ДОХ-ын халдвар авсан 281, нас баралтын 44 тохиолдол бүртгэгдээд байна
Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 31 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд энэ 2019 онд ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор "Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулах юм.

Монгол улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны 10 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. 

Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогдсон байна.

ДЭМБ-аас зөвлөмж болгосон өндөр идэвхт ретровирусийн эсрэг эмийг ХДХВ-ийн халдварын эмчилгээ, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлт, мөн эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хэрэглэдэг.

Ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн, 2003-2013 онд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94,919 ам.долларын санхүүжилтээр худалдан авч, хэрэглэж байсан. Харин 2013 оноос эм, оношлуурын зардалд жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гарган, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд хэрэглэж байна.

ХДХВ, ДОХ-той нэг хүний нэг жилд хэрэглэх ретровирүсийн эсрэг эмчилгээнд 1.5-аас 4 сая төгрөг зарцуулдаг, тухайлбал ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх РВЭЭ болон бусад эмийн зардалд жилд 2.5-аас 3 сая төгрөг зарцуулж байгаа талаар ярилаа.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.