Г.Уянга: Хүн мөнх биш ч өөрийн хийсэн үйл мөнхөд дурсагдах болно
Бид “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Г.Уянгын “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та гэр бүлээ танил­цуулахгүй юу?

-Нөхөр, гурван хүүхэд болон ээжтэйгээ зургуулаа амьдардаг.

-Хүн бүрт хэлэх дуртай үг байдаг шүү дээ. Тэгвэл та ямар үгийг хэлэх дуртай вэ?

-“Ямраар дурсагдахыг хүснэ яг тэгж амьдар”. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө мөнх биш ч өөрийн хийсэн үйл мөнхөд дурсагдах болно гэдгийг сануулсан үг.

-Таны сонирхол, хобби?

-Онцгой сонирхол байхгүй. Чөлөөт цаг гарвал үр хүүхэд гэр бүлдээ зарцуулах дуртай. Ялангуяа сүүлийн үед гэр бүлдээ зарцуулах цаг тун бага болсон учраас зав гарвал гэрийн ажил хийх хоббитой болсон. 

-Хүн бүрт дуртай болон дургүй хоол байдаг шүү дээ?

-Тухайн үед идэхийг хүссэн зүйлээ иддэг. Түүнээс биш түүнд дуртай, дургүй гэсэн зүйл байхгүй.

-Таны багадаа хүсч,  мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?

-Хүүхэд байхдаа дуучин, жүжигчин, циркийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Харин 10 жилд байхдаа багш болох хүсэлтэй байсан бол үүнээс хойш гадаад харилцааны чиглэлийн хүн болно гэх мэтээр олон зүйлийг мөрөөдөж байсан ч эцэстээ сэтгүүлч болсон.

-Өөрийнхөө зан чанарыг тодорхойлооч гэвэл...?

-Ер нь хүнийг их ойлгодог, бусадтай нийцтэй байдаг болов уу гэж боддог. Гэхдээ хүн бүртэй нийцтэй байлаа гээд өөрийгөө ядрааж болохгүй. Үүнийгээ тухайн хүнд илэрхийлж байх ёстой юм билээ. Харин бусад хүмүүс миний талаар ямар бодолтой байх нь нэг чухал биш ч сайн муу зангаа хүнээс сонсдог.

-Согтууруулах ундааны талаар ямар бодолтой байдаг вэ?

-Онцгой зүйл гэж боддоггүй. Хааяа тааруулаад хэрэглэдэг. Хэтрүүлж болохгүй.  

-Таны дуртай спорт?

-Жижигхэн биетэй учраас нэг их спортлог хүн биш. Гэхдээ усан спортоор хичээллэж байсан. Мөн ууланд аврих, алхах дуртай. Энэ ч сонирхлынхоо дагуу Алтай таван богдын Хүйтний оргилд гарч байсан.

-Та стрессээ  хэрхэн тайлдаг вэ?

-Маш ихээр стресстэж байснаа санахгүй байна. Гэхдээ стресст орсон үедээ хүнтэй сайхан ярилцаж тайвшрах байх.

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

-Ээжийн үүргээ гүйцэтгэж байгаа тэр жаргалтай үеийг мэдрэхдээ их таатай байдаг.

-Цаг хугацааг ухраадаг машин байсан бол та аль үе рүүгээ буцах вэ?

-Хүн ер нь хамгийн аз жаргалтай тэр үе рүүгээ очихыг бодддог байх. Түүний нэгэн адил аз жаргалтай хүүхэд нас руугаа очино.

-Таны гар утасны дэлгэцэн дээр хэний зураг байдаг вэ?

-Сайн мэдэхгүй юм /инээв/. Онцгой зураг оруулаагүй юм байна.

-Таныг одоогийн энэ ажлаа соль гэвэл?

-Одоо тийм зүйл бодох завгүй ажиллаж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа мэдээж дуусна. Тийм болохоор дуусах тэр үед л бодох болно. Учир нь би 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө хэрвээ ялагдал хү­лээвэл хэвлэлийн хурал хийж, улстөрөөс бүр мөсөн гарч бай­гаа­гаа дуулгах байсан. Гэсэн ч ху­вь заяа, бурхан надад энэ үүргийг хүлээлгэсэн болохоор дараагийн ажлыг бодох завгүй ажиллах ёстой.

-Та унтахынхаа өмнө юу бодвол хамгийн сайхан амарч чаддаг вэ?

-Сайхан кино үзэх, ном унших, хүүхдүүдтэйгээ тоглож байгаад унтах сайхан. Ер нь хүн юуны ч тухай бодохгүй байна гэж байхгүй.

-Та нэг өдрийн хийх ажлаа дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?

-Ний нуугүй хэлэхэд тө­лөв­лөсөн ажлаа бүрэн дуус­гасны дараа сайхан унтаж амрахыг боддог. Харин амарсныхаа дараа цаашид хийх ажлаа бодож, цэгцэлдэг. Хүн ядрахгүй ажиллаж байж ажлын бүтээмж өндөр байна. 

-Тайван байх үедээ хүн амандаа дуу их аялдаг юм байна. Тэгвэл таны  аманд ямар дуу хамгийн түрүүнд орж ирдэг вэ?

-Өглөө сонссон дуу маань л өдрийн бүтэн аманд аялагддаг даа. 

-Хүн бүхэн толинд хардаг. Таны хувьд өөрийгөө толинд харахад юу бодогддог вэ?

-Өөрийн байгаа байдлаа ажигладаг. Сүүлийн үед толинд өөрийгөө хараад гадаад байдалдаа анхаарах цаг болжээ гэсэн дохиог өглөө болгон өгч байгаа.

-Таны хамгийн аз жаргалтай байсан үе?

-Ээж болсон тэр үе. Эмэгтэй хүн л мэдэрч чаддаг тэр л сайхан мэдрэмж санаанд орж байна. 

-Та зөвхөн өөртөө сард хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Яг өөртөө зарцуулдаг мөнгө тийм их биш. Бага зардалтай л хүн гэж хэлнэ. Багцаагаар 200 мянгаас хэтрэхгүй байх.

-Та анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

-Нүд. Нүд бүх зүйлийг илэрхийлж чаддаг.

-Та бусдыг юугаараа татдаг гэж боддог вэ?

-Бусад хүмүүст дүр эсгэсэн бус сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Сонгогчиддоо ч гэсэн хэлэх үгээ шууд хэлдэг. Байгаагаараа байдаг тэр байдал маань хүнд зүгээр байж магадгүй. Надад ч гэсэн өөрөө байгаагаараа байдаг хүн сайхан санагддаг. Гэхдээ хүмүүс юу гэж боддогыг мэдэхгүй юм.

-Төлөвлөсөн бүх ажлаа дуусгачихаад, буйдан дээрээ суугаад хэдэг цаг телевиз үзэж чадах бол?

-Нэг их хэвтэхгүй байх аа. Тийм цаг надад ойрын үед тохиогоогүй. Хоёр нялх хүүхэдтэй учраас тэдэндээ цаг заваа зарцуулна. Яах вэ, хүүхдүүд том болоод ирэхээр энэ цаг надад ирж магадгүй юм.

-Та авлига, хээл хахуулийн талаар юу гэж боддог вэ?

-Манай нийгмийг хойш нь чангааж байгаа тэвчиж болшгүй зүйл. Үүнийг бид өөрчлөх ёстой. Ялангуяа эмэгтэй гишүүд парламентад орж ирснээр үүнийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?

-Баяртай, ууралсан ямар ч үед сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Энэ нь ч амар байдаг. 

-Танд хайртай хүндээ хэлж чаддаггүй ч дотроо бодож явдаг үг байдаг уу?

-Монголчуудын соёл их даруу шүү дээ. Тийм ч учраас хүндэлж хайрлаж байгаагаа үгээр бус үйлдлээрээ илэр­хийлж ойлголцдог. Миний хувьд ч тэдний нэг. Хайртай, халамжилж байгаагаа үйлд­лээрээ л илэрхийлдэг. Ээж маань миний найдвартай ар тал болсоор ирсэн. Тийм болохоор  ээж, аав хоёртой хязгааргүй хайртай гэдгийг хэлмээр байна. Гэхдээ аав маань саяхан өөд болсон.

-Хүний амьдарч байгаа орон зайг залуу насгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ха­рин залуу насыг хайр дур­лалгүйгээр төсөөлж болш­­гүй. Та залуу насандаа дурлал­даа шаналж уйлж байв уу?

-Тийм үе бий. 

-Та лото бөглөөд их хэмжээний мөнгө хожвол?

-Эхлээд татвараа төлнө. Тэгээд нэг хэсгийг нь өөртөө зориулна. Өнөөдрийг хүртэл манай хүн бид хоёр номын кафетай болохыг мөрөөддөг. Тийм болохоор түүнийгээ нээх байх. Үүнээс гадна нийгмийн сайн сайхны төлөө зарцуулна. 

-Багадаа ямар тоглоомоор их тоглодог байв?

-Шагай их тоглоно. Мэдээж байрныхаа гадаа черта, резин, дээс тоглодог байлаа.

 -Ижил хүйстэн хүмүүсийг хараад та юу гэж боддог вэ?

-Тэд бидний л адил хүн учраас гаднаас нь хараад тэднийг ялгаддаггүй учраас онцгойлж хардаггүй. Гарцаагүй төрөлхийн бол тэднийг бусдаас гадуурхах ёсгүй. Харин ямар нэгэн байдлаар ижил хүйстэн болсон бол үүнийг бид өөгшүүлэхгүйгээр сэргийлэх ёстой. Ижил хүйстнийг хүйсийн цөөнх гэж өргөөд, онцгойлон ярихыг нэг их дэмжихгүй. 

-Айл бүрт гэрэл зургийн цомог байдаг шүү дээ. Та гэрэл зургийн цомгоо хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ?

-Өдөр бүр үздэг гэхэд болно доо. 

-Таны хүүхэд насны баатар?

-Хүүхэд байхдаа даган дуурайдаг баатар маань 10 жилийн багш нар байсан. Бага ангийн багшаас эхлээд чадалтай авъяастай багш нараараа бахархаж, үлгэр жишээ авч, даган дуурайдаг байлаа. Тийм ч болохоор нэг хэсэг багш болно гэж их боддог байсан.  

-Гэр бүлээс гадуурх харилцааг та юу гэж боддог вэ?

-Уянга гэдэг хүнийхээ хувьд таашаах ёстой зүйл биш. Гэр бүлийн бат бөх байдал хамгийн чухал асуудал шүү дээ. Сайн бат бөх гэр бүл байж нийгэм өөрөө сайхан байна. Энэ бол хөгжил дэвшлийн үндэс. Гэр бүл дээр суурилсан төрийн бодлого ч чухал.

-Танд хамгийн олон жил өмссөн ямар хувцас байдаг вэ?

-Ийгл телевизэд нэвтрүүлэгч байхдаа авч байсан пиджак одоо болтол надад байдаг. Загвар нь хуучирсан ч гэсэн одоо болтол надад таардаг болохоор, хаяж чаддаггүй.

-Таныг нэг өдөр эрэгтэй хүн бол гэвэл эрэгтэй хүний хувьд юу хийхийг хүсч байна вэ?

-Нэг өдрийн хугацаанд юу хийх вэ дээ /инээв/. Харин дараа төрөлдөө эрэгтэй хүн болж төрөхөөс татгалзахгүй.

-Таны багын хоч?

-Айхтар хочтой байснаа санахгүй байна

-Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс давуу байх шинж чанарыг та юу гэж боддог вэ?

-Эмэгтэй хүн арай илүү ачаалал даах чадвартай юм болов уу. Янз бүрийн олон ажил амжуулахдаа нэг их түүртээд байдаггүй ч гэх юм уу олон давуу тал байдаг.

-Хэрвээ та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан бол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлт. Үүний тулд бүх улс төрийн намууд нийгмийн томоохон зөвшилцлийг хийхийн төлөөх ажлыг удирдаж эхлүүлнэ.

-Сургуульд сурч байх үеийн тань хамгийн мартагдашгүй, санаанаас гардаггүй өдөр байдаг уу?

-Зургадугаар ангид байхдаа Хөгжим бүжгийн дунд сургуульд  шалгуулах гээд манай ангийн 4-5 охин орсон. Нэгдүгээр шатны шалгаруултад бүгд тэнцээд, хоёрдугаар шатанд би тэнцээд дийлэнх нь тэнцээгүй. Гэтэл би бусдынхаа өмнөөс ороод хоёрдугаар шатанд тэнцээд гараад ирсэн. Гэтэл манай найз Цолмон миний өмнөөс ороод өгөөч гэнгүүт юу ч бодолгүй ороод хүн хуурсан хэргээр ээж аавынхаа үнэмлэхийг хураалгасан. Энэ мөч одоог болтол санаанаас гардаггүй. Ичмээр ч юм шиг.

-Болзсон газраа, цагтаа ирээгүй найзыгаа хэр удаан хүлээх вэ?

-Хүлээлт бол надад тийм их аймаар зүйл биш. Хоцролтын шалтгаан ч гэсэн ойлгомжтой. Ажил төрөл хөнгөхөн бол нэг цаг хүлээж чадна. Хүлээлт байнга байдаг учраас тухайн цагийг ашиглах үүднээс унших ном авч очдог.

-Та амласандаа хүрдэг үү?

-Хичээдэг. Чадахгүй зүйлээ аль болох амлахгүй байхыг хичээдэг.

-Таны хүүхэд нэгдүгээр ангид орлоо гэж бодъё. Та хүүхдээ улсын сургуульд өгөх үү, хувийн сургуульд өгөх үү?

-Улсын сургуульд өгнө.

-Нэг үгээр өөрийгөө тодорхойл гэвэл?

-Ганц үгээр хүнийг тодохойлно гэвэл хэцүү л дээ. Гэхдээ ард түмэн надад өгсөн “Тэмцэгч” Уянга гэдэг үг надад ойр байдаг. Өөрийгөө тодорхойлно гэвэл худлаа.

-Үнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зай бий гэдэг. Таны бодлоор энэ зай хэр хол бол?

-Үнэн худлын хооронд зай бий.

-Таны хамгийн дуртай баяр?

-Баяр бүхэн сайхан. Гэхдээ баяр баяраас илүү шинэ жилийн баярт дуртай.

-Тантай ярилцаж суугаа хүн таны өөдөөс хараад илт худлаа яриад байвал та яах вэ?

-Ийм зүйл УИХ-д байхад илүү их тохиолддог юм шиг байгаа юм. Тийм ч учраас түүнийг нь шууд хэлдэг.

-Дэлхийн ирээдүйн хөгжил ямар байх бол?

-Хөгжлийг бид өнөөдөр их өөрөөр ойлгоод байх шиг байна. Үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, эдийн засаг өндөрт гарсан гэх мэтээр харвал их явцуу зүйл. Гэтэл өнөөдрийн хөгжил ногоон дэлхий, ногоон бодлого гэх мэт ногоон зүйл рүү чиглэж байгаа нь дэлхий нийтээр хүн төрөлхтний илүү дутуу хэрэглээг хангах гэсэн үйлдвэрлэл нь эргээд байгаль дэлхийгээ сөнөөж байгааг ойлгож, ногоон хөгжил рүү явж эхэллээ гэхэд болно. Тиймээс ирээдүйн хүн төрөлхтний хөгжил илүү байгаль руугаа чиглэсэн байх болов уу.

-Танд кинонд тоглох урил­га ирвэл?

-Бага, залуудаа энэ урилгаас татгалзахгүй гэж боддог байлаа. Одоо бол тийм урилга ирсэн ч хүлээж авахгүй.

-Таныг шүүмжлэхэд яаж хүлээж авдаг вэ?

-Шүүмж бүрийн цаана нэг зүйл байдаг. Гэхдээ шүүмжлэл бодитой байх ёстой.

-Таныг эзгүй арал руу явахдаа гурван зүйл авч яв гэвэл?

-Нэг их удахгүй бол амрахад хэрэгцээтэй хоол хүнс, харилцах хүн чухал учраас гэр бүлийн хүнээ авч явна. Үүнээс гадна удахгүй болохоор өөрийгөө амрааж бичиж тэмдэглэх зүйлээ авч явна. 

-Аав, ээжийн чинь хэлдэг байсан хамгийн сайхан сургаал үг юу вэ?

-Аав, ээжийн маань үйл хөдлөл, үг бүхэн нь сургааль болж үлддэг. Манай аав сургааль их хэлж, амьдралын ухаанд сургана. Тэр дундаас аав маань ямарваа нэгэн зүйлийг хийхдээ сэтгэлээсээ хийхийг л их захидаг байсан. Тэр нь ч өөрт их амар байдаг гэж хэлдэг байлаа.

-Хайртай, уучлаарай, салъя гэсэн үгнээс хэлэхэд хамгийн хэцүү нь аль бол?

-Мэдээж салъя.

-Та амьдралдаа тохиолдсон хэцүү үеэ хэрхэн даван туулсан бэ?

-Өөртөө болон байгаа байдалдаа зөв дүгнэлт хийж л даван туулсан. Ажил хөдөлмөр эрхлээгүй 10 гаруй жилийг одоо бодоход хүнд ч байсан юм шиг. Гэхдээ би үүнийг ах дүү, хамаатан садангийн хүчээр даван туулахаас гадна өөртөө дүгнэлт хийж өөрийн алдааг харж л туулсан.

-Улс төр гэдэг юу вэ?

-Бүхэл бүтэн шинжлэх ухаан. Гэтэл энэ үед улс төрийг бүх муу муухай зүйлийн туйл бол­гоод байна. Минийхээр улс тө­рийн салбарт хүчээ сойно гэ­дэг  бас шалгарсан, өөрөө өөрий­гөө даван туулсан хүмүүсийн хийх ажил гэж ойлгодлог. Улс төр надад том бололцоо олгосон. Тийм болохоор нэр хүнд нь унасан улс төрийн буруу хандлагыг өөрчлөх ёстой.

-Зүүрмэглээд байвал нойроо сэргээдэг арга тань?

-Яг энэ үед үнэхээр унтах гээд байвал унтчих хэрэгтэй. Гарцаагүй унтахгүйгээр шийдвэрлэх үе гарвал ямар нэгэн байдлаар шийдэх л байх.

-Та үл үзэгдэгч байсан бол юуг харахыг хүсч байна?

-Сайн мэдэхгүй байна. Магадгүй ирээдүй рүү очих байсан болов уу. 

-Таны очих дуртай газар?

-Гэр, ажил. Байгалийн сайханд очих бас дуртай.

-Бурхан гэж байдаг болов уу?

-Бий.

-Танд байнга хэрэг болдоггүй ч үргэлж биедээ авч явдаг зүйл байна уу?

-Тэмдэглэлийн дэвтэр, үзэг гэх мэт байнга хэрэг болохгүй ч хааяа хэрэг болох зүйлүүд байна аа байна.

-Хэр шударга вэ?

-Шударга байхыг хичээдэг. Тийм ч учраас энэ байдал маань олон нийтэд үнэлэгдээд энэ төвшинд ирсэн болов уу. Гэхдээ тухайн хүн ямар зүйлд шударга байх вэ гэдэг нь бас чухал.

-Таны хамгийн дургүй үг?

-Санаанд орохгүй байна.  Гэхдээ сүүлийн үед хэлэлцэж байгаа хуульд “Эрхзүйн орчин бүрдүүлэх, дэмжих” гэсэн үг их орж байна. Үүнээс болоод “Дэмжих” гэдэг үгэнд их дургүй болоод байгаа. Тодорхой биш, яаж дэмжих нь мэдэгдэхгүй тодорхойгүй үгнүүдэд дургүй. 

-Таны бусдад бэлэглэж байсан бэлэгнээс сэтгэлд тод үлдсэн нь?

-Бусдад нэг их үнэ цэнтэй бэлэг авч өгч байгаагүй юм шиг. Гэхдээ 10 жилээ төгсөөд өөрөө хөөцөлдөж байж бялууны цехэд ажилд орсон. Тэнд маш их ачаалалтай ажиллана.  Мартын 8-ны үед гурав хоног гэртээ ч харилгүй ажиллаж байгаад өөрийн гараар аав, ээждээ бялуу хийх эрх авсан. Тэдэндээ зориулж хийсэн тэр бялуу санаанаас гардаггүй юм.

-Таны уурлахдаа гаргадаг зан чанар?

-Миний уурлаж байгаа нүүрэн дээр илэрдэг юм шиг байгаа юм. Гэхдээ тэвчиж болох хэмжээнд бол тэвчээд өнгөрнө. Болохгүй хэмжээнд бол шууд ил гаргаад хэлчихнэ. Тэр нь ч надад амар.

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн итгэлтэй байдаг вэ?

-Өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ хийж байхдаа болон хамгийн сайн мэддэг үгээ хэлж байхдаа их итгэлтэй байдаг.

-Хүн 18-20 насандаа маш их мөрөөдөмтгий байдаг юм байна. Таны тухайн үед бодож байсан мөрөөдөл хэдэн хувь биелсэн бол?

-Биелж байгаа байх. 20 настай байхдаа сайн ханьтай болж, сайн ээж болно гэх мэтээр гэрэл гэгээтэй төсөөлж байсан мөрөөдөл маань биелсэн. Одоо бол арай өөр зүйл мөрөөдөнө шүү дээ. Тэр мөрөөдлөө биелүүлэхэд миний нас хүрэх үгүйг мэдэхгүй юм.

-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл?

-Англи хэлээ илүү сайж­руулахыг бодож байгаа. Орос хэл ойлгох хэмжээнд.

-Танд хандаж бусдын хэлж байсан үгнээс хамгийн сайхан нь?

-Олон хүн сайхан зүйлийг хэлж байсан. Гэхдээ миний хэн бэ гэдгийг мэдрүүлдэг үгийг сонгогчид хэлдэг. 

-Энэ амьдралын юунд хамгийн их эргэлздэг вэ?

-Шууд хариулахад хэцүү л юм байна. Миний хувьд нэг их эргэлзээд сүйд болоод байгаа юм байхгүй.

-Та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Нэг их сүртэй тэмдэглээд байдаггүй. Харин парламентад орсноос хойш бүсгүйчүүд маань багахан хэмжээнд тэмдэглэж байгаа.  

-Оройтсон ч гэсэн хамгийн их суралцахыг хүсч буй зүйл чинь юу вэ?

-Маш их бий. Олон зүйлд суралцаагүй гэдгээ маш сайн мэдэж байгаа. Ялангуяа түүхийн талаар маш бага уншсан юм байна. Эдийн засгийн талаар илүү сайн мэдлэгтэй болох ёстой ч гэдэг юм уу олон зүйл сурч мэдэхээр өөртөө цаг зав гаргаж байна.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Урвалт.

-Мөнгө гэж юу вэ?

-Мөнгө гарцаагүй чухал зүйл биш. Зүгээр л амьдралын наад захын  хэрэгцээг хангах хэрэглүүр. Мөнгө хамгийн чухал бол нийгэм энрэнгүй, хүнэлэг бус болно. Тийм болохоор зохистой хэмжээнд барих ёстой.

-Ирээдүйн сайхан Монгол орон хэдэн он бол?

-Тэр хугацаа аль болох ойрхон байгаасай. Түүний төлөө ажиллаж байгаа ч гэж боддог. Сайхан ногоон талдаа мал сүрэг нь налайсан, хүн бүр нь сэтгэл хангалуун амьдарлын тэр л хэв маяг Монголын ирээдүй. Гэхдээ үйлдвэржилт, хотжилт байх ч, зөв зохистой байх хэрэгтэй. 

-Та хамгийн сүүлд сэт­гэлээсээ хэзээ инээсэн бэ?

-Байнга л сэтгэлээсээ инээдэг. Өглөө гэхэд л  манай хүүхдүүд босоод цэцэрлэгтээ явна, явахгүй, нүүрээ угаана угаахгүй гэх мэт тэр хооронд инээдтэй зүйл их ярина.

-Энэ нийгэмд засч залруулах зүйл их байна. Таны хувьд хамгийн түрүүнд юу байх бол?

-Маш их зүйл байгаа. Хамгийн түрүүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Нийгмийн маш том зөвшилцөл хэрэгтэй.

-Та ямархуу эмээ болж, хаана хэрхэн амьдрах бол?

-Жижигхэн шар эмгэн байх болов уу /инээв/. Ээж маань одоо манай хүүхдүүдийг харж, ач гучаа тойруулсан хүн бий. Тийм болохоор би тийм л эмгэн болох байх. Бас одоо хүүхдүүдийнхээ багадаа өмсч байсан хувцсыг их хадгалдаг. Тийм болохоор хүүхдүүдээ том болоод айл гэр болж, үр хүүхэдтэй болоход нь тэрийг нь гаргаж өгсөн их л жоортой эмээ болно гэж боддог.

-Маргааш дэлхий сүйрнэ гэвэл амжуулж юу хийх вэ?

-Гомдоосон хүнээсээ уучлал гуйна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байна. 

-Хайр гэж юу вэ?

-Хүний сэтгэлийн хамгийн сайхан илрэл. Эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй, эрчүүдийг аядуу зөөлөн болгодог. Бурханлаг талын хамгийн сайн сайхан илрэл нь хайр.

-Амьдрал гэж таныхаар?

-Үхэл гэж байдаг бодохоор амьдрал юу ч биш юм шиг. Гэхдээ одоо байгаа энэ амьдрал сайхан байна. Хүн болгон энэ үеийг утга учиртай болгох хэрэгтэй. Миний амьдрал их өрнөлттэй сонирхолтой явж байна гэж боддог. Тиймээс энэ хувь тавиланг зөв дааж явах ёстой юм болов уу.

-Та өөрийгөө ямар нэгэн амьтантай зүйрэлбэл?

-Өөрийгөө амьтантай зүйр­лэж байгаагүй. Зарим нь намайг туулай жилтэй учраас туулай шиг гэж хэлдэг л юм. Гэхдээ надад туулай шиг зан чанар байхгүй.

-Одоогийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Хангалуун байдаг.

-Одоог хүртэл та хэр үнэн зөв хариулсан бэ?

-Зөв хариулсан. Гэхдээ зарим асуулт их хүнд байлаа.

-Яг одоо танд төрж байгаа сэтгэгдэл?

-Цаг дөхөж байгаа болов уу. Хэдэн асуултад хариулсан бол гэж бодож байна.
Монголын мэдээ
Буулгасан Э.Пагма
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • goyo 2014-09-26 04:02:20
    Zurag ni goyo garchee, minii duugiin
  • зориг 2014-09-26 02:45:30
    Төрөл бүрээр биеэ үнэлэгч тэрийг нь нөхөр нь зөвшөөрдөг гэж бодохоор сонин гэр бүл
  • Ард 2014-09-26 01:14:53
    хэ хэ, Уянгаа чамайг хүмүүс сайнаар дурсах болов уу?! Амлалт нэхэх үйлс тань юж болсон бэ, бас л хулхи улс төр үү...