"Ард түмнийг солих хэрэгтэй"
/Түрүүч нь http://olloo.mn/n/6975.html  / Үнэн хэрэгтээ бол, 1990 оноос хойш л үзэн ядсан, илт зай барьж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэхдээ В.Путиныг ирэхээс өмнө энэ талаар юу ч ярьдаггүй байсан гэсэн үг л дээ. Тэр үед бид Англи, Америк, Япон гэж гүйгээд завгүй байсан хэрэг. Мөнгөтэй, тарган цатгалан үедээ тоож ч хардаггүй хэрнээ юм гуйх болохоороо “ах дүү, анд найз минь” гээд ирдэг ард түмний үндсэн араншин улстөрд иймэрхүү байдлаар тусгалаа олсон нь энэ.
 
Монголын сонгогчдыг “уяраах” хэд хэдэн арга бий. Хамгийн үр дүнтэй нь өрөвдүүлэх, худал амлах хоёр. “Хөөрхий багадаа зовлон үзсэн хүн гэнэ лээ” гэдэг бор шувуу нисгэчихэд л ямар ч том сурталчилгаанаас илүү үр дүнтэй болдог.
 
 “Нарыг уургалаад хажууд чинь авчиръя” гэж амлахад ‘Тийм юм гэж юу байх вэ, гэхдээ сэтгэл нь сайхан юм” гээд сонгоно уу гэхээс “худалч хог вэ” гэж буруутгах нь харин ч нэг үгүйдээ.
1996 оны сонгуульд Шадар сайд Ч.Пүрэвдорж агсан Ардчилсан намын Р.Гончигдоржтой Архангайн нэгдүгээр тойрогт орж өрсөлдөхдөө “өрөвдүүлэх” тактикийг маш амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Сонгуулийн кампани ид хүчээ авч байх үед Ч.Пүрэвдорж агсны нэр хүнд асар өңдөр, ялах нь ч ойлгомжтой байжээ. Гэтэл яг санал хураалтын өмнөхөн “Ч.Пүрэвдорж УИХ-ын гишүүн байж үзсэн, тэгээд ч удахгүй НҮБ-д Монголыг төлөөлөх төлөөлөгчөөр явах гэж байгаа хүн. Харин энэ Гончигоо хүү юу ч үгүй хоцрох нь” гэсэн яриа гарсан гэдэг. Үр дүнд нь Ардчилсан нам нэг суудал олж авсан. Хэн нэгнийг өрөвдөж, сонголтоо хийх дэндүү гаж арга барил.
 
Биелэх боломжгүй зүйл амлах нь сонгогчдыг татах баараггүй аргын тоонд орно. 2008 оны сонгууль, алдарт “1 сая”, “1.5 сая”-ын амлалтын үеэр өрнөсөн шог жүжгийг санаж бай­гаа хүн байгаа болов уу. Эрх баригч намын дарга С.Баяр долоо хоногийн зайтай “1 сая төгрөг иргэн бүрт тараавал Монгол Улс сүйрнэ”, “1.5 сая бол иргэдэд тараах бүрэн боломжтой тоо” гэж мэдэгдсэн шүү дээ. Энэ амлалт одоо эдийн засгийг сүйрүүлж байгааг бүгд л харж байна. Гэтэл МАН яагаад одоо болтол улстөрийн гол тоглогч хэвээр байдаг хэрэг вэ. Үнэнийг хэрхэд, МАН-ын шинээр санаачилсан зүйл гэж алга шүү дээ. 2008 онд АН-ын “Иргэн бүрт 1 сая” хөтөлбөрийг “1.5 сая” болгож хуулсан. АН ялж, сая төгрөгөө өгсөн бол эдийн засаг арай бага сүйрэх ч байсан юм бил үү. 2012 оны сонгуульд яалаа. Бас л хуулсан. Сонгуулийн гол уриа болгож орох хөтөлбөрөө хэдэнтээ өөрчилснөөс нь үүнийг мэдэж болно.
 
Сонгуулийн өмнө хоёр нам зөвшилцөөд бэлэн мөнгөний амлалт өгөхгүй гэсэн хуулийг баталсан байсан учир арай өөр, “юм” амлахгүй бол болохгүй бай­сан. Гэвч хоёр нам худал амлаад ялалт байгуулсан сайхан жишээ байсан учраас бусад намууд ч худал амлаж эхэлсэн. Мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулж баталгаажуулахаар Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн 11 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийн зургаагаас бусад нь бэлэн мөнгө амалж, Сонгуулийн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан байдаг.
 
Тухайлбал, МАН “Цалин мөн­гөний амлалтыг голлох нь зүйтэй юм байна” гэсэн шийдэлд хүртлээ хоёр ч мөрийн хөтөлбөр боловсруулах гэж оролдсон бай­даг. Эхлээд “Хөгжлийн мод” гэгчийг сэдсэн ч газар аваагүй учир тэгсхийгээд зогссон. Дараа нь Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг сүр дуулиантайгаар баталсан ч Ардчилсан нам дээрх төлөвлөсөн ажлыг нь дөрвөн жилд хийх хөтөлбөр гаргасан тул больсон. Гэтэл одоо энэ хөтөлбөрөө “хосгүй сайхан ”эд байсан мэтээр сурталчлаад эхэлж байх шиг. “Ард түмэн тэнэг юм чинь” мэдээж итгэнэ л дээ.
Сонгуульд ялалт байгуулах хамгийн гол түлхүүр бол нийт сонгогчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн мөрийн хөтөлбөр боловруулж, санал болгох явдал байдаг. Тийм ч учраас аливаа сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн хүчин иргэдэд аль болох байхгүй зүйлийг нь амладаг би­чигдээгүй хуультай.
 
“Хүн байхгүй зүйлээ л хүсдэг” гэж нэг үг бий. “Өнгө, мөнгө, ухаан гурвын алийг нь авах вэ” гэсэн бодлогын зөв хариулт нь. Бодлого нь хошин ч гэсэн хариулт нь үнэн юм шүү. Хүмүүс
энэ асуултад ихэвчлэн “ухааныг авна” гэж хариулах мөртөө зөв хариултыг сонссоныхоо дараа “тэгвэл би мөнгийг нь авна” гэж үнэнээ хэлдэг. Харин сон­гууль болохоор ухаантай харагдах гэж маяглалгүй шууд л үнэхээр байхгүй, хүсч байгаа зүйлээ сонгодог юм. Энэ бол монгол хүний хувьд мөнгө болоод шударга ёс бөлгөө. Монголд өмнө нь олон сонгууль болж байсан. Гэхдээ мөнгө, эс бөгөөс шударга ёс амалсан нь ялалт байгуулж байсан нь үнэн. Өөрөөр хэлбэл, урьд өмнө болж өнгөрсөн бүх сонгуулиуд монголчуудад мөнгө, Монгол Улсад шударга ёс байхгүй юм байна гэсэн гашуун үнэнийг мэдрүүлсээр өндөрлөдөг байлаа.
 
Уг нь бол МАН, АН-ын хэн нь хэн бэ гэдгийг засгийн эрх бариулж үзээд л шийдчих бо­ломжтой. Нэг, нэг сонгуульд ээлжилж ялуулахад найман жилийн дараа ‘Тар нар улс төрийн тавцангаас зайл аа” гээд хэлчих туршлага суучихна шүү дээ. Гэтэл үгүй, монголчууд бол өөр. Хульхидуулаад л, доромжлуулаад л байх нь тэр. Үнэхээр, сонгууль болгоны дараа нэг юм бодогддог юм. “Ард түмнийг солих хэрэгтэй юм байна” гэж...

Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.