
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийгөө яллагдагчаар татагдах шалтгаан байхгүй хэмээн мэдэгдэж Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Түүнийг хоёр асуудлаар яллагдагчаар татсан байна. Иймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр АТГ, цагдаа, прокурорын удирдлагуудад хандан “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д өргөн барьчих, тэрийг чинь УИХ хэлэлцэг” хэмээлээ.
Тэрбээр энэ талаараа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой намайг яллагдагчаар татсан тогтоолд гаргажээ. Би тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж, тайлбар, мэдүүлэг, нотлох баримтуудыг прокурорт өгөхөө мэдэгдсэн. Төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Намайг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаар бичиг хөөцөлдөөд байгаа гэсэн. Тэрийгөө өргөн барь, УИХ хэлэлцэг” гэсэн юм.
Харин хоёр дахь асуудал Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар "Аваар ослын хэрэгт би яллагдагчаар татагдаагүй. Худал мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан” хэмээн мэдэгдлээ.
Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр яллагдагчаар татагдсан асуудал өндрөө аваад байна. Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал хөндөгдөж магадгүй болоод байна.
О.ОНОН