Би өөрөө урлагт үнэхээр хайртай, хүсэл тэмүүлэлтэй байсан учраас өнөөдрийг хүртэл түүндээ үнэнч байж чадаж байгаа
Энэ удаагийн дугаартаа тэртээх 1993 оноос тасралтгүй, ухаршгүйгээр уран бүтээлээ туурвисаар 20 жилийг ардаа орхисон “Хурд”хамтлагийн бөмбөрчин Д.Отгонбаатартай ярилцлаа.

-Яагаад заавал бөмбөр хөгжмийг сонирхож хичээллэх болсон юм бэ. Анх бөмбөртэй холбогдсон түүхийг эргээд дурсвал?

-Уг нь би анх гитар сонирхдог байлаа. Гэхдээ яахав бөмбөрийн хэмнэл цохидог л байсан. Тэр үед Д.Отгонбаяр ах маань “Би гитарчин байхад чи бас гитар хөөгөөд яах юм бэ. Бөмбөр сонирхоод үз. Миний нүдэнд чи бөмбөр тоглож байгаагаар л харагдаад байна. Оролдоод үз. Чадна” гэж хэлсэн л дээ.

Надад ч хэмнэл зааж өгч, цохиулаад л. Ингээд л энэ хөгжмийг сонирхож эхэлсэн. Тухайн үед жинсэн өмднүүдийг задалж оёод, дотор нь элс хийж, тэрийгээ норгож бэлдэнэ. Дээр үеийн орос сандалны хөлнүүдийг тайрж аваад л. Тэр нь их мөлгөр, хүнд болохоор гарын дасгал хийхэд их боломжийн санагддаг байлаа /инээв/.

Тухайн үеийн гарч ирж байсан хамтлаг, дуучдын дууг тоглоод л. Яагаад ч юм өдөр ирэх тусам өөрийн эрхгүй улам татагдаад, улам сонирхолтой болсон доо. Би чинь анх “Хурд" хамтлагийнхаа текникийн ажлыг н.Баярболд ахтайгаа хамт хийдэг байлаа.

Манай хамтлагийн анхны техникч л дээ. Хажуугаар нь бөмбөрийг нь нүдээд л. Тэр үед Д.Ганбаяр ах бөмбөр тоглодог байсан. Энэ талаар манай хамтлагийн тухай номонд ч орсон байгаа даа.

-Анхны бөмбөрөө өөрөө угсарч байсан гэж сонссон юм байна. Энэ тухайгаа яриач?

-Хөдөө орон нутаг, ийш тийш тоглолтоор явж байх үедээ янз янзын эвдэрсэн, муудсан бөмбөрийн сэгүүд цуглуулдаг байлаа. Тухайн үеийн клубын эрхлэгч, хүмүүстэй нь уулзаж гайгүй гэснийг түүж, гуйж байгаад л авдаг байсан юм.

Тэгсээр байгаад өөртөө шар өнгийн бөмбөр босгож авсан. Тэгээд Д.Ганбаяр ахынхаа бөмбөрийн хажууд нөгөөдөхөө зоогоод л дагаж тоглодог байлаа. Ингэж л бөмбөр тоглох гараа минь эхэлсэн дээ.

-Их л уйгагүй байсан гэдэг юм билээ?

-Бэлтгэлээ уйгагүй хийдэг байсан. Өглөөний 09:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл тасралтгүй бэлтгэл хийнэ. Дунд нь ганц удаа л хоол идэж, цай уух гэж нил хөлс болсон амьтан сандлаасаа босдог байлаа.

Ингэж л тасралтгүй бэлтгэл хийдэг байсан. Тэрнийхээ хүчинд “Хурд” хамтлагийнхаа олон сайхан дуунуудын бөмбөрийг тоглосон байх. Эргээд харахад хамтлагийнхаа 200 гаруй дууны бөмбөрийг тоглосон байна.

1996 онд “Чугу” студи дээр бичүүлж байсан “Best album-1,2’’-ын хорин хэдэн дууг хоёрхон өдрийн дотор тоглож байлаа. Тэгэхээр тухайн үед миний бэлтгэл хэр сайн хангагдсан байсан нь харагдах байх.

-Нэгэн үе “Нисванис” хамтлагт харьяапагдаж байсныг нь мэдэх юм байна?

-“Нисванис” хамтлагт 1996 оны тавдугаар сард орж байсан санагдана. Анх орохдоо нэг жилийн хугацаатай л орж байсан. Тэр оныхоо есдүгээр сард “Нисванис” хамтлагтайгаа “Сургууль нураасай” тоглолт хийж байлаа.

Бид маш шаргуу бэлтгэл хийдэг байсан. Их л хөдөлмөрлөсөн дөө. Тухайн үед “Хурд” хамтлагийнхаа техникийн ажлыг давхар хийдэг байсан болохоор ч тэр үү бэлтгэл сайтай байсан.

Тэгээд мөн тэр оныхоо арваннэгдүгээр сард нь “Пентатоник” наадмаас “Шилдэг дебют” шагналыг авч байлаа. Ингээд удалгүй ирэх намар нь “Нисванис”-аасаа гарсан даа. Богинохон хугацаанд байсан хэдий ч эрч хүчтэй, сайхан өдрүүд байсан.

-Анх хэмнэл цохиж эхэлснээсээ гээд бодохоор хичнээн жил бөмбөр тоглочихов оо?

-Одоо яг л хорин жил болж байгаа юм байна.

-Энэ хугацаанд нийт хичнээн бөмбөр элээсэн бол?

-Анхны шар бөмбөрөө маш удаан нүдсэн. Тэгээд сүүлдээ “Tamati” гээд хар бөмбөр авсан. Польш бөмбөр л дөө. Ер тухайн үед Польшоос л бөмбөр орж ирдэг байсан. Шар бөмбөрөө яг яаж алга болгосноо санадаггүй юм.

Харин хар бөмбөрөө “Fire” хамтлагийг дөнгөж байгуулагдаж байхад тэдний бөмбөрчинд өгчихсөн. Тэгээд “Үаmahа” бөмбөртэй болж байлаа. Одоо тоглож байгаа цагаан “Каmа” бөмбөрөө 2001 онд Америкаас авсан.

Саяхан бас нэг жижиг “Үаmahа” авлаа. Нэг “Реаrl авсан. Одоо бол энэ дөрвөн бөмбөртэй л байгаа юм байна. Бөмбөрүүддээ маш их хайртай. Унадаг унаатай минь л ижил байнгын хэрэглээ, амьдрал болжээ. Амьдралын минь салшгүй хэсгүүд болсон гэхэд хилсдэхгүй болж.

-Хамгийн үнэтэй бөмбөрөө хичнээн төгрөгөөр авч байсан бол?

-Сүүлд авсан “Үаmаhа” найман мянга гаруй ам.долларын үнэтэй. Цагаан “Каmа”-гаа 14 мянган ам.доллараар авсан. Цагаан өнгийн бөмбөр илүү классик, дээр нь зөвхөн захиалгаар хийгддэг учраас арай үнэтэй.

-Гадаад улс руу явах болгондоо хөгжмийн дэлгүүрүүдээр ордог байх. Бөмбөрийнхөө цохиурыг ч нэлээд базаагаад авдаг байх даа?

-Цохиурын элэгдэл харьцангуй гайгүй. Эгзэг нь таарвал хугарна гэхээс биш бөх шүү дээ. Гадагшаа явахдаа хайрцагаар нь авчихдаг юм. Гэхдээ бэлтгэл хийдэг цохиур тусдаа, яг тоглолтод хэрэглэдэг нь бас тусдаа. Үнэ ч янз бүр л байдаг юм. 28, 30 ам.долларын үнэтэй нь ч байна.

-Бусад хөгжмийн төрлүүдийг бодвол бөмбөр сонирхогчдод зориулсан гарын авлага товхимол харьцангуй ховор. Яг эх хэл дээрээ энэ чиглэлийн гарын авлага гаргамаар юм шиг санагддаг. Таны хувьд ийм бодол бий юу?

-Яахав ном биш ч гэсэн сургалтын дасгалууд гаргаж л байсан. Одоо энэ интернэт хөгжсөн үед суръя гэсэн хүмүүс юуг ч сурч болохоор болсон байна. Яахав монгол хэл дээрээ гарын авлага гаргачих юмсан гэсэн чин хүсэл, эрмэлзэл байлгүй яахав. Бодож л явдаг зүйл.

-Хэдэн жилийн өмнө бөмбөрийн сургалт явуулж байсан санагдана. Хичнээн шавьтай болсон бэ. Гарын шавь бэлтгэж байна уу?

-Одоохондоо бол хөгжмөө тоглоод л явж байя. Ядаж тавин нас хүрч байж өөрийн гэсэн гарын шавь, урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн бэлтгэнэ дээ /инээв/. Тав, зургаан жилийн өмнө сургалт хичээллүүлж байсан юм. Хорин хэдэн хүүхэд бэлтгэж л байсан.

Гэхдээ одоо заримыг нь хаана, юу хийж явдгийг нь мэдэхгүй ээ. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр сурч байгаад орхичих хүүхдүүд байна. Цаашдаа үргэлжлүүлээд хичээллэх хүсэлтэй хүүхэд ч байна.

H.Пүрэвдагва гээд шавь маань одоо “Х-Vit" хамтлагийн бөмбөрчнөөр байгаа. Яахав юм суръя, мэдье гэсэн хүсэлтэй хүүхдүүд бэлтгэлийн байранд ирээд асуудаг, тоглож үзүүлдэг, утсаар ярьдаг. Тэр болгонд чадлаараа зөвлөгөө өгч, заагаад өгөхийг хичээдэг юм. Өөрийн сурсан мэдсэн, хуримтлуулсан туршлагаа залууст аль болох хэлээд өгөх л хэрэгтэй.

-Тэгвэл бие даасан цомог гаргах тухайд?

-Тийм цомог одоохондоо гаргаагүй л байна. Яахав тоглолт болгон дээрээ бөмбөрийн гоцлолууд тоглодог шүү дээ. Тийм цомог гаргахаас илүү хөгжим зохиох хоббитой.

-“Шанз 3” хамтлаг таны зохиосон аянуудыг тоглодог шүү дээ?

-Тийм. Энэ хамтлагийг үүсгэн байгуулж байлаа. Миний зохиосон аянуудаас тоглодог л юм. Бас “Green mask” гээд бөмбөрийн хамтлагийг бүрдүүлж байлаа.

-“Харанга” хамтлагийн гишүүдийн хүүхдүүд аавуудынхаа мэргэжил, хоббиг өвлөж эхэлж байна. Ц.Энхманлай ахын хүү Э.Мөнх-Оргил гитарчин боллоо. Х.Лхагвасүрэн ахын хүү бас л амьд хөгжмийн хамтлагтай болсон. Харин “Хурд” хамтлагийн гишүүдийн хүүхдүүдээс амьд хөгжим сонирхож, тоглож байгаа хүн байна уу?

-Манай хоёр хүүхэд жаахан шүү дээ. Одоохондоо бол дуулаад л гүйгээд байгаа юм. Жаахан томрохоороо мэдэгдэх байх. Гэхдээ ямар нэгэн зүйлд нэг их хүчлээд хэрэггүй байх л даа.

Би өөрөө урлагт үнэхээр хайртай, хүсэл тэмүүлэлтэй байсан учраас өнөөдрийг хүртэл түүндээ үнэнч байж чадаж байгаа байх. Магадгүй ээж, аав минь өөр зүйлд хүчилсэн бол би ямар ч явах байсан юм билээ. Хүүхэд яаж хөгжиж байгаа нь аяндаа мэдрэгдэх байх.

-Хүүхдүүдээ амьд хөгжим сонирхоно, энэ замыг сонгоно гэвэл зөвшөөрөх нь ээ?

-Зөвшөөрнө. Хүүхдүүдийнхээ мэдрэмж, сонголтыг хүндэтгэнэ. Гэхдээ өөрийнх нь хүсэл, зорилго тэгж их буцалж байна уу, үгүй юү гэдгийг эхлээд харах байх аа. Би өөрөө тэр зүйлийг биеэрээ мэдэрсэн хүн шүү дээ. Түүн шиг буцлаад, түүнийхээ төлөө сэтгэлтэй байвал дэмжинэ шүү.

Манай 20 жилийн тоглолт миний төрсөн өдөртэй давхцаж таарсан. Энэ тоглолтын үеэр “Хурд” хамтлагийн гишүүдийн маань хүүхдүүд бидэнд гэнэтийн бэлэг барьсан шүү дээ. H.Мөнхбаярын хүү нь бөмбөр, Н.Наранбаатарын хүү басс гитар, Д.Отгонбаярын охин соль гитар, Д.Ганбаяр ахын бага хүү бас гитар тоглож, манай хоёр ард нь бүжиглээд, “Чоно” хамтлагийн Д.Дэрмээгийн охин дуулсан.

Хажуунаас нь харахад бол авьяас цухалзаж л байгаа юм. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг ч гэдэг шүү дээ.

-Саяхан орон нутгаар явсан сурагтай байсан. Хаана очиж тоглоод ирэв ээ?

-Ховд аймгийн Зэрэг суманд оччихоод ирсэн. Ерөнхийлөгчийн төрж, өссөн газар юм билээ. Тэнд очиж 90 жилийнх ойн баярт оролцоод ирсэн.

-“Хурд” хамтлаг аялан тоглолтоор их явдаг хамтлагуудын нэгд зүй ёсоор орно. Энэ жилийн аялан тоглолтын хуваарь хэр шахуу байна вэ?

-Тийм шүү. Аялан тоглолтоор их явдаг. Дэлхийгээр тарсан монголчууддаа ая дууны мэнд хүргэх л гэж байгаа юм шүүдээ. Тэгж явахаар Монголдоо уран бүтээл хийхгүй, чимээгүй болчихож байгаа юм шиг харагддаг байх.

Түүнээс биш бид шинэ уран бүтээлүүдээ ч давхар хийсээр л байгаа. Энэ жилийн хувьд хэд хэдэн газарт очиж тоглох төлөвлөгөөтэй байгаа. Европын орнуудаар явах байх. Дээр нь 2004 оноос хойш Японд тоглоогүй. Тэгэхээр тийшээ явах төлөвлөгөөтэй байна.

-Шинэ цомгийн сураг сонссон. Хичнээн дуутай цомог гарах гэж байна?

-“Нарлаг диваажин” нэртэй цомог гаргахаар ажиллаж байна. Цомгийн ажил дуусах тун дөхөж байна даа. 15-16 дуу шилж байгаад оруулна.

-“Хурд” хамтлаг сонсогчдодоо гэнэтийн бэлэг их барьдаг. Өнгөрсөн жил алтан пянз, 200 гаруй дуутай black bох, “Хурд” нэрийн бөмбөр, гитарын цохиур, хүзүүний зүүлт ч худалдаанд гарсан байсан. Дараагийн гэнэтийн бэлэг юу байх бол?

-Төлөвлөсөн зүйл байгаа. Гэхдээ одоохондоо хараахан задлах болоогүй. Ер нь “Хурд” хамтлаг шинэлэг зүйлсийг санаачлахыг хичээдэг. Бид анх удаа “Монголын төрийн далбааны өдөр” гэж зүйлийг санаачилж байлаа.

2005 онд төв талбайд тоглолтоо хийж, энэ үеэрээ Нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтраад “Монголын төрийн далбааны өдөр" гэж зүйлийг санаачилж байсан юм.

-Шинэ тоглолтын тухайд?

-Уг нь бид жил бүр тоглолтоо хийж, тайлангаа тавих гэж хичээдэг юм. Долдугаар сард “Strings” клубтэй хамтран тоглолт хийсэн. Харин яг “Хурд” хамтлагийн өөрсдийн зохион байгуулах, бие даасан тоглолтын тов одоохондоо гараагүй л байна.
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.