Т.Хүрэлбат: Миний дүү Т.Чимгээ дөрвөн жил шоронд тамын амьдралаар амьдарч байгаа
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан ОУПХ-ын Удирдах Зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий “Түр хороо”-оос ЭРҮҮДЭН ШҮҮЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ! нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хуульчид, судлаачид, хүний эрхийн төлөө тэмцэгчид, эрүүдэн шүүлтийн улмаас хохирсон иргэд, тэдний гэр бүлийнхэн оролцсон юм. 


 
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан “Өнөөдөр Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 67 дэх жилтэйгээ золгож байна.
Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилж, хүний эрхийн ойлголт, хүний эрхийн философийг дэлхий даяар гүн гүнзгий ойлгуулж сурталчлахын тулд өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг билээ.
Монгол улсын дараахь хүний эрхийн Олон Улсын гэрээнүүдэд нэгдэн ороод байна. Үүнд:
• НҮБ-ын хүний эрхийн олон улсын суурь гэрээ
• Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц
• Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт протокол
• Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын II нэмэлт протокол
• Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц
• Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээ, конвенциуд
• Хүний эрхийн олон улсын бусад гэрээ зэргийг нэрлэж болно.
Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенциуд Монгол Улсын хуулийн нэгэн адил Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагууд, прокурор, мөрдөн байцаах газрын ажилтнууд, тагнуулын ажилтнуудын хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч, хүний эрхийн зөрчлүүд газар авч байна гэсэн гомдлууд УИХ дээр олноороо ирэх боллоо. Ийм учраас Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны даргын хувьд өнөөдрийн хэлэлцүүлгийг та бүхэнтэй хамтран зохион байгуулж байна. 
Хүний эрхийн нөхцөл байдал ямархуу байна вэ, Монголын ард түмнийг, жирийн ардын хүүхдүүдийг эрүүдэн шүүж, хэрэг тулгадаг явдлыг таслан зогсоохын тулд монголчууд бүгд хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Хүний эрх гэдэг бол хоосон тунхаг биш, лозун уриа биш ээ. Хүний эрх гэдэг бол бодит зүйл юм. Хүний эрх гэдэг бол бидний үнэт зүйл юм. Хүний эрхийг хамгаалахын төлөө хамтдаа дуу хоолойгоо өргөе” гэлээ.
 
Мөн хэлэлцүүлгийн үеэр С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгт яллагдсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Миний дүү Т.Чимгээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн аймшигт хэрэгт холбогдоод, холбогдуулаад, үндсэндээ дөрвөн жил шоронд тамын амьдралаар амьдарч байгаа. Энэ бүхний талаар би тасралтгүй мэдээлэл хийж, дуу хоолойгоо та бүхэнд хүргэж байгаа хүний нэг байна. 
Эрүүдэн шүүлт гэдэг юмыг би, хэрвээ миний дүүгийн хашаанд цогцос хаяагүй бол, миний дүүгийн толгойд хар уут углаж, миний дүүгийн гарт нь гавтай түлхэж оруулаагүй бол, өвлийн хүйтэнд шүүх хуралд аваачихдаа зөвхөн углааштай авч яваагүй бол, эмэгтэй хүнийг гурван сар усанд оруулахгүй, харанхуй хонгилд хориогүй бол, миний дүүг шөнөөр өөр камераас  эрэгтэй хүн орж ирж, нүцгэн шалдан дарамтлаагүй бол би эрүүдэн шүүлт гэдэг юмыг өнөөдөр Монгол Улсад байхгүй, би Ардчилсан сайхан Монгол Улсад амьдарч байна гэж бодож явах байлаа. Өнөөдөр би энэ бүхнээс хараад, эрүүдэн шүүлт гэж ямар аймшигтай байдаг юм бэ гэж боддог. Тухайн үед би эрүүдэн шүүлтийн талаар шүүх, прокурор, тагнуул гээд бүх байгууллагад хандаж байсан боловч надад хариу хэлж байгаагүй. Тэгэхээр одоо энд эрүүдэн шүүлтийг хэрхэн таслан зосгоох вэ гэдгийг ярилцаж байна. Би иргэн хүний хувьд ганцхан санал хэлье. Би хуульч биш, би барилгачин хүн. Мэдээж, олон хууль санаачлах нь зөв байх. Гэхдээ энэ эрүүдэн шүүлт гэдэг юм яагаад гараад байна вэ гэхлээр улстөрчид, шүүгчид, прокурорууд маш их бохирдсон учраас. Тэгэхээр хуульчдын холбоо гэж том холбоо байдаг юм байна. Тэр холбоо нь ёс суртахууны хувьд тэнцсэн улсуудаа шүүх, прокурорын зохих албанд тавьдаг баймаар байна. Хэн нэгэн даргын дороос татаж гаргаж ирсэн улс өнөөдөр шүүх, прокурорт ажилласнаас болж,  энэ эрүүдэн шүүлт гэдэг юм бий болчихоод байна. Хэрэв ёс зүйтэй, тэгээд тэр сонгон шалгаруулалтыг бүр дороос нь хийж байхгүй бол зүгээр нэг даргын татаасны хүнийг тавих юм бол зөвхөн тэр даргынхаа үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд эрүү шүүлт явагдаад байна. Тийм учраас хуульчдын холбоонд ёс зүйгээр шалгалт аваад, ёс зүйтэй хүмүүсийг л шүүх, прокурорын өндөр албан тушаалд тавьж байгаач ээ л гэж хэлмээр байна” гэлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-12-11 10:00:31
    шүүх прокурор чинь мөнгөтэй хүнд л үйлчилдэг тэр ёс зүйг огт олж харахгүй болсон юм байна лэ бүхэл бүтэн сургууль дампуурсан хүнийг ажилд томилчихсон гээд бод
  • Ганбат 2019-12-11 07:50:56
    Танай дүү шиг хилсдэн гүтгэгдэж алуурчны золиос болсон олон хүн дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гээд бохир шүүх засаглалын тоглоом болсон байна шүү дээ
  • монхоо 2019-12-10 15:27:45
    яг зов