Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцлаа

 Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.05) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ”, 41.2-т “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Болдын Амарбаясгаланг нэр дэвшүүлснийг танилцууллаа. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

    Б.Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна.     Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ.

    Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, О.Баасанхүү, Х.Нямбаатар нар асуулт асууж, үг хэлж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс Үндсэн хууль хэрэгжих үед шүүхийн тухай холбогдох хуулиудыг шинэчлэн боловсруулах тул энэ асуудалд анхаарлаа хандуулах, шүүх, хуулийн байгууллага шударга бус ажиллаж байгааг таслан зогсоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, шүүхийн шийдвэрийг ил тод болгоход онцгойлон анхаарах шаардлагатай гэж байлаа. Түүнчлэн нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, улс төрийн нөлөөнд автахгүй, хууль зүйн ухааны докторын хувьд дээд шүүхийн үүрэг болох эрх зүйн хөгжүүлэлтэд анхаарч ажиллахыг захиж байв.
 
    Ингээд Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд  нэр дэвшигчийг танилцуулсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэхээр тогтов.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-12-05 11:53:47
    Ерөнхийлөгч өө Амарбаясгалан хэр шудрага хүн бэ гэдгийг МУИС-ийн багш нараас асуугаад нээлттэй сонсгол хийгээч