нь гээд байгаа нь хэр үндэслэлтэй вэ?

-Ер нь эрх баригч болгон шинэ намууд болон сөрөг хүчиндээ халгаатай хууль батлах гэж оролддог. Түүнийг нь ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Эрх баригчдыг дандаа шийтгэж ирсэн. Тэгэхээр эрх баригч МАН-ын хувьд түүхэн үнэнийг харгалзан үзэж, сургамж өвч, зөв шударга хууль гаргах тал дээр анхаарах байх гэж найдаж байна.

-Таныхаар ирэх жилийн сонгуулийн үр дүн яаж гарах бол?

-Бүх сонгуулийг үзэхэд эрх баригч нам өөрсдөдөө тохирсон хууль баталж ирсэн. Гэвч тэр хуулийнхаа үр дүнд сонгууль болгон дээр ялагдаж байсан. Эсвэл суудлаа олон тоогоор цөөлүүлдэг байсан. Монголын сонгогчид нэхэл хатуутай байдаг шүү дээ. Тийм учраас өмнөх сонгуулиудтай адил үр дүн гарах байх гэж бодож байна.

-ШИНЭ нам сонгуульд ямар тактикаар оролцох вэ?

-Бидний хувьд дээрээс хүн дэвшүүлдэг, сонголтгүй сонгууль тулгадаг нөхцөлийг бүрэн хаах бодолтой байгаа. Манай нэр дэвшигчид тухайн тойрогтоо амьдардаг хүмүүстээ танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, тойргийнхоо хүмүүсийн дэмжлэгийг авсан байна. Манай нэр дэвшигчид угаасаа дархлагдсан гишүүн биш. АН-ынх шиг мөнгө өгсөн гэдэг утгаараа давуу эрх эдлэхгүй. Ганцхан шалгуур нь тухайн тойргийн сонгогчдын дийлэнх нь хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Энэ шалгуурыг давсан хүнийг нэр дэвшүүлнэ. Түүнээс биш ажил мэргэжил, нас, хүйс гээд ямар нэгэн хязгаар, хиймэл шалгуур тавихгүй гэж хатуу тогтсон.

-Сонгууль ямар ч тогтолцоогоор явсан ШИНЭ нам бэлэн гэж ойлгож болох уу?

-ШИНЭ нам гэхээсээ илүүтэй Монголын ард түмэн бэлэн байна. ШИНЭ намд өөрийн гэсэн бодлого, нэр дэвшигч байхгүй. Бидний бүх бодлогыг ард түмэн хэлж, бидний бүх нэр дэвшигчийг ард түмэн гаргаж өгнө. Өнөөдөр улс төрийн орон зай ийм болчхоод байна. Бүх орон зай албан тушаал эсвэл мөнгөөр хаагдчихаад байна. Ард түмний хүсэл зоригийн орон зайг бид гаргаж өгч байна. Анх 100 гаруй байгууллага нэгдэж байж ШИНЭ намыг байгуулсан. Бидний санаачилга энэ байгууллагуудын дэмжлэгтэйгээр ард түмнийхээ шилдэг төлөөллийг улс төрд гаргаж ирэх том хөдөлгөөн болж хувирна. 2020 оны манай гол онцлог энэ байх болно.

-ШИНЭ намын удирдлагууд орон нутагт олон удаагийн уулзалт хийж байна. Уулзалтаар ард түмэн юу ярьж байна вэ?

-Ард түмэн биднийг дэмжиж, ойлгож байна. Ард түмэн шударга бус тогтолцооноос залхсан нь харагдсан. Шударга бус хонгилыг нураахыг хүсэж байна. Баялгаа авахыг хүсэж, газартаа эзэн байхыг эрмэлзэж байна. Гэвч тэнцвэргүй нийгэмд энэ бүхнийг засахад нам, хүнд найдах боломжгүй гэдгийг хэлж байна. Одоо өөрсдөө төрийнхөө ажилд идэвхтэй оролцож, төрийнхөө эрхийг ард түмэн өөрөө авдаг болохыг уулзалт болгон дээр илэрхийлж байлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны улсын төсөвт хэсэгчилсэн хориг тавьсан. Харин УИХ хоригоос зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэх асуудалд тавьсан хоригийг хүлээн зөвшөөрлөө. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Эрх баригч нам, Засгийн газар төсвөө бүхэлд нь хамгаалж үлдлээ. Гэхдээ ололттой тал нь нийгмийн даатгалын шимтгэлээр дамжиж ард иргэд болон баялаг бүтээгчид дээр ирж байгаа татварын нэмэгдлийг хүчингүй болгохоор болсон. Уг нь манай нам нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг хүчингүй болгох хууль өргөн барихаар бэлтгэж байсан юм. Гэтэл Ерөнхийлөгчийн хоригоор шийдэгдлээ. Үүнийг би 100 хувь зөв шийдвэр гэж үзэж байна. Ард түмнээс нэмж татвар татахаасаа илүүтэй гэмт хэргүүдийн бүрэлдэхүүн болоод алдагдаад байгаа буруу замаар орсон олон тэрбум төгрөгийнхөө учрыг олж, Нийгмийн даатгалын сангаа буцааж бүрдүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр хуулийн байгууллага цаашдаа ажлаа хийх ёстой гэж харж байгаа.

-УИХ-аар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталлаа. Гурван жил гар хүрээгүй байсан хуулийг яаран батлах шаардлага байв уу. Энэ нь сонгууль угтсан ажиллагаа байсан гэх хардлага түрүүлж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг жилийн турш хэлэлцсэнтэй холбоотой УИХ-аар хэлэлцэх ёстой олон хууль хүлээгдээд байсан юм. Ард түмэн ч бухимдаж байлаа. Тиймээс парламент оны эцэст хуримтлагдсан асуудлуудыг яаралтай хэлэлцэхгүй бол болохгүй болсон. Нэгэнт Үндсэн хуультай холбоотой нөхцөл үүссэн тул бусад асуудлаа яаравчлахаас өөр аргагүй. Гэхдээ баяр наадмын үеэр ард түмний эрх ашгийг хохироосон хуулиуд гарчих гээд байдаг. Үүнд сөрөг хүчний хувьд хяналт тавьж, ард түмэндээ байнга мэдээлэх болно. Шударга бус хууль батлагдах гэж байгаа бол түүнийг таслан зогсоохын төлөө тэмцэнэ.

-УИХ-аар ойрын өдрүүдэд хэлэлцэхээр хүлээгдэж буй анхаарал татсан өөр ямар хуулийн төслүүд байгаа вэ?

-Яг одоогоор Сонгуулийн тухай хууль анхаарлын төвд байна. Сонгуулийн хуулиар шударга бус тогтолцоо, хяналтгүй санхүүжилтийн асуудлыг тусгачих юм бол маш хүнд үр дагавар үүснэ. Үүнийг бид анхааралтай ажиглаж байна. УИХ-аар он гараад бусад сонгуулийн хуулиуд, сонгуулийн тойрог тогтоох асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн Зөрчлийн тухай хуулийн хүрээнд манай намаас тодорхой саналууд гаргаж байгаа. Торгуулиар төсөв бүрдүүлдэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Хуулийн байгууллага аль болох зөрчил гаргахгүй тайван амьдралыг бий болгохыг зорих ёстой. Гэтэл зөрчил гарга, зүгээр байж байгааг нь хүртэл зөрчил болго, торго түүгээрээ төсөв бүрдүүл гэдэг нь буруу. Хуулийн байгууллага нь энэ төрлийн уралдаан зарлаад явж байна шүү дээ.

Бидний бүх бодлогыг ард түмэн хэлж, бидний бүх нэр дэвшигчийг ард түмэн гаргаж өгнө

Зээлдэгчдийн эрхийн асуудлыг анхаарах учиртай. Тэтгэврийн зээлийн хүүг тэглэх асуудлыг шийдэх шаардлагатай байна. Олон мянган аж ахуйн нэгж, иргэд зээлийн хар жагсаалтад орсноос тэдний аж ахуйн үйл ажиллагаа доголдож байгаа талаар Зээлдэгчдийн холбооноос мэдээлж байна. Иймд эдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтаас гаргах, өршөөл үзүүлэх бодлого гаргахыг Монголбанкны ерөнхийлөгчид даалгах чиглэлээр ШИНЭ намын зөвлөлөөс ажлын хэсэг гаргаад байгаа. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд тусгай сангуудаас зээл авах эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн. Валютын зээл авсан аж ахуйн нэгжүүд ханшийн зөрүүгээс алдагдалд орж, хохирол амссан талаар гомдлууд их гарч байна. Иймд дэлхийн улс орнуудад мөрдөгддөг дүрэм журмуудыг Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байна. Өөрөөр хэлбэл, валютын ханшны зөрүүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирсан хохирлын тодорхой хувийг Засгийн газар хариуцах нь зүйтэй гэж үзэж, энэ чиглэлээр ажлын хэсэг байгууллаа. Дээр нь бид он гарангуут татварын хуулиудад анхаарна. Нэмэгдсэн бүх татварын үндэслэл, ард иргэд баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэд тусаж байгаа татварын дарамтыг нягталж үзэх болно.

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой томоохон хэргүүд хэрэгсэхгүй болж байна. Үүнийг өөрчлөх чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Хөөн хэлэлцэх хугацааны хувьд авлига албан тушаалын болон эрүүдэн шүүлт зэрэг байж болшгүй гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Энэ саналуудаа ажлын хэсгүүдийн хэлэлцүүлэгт тавиад явж байгаа.

-Б.Содномдаржаа Т.Чимгээ хоёрын талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу. Тэднийг хэзээ суллах вэ?

-Сүүлийн үед бид Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын амь насанд санаа зовж байна. Ялангуяа Т.Чимгээгийн сэтгэл зүй хэцүү болсон. Нарийн төлөвлөгөөтэйгөөр 4-5 жил хүнийг тамлан зовоох ажиллагааг ямар ч хүн тэсэхэд хэцүү. Харин ч өдий зэрэгтэй тэсээд байгаад хүмүүс гайхаж байгаа байх. Үнэхээр тэсвэр хатуужилтай чанга залуучууд юм байна. Өнөөдөр ч бид өмгөөлөгчтэй нь уулзсан. Ар гэрийнхэнтэй нь уулзлаа. Эрүүдэн шүүхтэй холбоотой шинээр үүссэн нөхцөл байдлаар прокурорт хандсан байгаа. Эрүүдэн шүүгчид Төв аймгийн шүүхээс ял авах асуудал нь тусдаа. Тэр нь 30 хоногийн хугацаандаа явж байгаа. Дээр нь Дээд шүүх өөрөө энэ хоёр хүний эрхийг хаасан. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хяналтын шатанд гомдол гаргах шатыг хаагаад өөрөө эрүүгийн танхимыг даргалаад хуульд зөрчсөн шийдвэр гаргасан нь тогтоогдсон. Тэгэхээр хуульд заагдсан хамаарагч тал гомдол гаргавал хяналтын шатны хугацааг сэргээж дахиж хэлэлцэх ёстой. Ер нь хэргийн газраас олдсон хурууны хээ болон бусад нотлох баримтууд дунд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох нэг ч баримт байгаагүй талаар мөн одоо ял эдэлж байгаа хүмүүс буруутай гэдэг нь Ц.Амгаланбаатараас бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдоогүй. “Мөн” гэж гэрчилсэн цорын ганц гэрч болох Ц.Амгаланбаатар нь мэдүүлгээсээ буцсан. Тухайн үед гэрчүүдийн мэдүүлснээр эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр бөгөөд биерхүү байсан. Гэтэл Т.Чимгээ нь Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нараас 20 см намхан биетэй гэхчлэн баримтууд байна. Т.Чимгээд хэрэг хүлээлгэх зорилгоор түүний өмгөөлөгч С.Оюунцэцэгт дарамт үзүүлж байсныг мөн энэ хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч нар бүгд шахалтын улмаас өмгөөллөө зогсоосон талаар тодорхой баримтууд гарч ирээд байгаа. Б.Чимгээ дөнгөж саяхан эмээ болсон байна. Түүний ээж нь маш хүнд байна. Өмгөөлөгчийг очиход хөлнөөс нь зуураад уйлаад явуулдаггүй гэсэн. Ер нь монгол эх хүнийг хэдий хугацаанд хатуу сэтгэл гаргаж тэнгэрийг хилэгнэтэл зовоох юм бэ. Ийм харгис төр гэж байж болохгүй. Хэрэг хийсэн бол шийтгэлээ хүлээнэ гэхсэн. Гэтэл хэрэг хийгээгүй хүмүүс ингэж хилсээр ял эдэлж, хуулийн тогтоом болоод сууж байна гэдэг Монголын эмгэнэл. Энд хүний эрхийн маш том зөрчил үүсээд байгаа. Бид хэн, яагаад хүмүүсийн эрх зөрчихөд үйлдэл болон эс үйлдлээрээ оролцсон болохыг хариуцах бурууг тогтоохоор ажиллаж байна.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудал сонгуулиар “хөзөр” болон ашиглагдах вий.

-Тиймээс л асуудлыг сонгуулийн жил рүү оруулж болохгүй. Яаралтай суллаад хуулийн байгууллага ажлаа хийх хэрэгтэй. Энэ бүх асуудлыг эцэслэн үнэн зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Дээрээс шахсан, тушаасан байдал болон зохиомол хэргээр гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг тогтолцоог бүрэн мөсөн хаах хэрэгтэй. Хариуцсан хүмүүс нь хэргээ хүлээх хэрэгтэй. Яг одоогоор тулгамдсан асуудал энэ байна. Сонгуулиар нэр дэвшигчид, намууд мөрийн хөтөлбөрөөрөө л өрсөлдөх хэрэгтэй. Түүнээс биш С.Зоригийн хэргийг улс төржүүлдгээ болих цаг болсон. Энэ бол хуулийн асуудал. Олон улсын байгууллагын анхааралд өртсөн аймшигтай гэмт хэрэг. Тиймээс олон улсын байгууллагын шаардсаны дагуу хуулийн байгууллага хараат бусаар шийдвэр гаргах ёстой.

-Хэдхэн хоногийн өмнө ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиолоо. Ардчилсан хувьсгалын анхдагчийн хувьд Та хэрхэн тэмдэглэсэн бэ?

-Би ч хөдөө ард түмэнтэйгээ уулзаад нэг ч баярын хуралд оролцож амжсангүй. Намайг ч урьсангүй. Харин УИХ-ын даргаас ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиа гардаж авсандаа баяртай байна. Мөн оюутны хөдөлгөөний 30 жилийн ойн медаль гарсныг нь надад гардууллаа. Анхны оюутны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж байсан. Би оюутны холбооны тухайн үеийн удирдагчийн нэг байсны хувьд 30 жилийн ойн медаль авсан юм. Миний ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэсэн оролцоо гэвэл хоёр медаль л байна даа.

Ер нь ардчилсан 30 жилийн ой гэдэг бол тэмдэглээд байдаг зүйл биш. Эргэцүүлэн бодох цаг үе. Энэ цаг үед яг юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг бодох учиртай. Ялангуяа нийгэм шударга ёсны төлөө дахиад 1990 он шиг тэмцэж байна. Үүнийг өөрчлөх нь ардчиллын ой. Түүнээс биш найр наадам тэмдэглэх нь дараагийн асуудал.


Эх сурвалж: М.Хангал
Zindaa.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-12-17 22:20:02
    Demjij bna. Amjilt. Lu.Bold gishuun zuv shudarga tulagtai tsuuhun gishuudiin neg shuu.
  • Bold oo!!!ard tymen gej heniig hekleh be 2019-12-17 12:29:49
    ene ergyytsen zaluusiig heleh yy?ard tymen ard tymen sig baidag asan bol?saihan aa!!!daanch ergyy tyssan ebchtei ardyyd ikhe baisanj?....
  • Бол 2019-12-17 10:06:43
    Болд өвгөн одоо зөнөжээ улсыг олон жил идлээ одоо болноо
  • Солонго 2019-12-17 09:01:02
    Шударга ёсыг тогтоохоор зүтгэж байгаад талархая. Шүүхийхэн ѳѳрсдийн булхайг хѳѳн хэлэлцэх хугацаа гэдгээр хэрэгсэхгүй болгохыг хүлээж гэмгүй иргэдийг суллахгүй ...
  • мнгл 2019-12-17 07:14:49
    энэ золиг одоо болно улс төрөөр хоолоо олохоо боль тэр хүүхдийн паркын газрыг буцааж өг
  • Бат 2019-12-17 06:11:28
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн шинэ нам сонгоцгоое шинэ хүмүүсий...
  • Zochin 2019-12-17 05:46:32
    Denjij bna. Amjilt husye!