Цөмийн хаягдал булшлах, Монголын нутаг дэвсгэрээр дамжуулахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй
Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж найм хоногийн өмнө Японы “Киодо Цушин” агент­­­лагийн сэтгүүлч Ма­сакацу Отаг хүлээн авч ярилцлага өгөхдөө дээрх үгийг хэлсэн билээ.

Түүний хэлсэн үг мар­гааш нь л Японы гол мэдээллийн гол хэрэгс­лүү­дээр цацагдсан. Уг ярилцлагыг жил бүрийн есдүгээр сарын 26 буюу өнөөдөр тэмдэг­лэдэг Цөмийн зэвсгийг хориглох өдөрт зориулан өгсөн билээ.

Япончууд дэлхийн аль ч ард түмнээс илүүтэй цөмийн дайны аюулыг амь, амьдралаараа мэдэрсэн хүмүүс. Учир нь 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөө АНУ-ын “Энола Гей” / Enola Gay/ нэртэй “Б29” бөмбөгдөгч онгоц Хирошимад “Lit- tle Boy” буюу “Бяцхан хүү” хэмээх атомын бөмбөг хаясан бөгөөд үүний улмаас 90-166 мянган хүн амь үрэгдсэн гашуун түүх бий. Харамсалтай нь Хиро­шимаг бөмбөгдсөнөөс гур­ван өд­рийн дараа буюу 1945 оны найм­дугаар сарын 9-нд Нагасакид АНУ-ын “Бокскар” хэмээх өөр нэг “Б29” бөмбөгдөгч онгоц “Fat Man” буюу “Тарган залуу” хэмээх атомын бөмбөг хаясны улмаас уч­руулсан хохирол нь Хиро­шимад хүрээгүй ч 60-80 мянган хүн амь үрэгдэж, халуун галд хуйхлагдсаныг япончууд өнөөдөр ч мар­таагүй байгаа.

Цөмийн зэвсгийн аюу­лыг хэдэн үеэрээ туулж яваа Японы мэдээллийн хамгийн том агентлагт өгсөн ярилц­лага­­даа Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж “Цө­мийн зэвсэгтэй байгаад сайн үр дүнд хүрсэн түүх, сургамж алга байх шиг санагддаг. Монгол Улсын цөмийн зэвсэггүй ста­тусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон бүгд дэмжин гарын үсэг зурж, мэдэгдэл гарга­сан.

Бид эдгээр оронтой хоёр талаараа, ялангуяа хоёр хөрш оронтойгоо энэ ста­тусыг дэмжсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах боломжтой та­лаар ярьж байгаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булш­лах, тээ­вэрлэхийг хо­риг­лох талаар ҮАБЗ маш тодор­хой шийдвэр гаргасан. Энэ асууд­лаар Монгол Улсаас ямар нэгэн албан ту­шаалтан ҮАБЗ-ийн зөвшөө­рөл­­гүйгээр гадны орон, хэн нэ­гэн албан тушаалтантай яриа хэлцэл хийхийг хориглосон.

Монгол Улс энэ талаар хуультай. Монгол Улсад цө­мийн хаягдал булшлах, Мон­гол Улсын нутаг дэвс­гэ­рээр дам­жуулан зөөхийг хэзээ ч хү­лээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол батал­гааж­сан шийдвэр юм. Дараа­гийнх нь ми­ний хувийн байр суурь.

Хэрэв цацраг идэвхт бодисыг хайх, судлах, ашиглахаар болбол Монгол Улсад зөвхөн шар нунтаг хийх хүртэл үйл ажиллагаа байж болох юм. Түүнээс цааш Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг үйл ажиллагаа байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа” гэсэн юм. Цөмийн зэвсэг, ялангуяа орчин үед дэлхий дахины толгойны өвчин болоод байгаа цөмийн хаягдлын талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь ийнхүү товчхон, ойлгомжтой байна.

Цөмийн зэвсэгтэй хоёр их гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 1993 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн дан­гаараа зарласан бөгөөд энэ статусыг механизм бол­гохоор шаргуу чармайн ажиллаж байгаа.

Мөн 2000 онд цөмийн зэвс­гийн талаарх үндэсний хууль тогтоомжоо баталж, Олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээтэй дэмжлэг, тууштай уян хатан бодлогын үр дүнд Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн ста­тус баталгаажсан. Монгол Улсыг дэлхий нийтэд хүлээн зөвшөө­рүүлсэн түүхэн чухал ач холбог­долтой нэгэн үйл явдал 2012 оны есдүгээр сард болсон нь цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хү­лээн зөвшөөрсөн төдийгүй хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ зарлан тунхаг­ласан явдал юм. Монгол Улсад цөмийн зэвсэг хэрэглэн ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй, түүний статусыг хүндэтгэнэ.

Их гүрнүүдийн өрсөлдөөн, геополитикийн өр­сөл­дөөнд шат­рын хүү болгож ашиг­лахгүй, Монгол Улсын нутаг дэвсгэр итгэлцэл, тогт­вортой байдлын талбар, бусдын эсрэг ашиглагдах ёсгүй гэж дээрх таван гүрэн амалсан нь дэлхий дахинд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа болсон.

Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад жижиг улс ч өөрийн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж зо­риг­жуулсан Монгол Улсын энэхүү зоримог алхам нь цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг цогцлоон бай­гуу­лахад бусад улс оронд үлгэр жишээ болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­­доржийн хувь улс­төрчийнх нь нэр хүндийг үлэмж өндөрт өргөж байгаа.

Яг энэ өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцож яваа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уул­захдаа ч дээрх асуудлыг хөн­дөн ярилцсан билээ.

Хэдий­гээр Цөмийн зэвсэггүй бүс анх бий болсноос хойш 39 жил өнгөрсөн ч өнөөдрийн тухайд Антарктид болон сансар, далайн ёроол тэрчлэн Латин Америк, Кариб, Номхон далайн өмнөд хэсэг, Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Монгол зэрэг хүн ам суурьшсан есөн бүс байгаагийн дотор Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг бүхий төв Азийн бүс нутаг энэ статусд хамгийн чухал ач холбогдолтойг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнээс эхлээд олон улстөрчид цохон тэм­дэглэж байгаа.

Өнөөдөр цөмийн зэвсгийг хориглох олон улсын өдөр. Ази тивийн орнуудаас анх удаа өөрийн нутаг дэвс­гэрийг цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан Монгол Улсын хувьд энэ өдөр бас ч чухал тэмдэглэлт өдрийн нэг мөн.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.