Ц.Элбэгдорж Унгар, Эстонийн Ерөнхийлөгч нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 24-нд буюу өчигдөр хоёр талын хэд хэдэн уулзалтыг хийлээ. Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адертай хийсэн уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болж буйг онцлоод Монгол, Унгар орон эртнээс холбоотой, уламжлал ойролцоо улсууд болох талаар ярилаа. Мөн оюутан суралцуулах талаар ярилцаж, хоёр улсын оюутнууд хамтран судлах зүйлс олон байгааг дурдав. Унгар улс нь Европдоо Монгол судлалын төв болж явдаг юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо дахин нээхээр болсонд талархалтай хандаж буйгаа илэрхийлэв.

Унгарын Ерөнхийлөгч Я.Адерийн хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Давосын эдийн засгийн чуулганы Усны менежментийн хурлыг даргалж байхад нь харж, усыг ариг гамтай ашигладаг нүүдэлчний уламжлалаас суралцах зүйл их байгаа талаар  бодож байснаа дурсав. Мөн биотехнологийн салбарт монголчуудтай туршлага хуваалцахдаа бэлэн байгаагаа илэрхийлж, Биокомбинатын шинэчлэлд хамтран ажиллахад таатай байна хэмээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Миланд болох Ази, Европын дээд хэмжээний уулзалтад оролцоод буцах үедээ буюу ирэх аравдугаар сарын 17-18-нд Бүгд Найрамдах Унгар улсад хийх ажлын айлчлалын үеэр бусад зүйлийг дэлгэрүүлж ярилцахаар тохирлоо.

Үүний дараа Эстони улсын Ерөнхийлөгч Тоомас Хендрик Илвестэй уулзсан юм. Хүн амын хувьд Монголтой ойролцоо Эстони улс цахим засаглалаараа дэлхийн хэмжээнд тэргүүлэгчдийн тоонд ордог. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эстонийн цахим засаглалын тогтолцооноос туршлага хуваалцах хүсэлтэйгээ илэрхийлж, цаашид мэдээллийн технологийн салбарт харилцаагаа өргөжүүлэх боломж бийг дурдав. Мөн тус улсын шатдаг занар ашиглаж ирсэн арга замыг сонирхож байгаагаа илэрхийлэв. Эстонийн Ерөнхийлөгч Тоомас Хендрик Илвесийн хэлснээр тус улс зуу гаруй жилийн өмнөөс занар боловсруулж ашиглаж иржээ. Туршлага их, технологи нь сайжирч чаджээ. Цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээний 95 хувийг, шатахууны хэрэглээний 50 хувийг занараас гаргаж авдаг байна. Өнгөрсөн жил Эстони улсын хүлээж байсан “Цахим эрх чөлөө эвсэл”-ийг даргалах үүрэг одоо Монгол Улсад ирээд буй. Эстонийн зүгээс Азийн орнуудыг эвсэлдээ нэмж оруулах тал дээр хичээн ажиллахыг хүсэв. Мөн цахим эрх чөлөөний талаар НҮБ-ын тогтоол санаачлан гаргах тал дээр хоёр тал хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Ирэх жилийн тавдугаар сард манай улсад болох “Цахим эрх чөлөө эвсэл”-ийн хуралд Эстонийн Ерөнхийлөгч  Тоомас Хендрик Илвес өөрийн биеэр оролцох юм байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.